-БҮХ НИЙТЭЭРЭЭ ДАГАЖ ХЯМРААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ-
Францын нийслэл Парис хотноо болсон ФАТФ-ын хурлаар Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан гэх мэдээллийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон бусад албаны хүмүүс мэдэгдсэн. Хэдийгээр ФАТФ-ын албан ёсны шийдвэр олон нийтэд ил болоогүй ч албаныхан түрүүлж мэдээллээ авсан нь энэ юм. Монгол улс “Саарал жагсаал”-д орсноор эдийн засгийн хувьд гадны улсуудтай харилцахад хүндрэлтэй болж, томоохон сорилтыг туулах юм.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.
-Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан гэх мэдээлэл байна. Ингэснээр эдийн засгийн хувьд хүндхэн нөхцөл байдалд орох нь тодорхой болж байна?
-Тийм зүйл болохгүй. Урьд нь яригдсан хэлэлцээрүүдийг баталгаажуулж ФАТФ-ын хурал дээр эцсийн байдлаар шийдвэр гаргаж түүнийгээ зарлана. Урьдчилсан мэдээллээр “Саарал жагсаалт”-д орох магадлал өндөр байна. Та бүхнээс хүсэх хүсэлт байна. Утаа гэхээр буруу тал руу нь мушгин гуйвуулж, чирж унагах гээд байна. Үүнтэй адил саарал жагсаалтын асуудлыг ч мөн их улс төржүүлж байна. Энэ нь их аюултай. 2011-2014 онд Монгол улс саарал жагсаалтад орж л байсан. Тэгэхэд манай эдийн засаг ч мэдрээгүй, хүмүүс ч мэдэлгүй өнгөрч байсан. Бид ажрахгүй давж л байсан шүү дээ. Харин энэ удаагийнх цаг хугацааны хувьд сонгууль ойртсон үедтэй давхцсан нь улс төрийн сэдэв болгох нөхцөл бүрдүүлчихлээ. Хүмүүс энэ асуудалд өөр, өөрсдийн өнцгөөс хандаад байна. Саарал жагсаалтад орсноор эдийн засагт хүндрэл үүснэ гээд яриад байвал ард иргэдийн эдийн засгийн харилцаанд орж буй бүх талын хүлээлт унаад улам хүндэрч мэднэ. Тэгэхээр үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. ФАТФ-ын шийдвэр вэб сайт дээр нь гарахаархараарай. Хяналтын жагсаалт гээд хэдэн улсыг л жагсаасан байдаг. Түүнээс эдгээр улсуудад ийм хугацаанд дэлхийн нийтээрээ эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж бичдэггүй.
2014 оноос ФАТФ-аас хяналтын нэгж байгуулаад жил бүр дэлхийн бүх улс гүрнүүдэд хяналт явуулж байсан. 2017 онд хийгдсэн хяналтын дараа одоо яригдаж буй дөрвөн асуудал буюу Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Мөнгө угаалттай холбоотой гэмт хэргүүд гарсаар байтал хариуцлага хүлээх шийдвэр оногдуулаагүй, Банкнаас гадна хяналтгүй мөнгөн урсгалууд их байна гэдэг дүнг гаргасан. Хяналтгүй их хэмжээний мөнгөн урсгал байгаа нь мөнгө угаалт байж болзошгүй учраас үүнийгээ хянах хэрэгтэй. Ялангуяа санхүүгийн зохицуулах хороо ажиллах хэрэгтэй гэсэн асуудлыг тавьсан байна. Тэгэхээр энэ асуудлаа л шийдэх хэрэгтэй. Энэ чинь эдийн засгийн хүнд доройтолд орчихоор хүнд асуудлууд биш байгаа биз дээ. Хууль эрх зүйн хувьд л засаж, сайжруулах шаардлага бий. Тэгэхээр бүх нийтээрээ дагаж хямраад байх шаардлага, шалтгаан үгүй.
-ФАТФ-ЫН ШИЙДВЭРИЙН АРААС ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГ
АРГА ХЭМЖЭЭНҮҮД АВАГДДАГГҮЙ-
-Хамгийн гол нь саарал жагсаалтад орсон улстай бусад улс орнууд эдийн засгийн ямар нэгэн харилцаа үүсгэхгүй шүү дээ?
-Саарал жагсаалтаас богино хугацаанд гарахын тулд Засгийн газар, УИХ, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн байгууллагууд ажлаа хуваарилаж аваад ажиллах хэрэгтэй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Зургаан сарын дотор саарал жагсаалтаас гарах боломжтой” гэж ярьсан байна. Засгийн газар богино хугацаанд энэ жагсаалтаас гарна гэж харж буй нь сайн хэрэг. ФАТФ-ын шийдвэрийн араас залгуулаад эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авагддаг зүйл огт байхгүй. Монгол улс дэлхий нийтийн санхүүгийн бүх харилцаанд орсон. Дараагийн бонд гаргах, зээлжих зэрэглэлээ сайжруулах асуудал гарвал манай улсад ирж маш олон үнэлгээг хийнэ. Тэр олон үнэлгээний нэг нь л саарал жагсаалт байх юм. Манайд тавих үнэлгээг л хойш татах юм. Түүнээс бүрэн шалтгаан болоод л бүх эдийн засгийн харилцаа зогсож, хөрөнгө оруулалтыг хаахгүй. Банкны картыг хаана гэж яриад байна. Тийм зүйл огт болохгүй. Банкууд гадаад дахь банкуудаар дамжуулан төлбөр тооцоо хийдэг. Эдгээр харилцаа сүүлийн жилүүдэд хумигдаж байгаа. Шалтгаан нь саарал жагсаалт огтоос биш. Манай санхүүгийн бизнесийн л шалтгаан байгаа юм. Манай эдийн засгийн санхүүгийн зах зээл маш бага байна. Гэхдээ өртөг өндөртэй, хэл ам ихтэй, тогтворгүй байгаа нь гадаадын банкуудын манайтай харилцах зардлыг нэмэгдүүлээд байгаа юм. Манайхтай харилцах нь ашиг олохоос илүү зардалтай байгаа учраас харилцаагаа тасдаад байна.
-Саарал жагсаалтад орсон дөрвөн шалтгааны нэг нь арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр нь тодорхой бус байна гэсэн байна. Банкуудын энэ үйлдлийг бохир байна гэж үзээд байгаа юм уу?
-Энэ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбоотой юм. Банкууд дүрмийн сандаа нэмж оруулсан мөнгөө энэ хуулийн дагуу тайлагнасан. Ийм хуулиудын үзэл санаа нь нэг удаа эдийн засгаа нээгээд мөнгөө оруулж ирээд л буцаад хаадагт оршдог. Гэтэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль одоо ч манайд нээлттэй байна. Банкуудтай холбоотой дүрмийн сангийн асуудал өнгөрсөн жил яригдаж л байсан. Одоог хүртэл уг хуулийн хэрэгжилтийг зогсоогоогүй байна. Энэ хуулийн үйлчлэлийг яаралтай зогсоох ёстой.
-БИД ХОЙД СОЛОНГОСООС АЖИЛЛАХ ХҮЧИН АВДАГ. ХАР ЖАГСААЛТАД ОРСОН УЛСУУДТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНД ОРОХОД МАШ ТААГҮЙ ХАНДДАГ-
-Зарим сайд Хойд Солонгост зэвсэг нийлүүлсэн нь саарал жагсаалтад орохд нөлөөлсөн гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой вэ?
-Би үйл явцыг нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ ФАТФ-аас хар болон саарал жагсаалтыг гаргадаг. Хар жагсаалтадХойд Солонгос, Афганистан, Ирак, Иран, Сири гэх мэт 10 гаруй улс бий. Эдгээр улс гүрнүүдтэй эдийн засгийн харилцаанд ороход маш таагүй ханддаг. Эдийн засагт дэмжлэг үзүүлдэггүй. Бид Хойд Солонгосоос ажилчид авдаг. Хэрвээ Хойд Солонгостой зэвсэг энэ тэр нийлүүлсэн бол ФАТФ таагүй ханддаг.
-Банкуудын гадаад гүйлгээг хаасан гэж зарим нэг улс төрч мэдэгдсэн. Таньд сонссон зүйл бий юу?
-Тэгэж ярьж болохгүй ээ. Банкуудын гадаадтай харилцах харилцаа хумигдсан талаар би түрүүнд ярьсан. Тэр л шалтгаан юм. Өмнө нь нэг банк гадаадын гурав, дөрвөн банктай харилцаж төлбөр тооцоогоо хийдэг байсан. Одоо тийм зүйлгүй болсон. Том банкууд нь ганц, ганц л банктай харилцдаг болсон. Манай эдийн засгийн макро түвшний тогтворгүй байда гадаад талдаа ойлгомжгүй байдал бий болгоод байна. Тэр бүрд манай мөнгийг шалгах, асуух хэрэг гарна. Энэ үйл ажиллагааны зардал нь өндөр болоод байгаа учраас манайхтай харилцахгүй байгаа юм.