ВИДЕО: Биеэрээ дүүрэн шархтай олдсон "Анир" нохойг залуус гурван сарын турш эмчилж эдгээжээ

ВИДЕО: Биеэрээ дүүрэн шархтай олдсон "Анир" нохойг залуус гурван сарын турш эмчилж эдгээжээ

Хүнд өвчтэй олдсон Анир нэртэй бяцхан нохойг “Азтай савар амьтдад хайртай залуус" ТББ-ын Ц.Болормаа сайн дурын ажилтан Б.Тэмүүлэн нар аварч гурван сар эмчилгээ хийлгэж асарчээ. Уг түүхийн эзэн долоон сартай "Анир" нохойг бид "Хүүхдийн баяр"-ыг тохиолдуулан бэлтгэж байгаа iSee.mn сайтын Social ID буландаа онцолж байна.

ВИДЕО: 

-Б.ТЭМҮҮЛЭН: ӨВДСӨН АМЬТАН ОЛООД ЭМЧИЛЖ ТЭЖЭЭХ, ХУДАЛДАЖ АВААД ӨСГӨХӨӨС ШАЛ ӨӨР МАШ ГОЁ МЭДРЭМЖ БАЙДАГ-

Үс нь зулгарч унасан, шарх сорвиор дүүрэн босох тэнхэлгүй олдсон Анир нохой одоо цагаан үстэй сэргэлэн нохой болжээ. Түүнийг аварсан “Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ-ын сайн дурын ажилтан Б.Тэмүүлэнтэй  ярилцлаа.

-Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу? Намайг Б.Тэмүүлэн гэдэг. Би “Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ-д сайн дурын ажил хийдэг.

-Анир нохойг хаанаас яаж олсон бэ?

-“Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ-ын грүппд нэг хүн хашаанд орж ирсэн өөрөө өсгөх боломжгүй өвдсөн нохой байна туслаарай гээд пост бичсэн. Постын дагуу маргааш нь унаа хайж олоод шууд мал эмнэлэгт хүргэж, амьтанд хайртай залуусаас тусламж хүсэж Анирын эмчилгээний хандивын аяныг эхлүүлсэн. Хандив цуглуулах үйл явцад би өөрөө оролцож тусалсан.

-ГУДРАГА ӨВЧИН ТУССАН НОХОЙН 99 ХУВЬ НЬ ҮХДЭГ ХАРИН АНИР МААНЬ ДАВААД ГАРСАН-

Анир гурван сарын өмнө

-Анх олоход нохойн биеийн байдал ямар байсан бэ?

-Ойролцоогоор дөрвөн сартай “Охин гөлөг” байсан. Биеийн байдал нь нэлээн хүнд өвчнөө мэдрэхгүй. Бие нь битүү шарх, нуруу хэсэг нь үстэй байсан боловч үсийг нь зөөлхөн татахад л зумраад унаж байсан. Шархыг нь оролдож байгааг ч мэдэхгүй. Унтах гээд л толгойгоо унжуулаад, мэдрэлгүй, тэнхээгүй ямар ч дархлаагүй байсан.

-Ямар эмнэлэгт хэдий хугацаанд эмчлүүлсэн бэ?

-Нохойгоо олоод шууд хүргэсэн эмнэлэгт 10 гаруй хоног эмчлээд дээрдэхгүй байсан учраас “Азтай савар Амьтанд хайртай залуус" ТББ-ын Ц.Болормаа  эгч гэртээ ойр манай байгууллагатай хамтран ажилладаг “SOS мал эмнэлэг”-т шилжүүлж нарийн шинжилгээ хийгээд бүх үсийг нь хусаж дахин эмчилгээ эхлүүлсэн. Анирын эмчилгээг н.Оюунбилэг, н.Цэрэнчимэд эмч нар хариуцаж хийсэн.

-Эмчилгээний явцад хүндрэлтэй асуудал байсан уу?

-Эмчилгээний явцад биеийн байдал нь дордоод нэг л сонин шинж тэмдэг үзүүлж эхэлсэн. Шинжилгээ хийж үзэхэд гудрага гэдэг өвчин илэрсэн. Тээж явсан юм байна лээ. Гудрага өвчин туссан нохойн 99 хувь нь үхдэг. Ялангуяа баг настай нохой бүр найдваргүй байдаг юм. Тиймээс тухайн үед хийж байсан арьсны бүх эмчилгээгээ  зогсоож гудрага эмчлэх эмчилгээнд орсон. Таталт өгөөд эхэлбэл найдваргүй гэж үздэг учраас гайгүй байгаа дээр нь гээд Болормаа эгч  гэртээ авч өөрөө асарч эмчилгээнд оруулж байсан. Сайн эмчилгээ, сайн хүмүүсийн ачаар Анир маань даваад гарсан.

Анир. 2022.05.31

-Одоо бүрэн эдгэрсэн үү? Харахад өнгө зүс ороод их хөөрхөн болсон байна?

-Одоо Анирын бие нь тэнхрээд нэлээд сайн байгаа. Нуруун дээрээ нэг том шархтай байсан. Тэр нь эдгэрсэн. Одоо бол тав нь унаад үс нь ургах процесс явагдаж байна даа. Хүнд өвчин учраас толгойн дохилзож, нүд нь анивчдаг шинж тэмдэг үлдсэн байгаа. Өвчин нь бол бүрэн эдгэрсэн.

-УРТ ХУГАЦААНД ХҮНД ӨВДСӨН БОЛОХООР НИЙГЭМШИЛ МУУТАЙ БОЛСОН-

Анир. 2022.05.31

-Цаашдаа нохойгоо өөрсдөө өсгөх үү? Хүнд үрчлүүлэх үү?

-Бид өөрсдөө өсгөх боломжгүй байсан ч чадахаараа туслаад эзэнгүй амьтдыг аварч сайн эзэнтэй болгодог. Одоо Аниртаа сайн эзэн хайж байгаа.

-Үрчлүүлэх хүндээ шаардлага тавьж байгаа юу? Ямар хүнд үрчлүүлэх вэ?

-Анир маань хүнд өвдөж, олон сар тэмцсэн арчилгаа шаардлагатай учраас амьтанд хайртай. Түүнийг минь ойлгож, тэжээж чадах сайн эзэнтэй болгохыг л зорьж байна даа.

-Зан авир нь анх ямар байсан. Одоо ямар болсон бэ?

-Урт хугацаанд хүнд өвдсөн болохоор нийгэмшил муутай. Гудрага өвчин нохойд халддаг учраас гурван сараас эхлээд огт гаргаагүй Болормаа эгч гэртээ асарсан. Тиймээс одоо гадаа гарахдаа дуу чимээ бүх юмнаас айдаг. Бас анх айлын хашаанд байхдаа уяатай хэвтэж байсан болохоор байгаа газраа шээж баадаг байсан. Тэрнээс нь салгах гэж Болороо эгч нэлээд ажилласан юм байна лээ. Одоо зүгээр болсон.

-ТООС ШОРОО, ОРЧНЫ БОХИРДЛООС БОЛЖ ХОВОР ӨВЧНӨӨР АМЬТАД ӨВДДӨГ-

-Таны хувьд өмнө нь яг Анир шиг ийм хүнд өвчтэй амьтан аварч байсан уу?

-Би болохоор амьтан аварч эхлээд ойролцоогоор 2,3 жил болж байна. Энэ хугацаанд 50-60 амьтан аварсан. Тэр дунд Анир шиг өвчтэй нохойнууд олон байдаг. Нохойд элбэг тохиолддоггүй өвчин сүүлийн үед их тархах болсон. Анирын өвчнийг ХААИХ, Мал эмнэлгийн хүрээлэн нэлээд сонирхсон. Монголд яагаад ийм өвчин гараад байгаа билээ гэдэг асуудлыг авч үзсэн. Тэгсэн тоос шороо, орчны бохирдлоос болж ховор тохиодог өвчнөөр амьтад өвддөг юм байна лээ.

-Өвдсөн хаягдсан амьтдыг олж аврахад эмчилгээний зардлаас эхлээд асуудлууд их байдаг байх тэр бүрд яаж болгодог вэ?

-Очоод авах гэхээр машин байхгүй, Мөнгө байхгүй гэх мэт олон асуудал тулгардаг. Гэсэн ч амьтдыг аврах гэж бүх чадлаараа хичээдэг. Мөн манай амьтанд хайртай залуус сэтгэлээрээ тусалдаг. Анирыг маань эмчлүүлэхэд маш олон хүн тусалсан. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна.

-Гудамжнаас олсон нохой авахгүй ч гэдэг юм уу? Эдгэрсэн, аварсан амьтдаа үрчлүүлэхэд асуудал гардаг уу?

-Өнөөдөр л гэхэд манайх руу нэг хүн холбогдоод, “Шинэ нохой байна уу” гэж асуусан. Тэр нь надад муухай санагдсан. Бид амьтдыг авраад сайн эзэнтэй болоход тусалдаг. Эзэнгүй аврагдсан амьтад байдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

- ӨВДСӨН БАЙХАД НЬ АВАРЧ ХӨӨРХӨН БОЛГОХ, ТЭЖЭЭХ МАШ ГОЁ МЭДРЭМЖ БАЙДАГ-

Анир. 2022.05.31

-Таны хувьд шинээр муур, нохой үрчилж авч буй хүмүүст өгөх зөвлөгөө байна уу?

-“Мэдээж та бүхэн сонирхлоороо үүлдэрийн нохой худалдаж аваад тэжээж болно. Гэхдээ энэ эзэнгүй амьтдаа битгий орхиорой. Энэ амьтдад туслаарай. Болж өгвөл гудамжнаас амьтан олоод эмнэлэгт үзүүлээд, эмчлээд тэжээгээрэй” гэж уриалмаар байна.

-Өвдсөн амьтад олж эмчлүүлээд эдгэрсэн байгааг нь харах, өсгөх мэдрэмжээ хуваалцаач?

-Худалдаж аваад тэжээх, эдгээгээд өсгөх мэдрэмж нь шал өөр шүү дээ. Нохой, муур яг хүнтэй адилхан. Мах цуснаас бүрдсэн байдаг учраас өвдөнө. Тийм болохоор өвдсөн байхад нь асарч тэнхрүүлээд, тэжээх маш гоё мэдрэмж байдаг. Миний хувьд мартагдахгүй сайхан дурсамж болж үлддэг дээ.