Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) зарим төлөөлөгчид 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр А.Баярыг хурлын үйл ажиллагааг санаатайгаар хязгаарладаг, шөнийн цагаар ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг өгсөн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Улмаар уг асуудалтай холбоотой дүрс бичлэг цахим орчинд тархаад байна.
Харин дээрх асуудалд НИТХ-ын дарга А.Баяр тайлбар өгчээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шадар сайдаар ахлуулсан Дэлхийн адууны өдрийг эх орондоо зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар миний бие ажиллаж байгаа. Энэ бичлэг дээр гарч байгаа залуус ажлын хэсгийн видео танилцуулга зэргийг хийж буй залуус. Тухайн өдөр ажлын хэсгийн хуралдаан дуусаад видео, график, монтаж хийдэг уран бүтээлчид үлдэж Дэлхийн адууны өдрийн танилцуулга хийсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд сууж ажиллах өрөө тасалгаагаар хангасан төдий. Гэмгүй уран бүтээлч залуусыг улс төрд хутгах хэрэггүй. Бүх талаар харлуулж, гуйвуулж, юу эсийг наах гэж оролдох байх… Айж ичих юм алга” хэмээн мэдэгдсэн байна.