Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас ирүүлсэн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ.
Д.Ганмаа гишүүн есдүгээр сарын 30-ны Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өөрийг нь заналхийлсэн гэж үзэн гомдол гаргажээ. Энэхүү гомдол, хүсэлтийн дагуу Ёс зүйн дэд хорооны даргаас УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 10.4-т “Гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Байнгын хорооны дарга хүлээн авч Байнгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлнэ” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ч.Номин, Д.Энхтуяа нарт хянуулахаар хүргүүлсэн байна. Уг асуудлаар дээр нэр дурдсан гишүүд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 10.4.1 дэх заалтын дагуу УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Ж.Чинбүрэн, Г.Лувсанжамц нартай тус бүр биечлэн уулзаж, тайлбар, саналыг сонссон байна.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа "Өргөдлийн байнгын хороогоор эмч, багш нарын цалин нэмэх асуудлыг хэлэлцэх үеэр би асуулт асуухад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Байнгын хорооны хуралдааны дэг, ёс зүйг зөрчиж, намайг сүрдүүлсэн үйлдэл гаргасан. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, цаашид Засгийн газрын үйл ажиллагаа, салбарын асуудлаар үг хэлэх, асуулт асуух эрхэд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэж байна. Мөн энэ үйлдлийнхээ талаар тэрээр дараа нь хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээнд “Би хохь нь гэж хэлээгүй”, “Зүгээр л чанга ярьсан” гэх мэт бодит бус мэдэгдэл хийж, “Хулгайчид айж байна” гэх ёс зүйгүй үг хэлсэн тул олон нийтийн өмнө уучлалт гуйх ёстой гэж үзэж байна" гэжээ.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ”Хувь хүнийхээ хувьд бүлгийнхээ чат групп дээр уучлалт гуйсан бөгөөд УИХ-ын гишүүний хувьд ардчиллын мэтгэлцээний зарчмаар ярьсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн ноцтой асуудлын талаар бухимдан чанга дуугаар ярьснаа хүлээн зөвшөөрч байна. “Хохь чинь шүү, аятайхан байгаарай” гэж хэлсэн нь Д.Ганмаа гишүүнд бус, Г.Лувсанжамц гишүүнд хандаж хэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Ганмаа буруу ойлгосон байна. Бухимдан ярьсандаа уучлал илэрхийлсэн бөгөөд уг асуудлыг олон нийтэд дэлгэх нь парламентын нэр хүндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна” гэсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн Д.Ганмаа уг гомдлыг шийдвэрлэхдээ УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ж.Галбадрах нараас гэрчийн мэдүүлэг авахыг хүссэн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас гэрчийн мэдүүлэг авчээ. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр Д.Ганмаа гишүүн Эрүүл мэндийн салбарын мэргэжлийн зарчмын шаардлагуудыг тавьж байсан. Уг асуудалтай холбоотой асуулт хариулт дуусаад, миний хувьд үг хэлэхээр нэрээ өгчихсөн байсан. Тэгээд үгээ хэлээд сууж байтал Ж.Чинбүрэн сайд эсрэг талын ширээнээс тойрч ирээд Д.Ганмаа гишүүний цаад талд ирж суугаад юм ярьж байснаа Д.Ганмаа гишүүнд хандан “Аятайхан байгаарай чи, хохь чинь шүү, юм хумаа уншаарай” гэж зандарсан өнгө аястайгаар хэлэх нь сонсогдсон. Эмэгтэй хүнтэй ингэж харьцаж байгаа нь зохисгүй гэж бодсон учраас үгээ хэлж дуусчхаад Ж.Чинбүрэн сайд дээр очоод “Та одоо яагаад байгаа юм бэ, хурал үймүүлээд байгаа юм уу, эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм” гэсэн чинь “Чи юу гээд байгаа юм" гээд над руу бас зандарсан ч дараа нь тайвширч, Д.Ганмаа гишүүнтэй ярилцаж байгаад гарч явсан. Сайд тухайн үгийг надад зориулж хэлээгүй, Д.Ганмаа гишүүнд хандаж хэлсэн. Тухайн үг үйлдэл нь энгийн мэтгэлцээнээс давсан үйлдэл байсан" гэжээ.
Иймд ажлын хэсэг дээрх асуудлыг судлан үзээд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 11.1.2-д заасны дагуу уучлал гуйхыг үүрэг болгох сахилгын хариуцлага ногдуулах нь зүйтэй гэсэн саналыг Ёс зүйн дэд хорооны хуралдаанд оруулж иржээ. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Парламентын хэлэлцүүлгийн үед гишүүд янз бүрээр байр сууриа илэрхийлдэг. Энэ асуудлыг УИХ-ын гишүүдийн хоорондын маргаан юм байна гэж харсан. Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүний ёс зүйн код, ёс зүйн зарчим хөндөх гэж байгаа бол бид арай өөр тохиолдлыг яриад сууж байх ёстой. Өнөөдрийн асуудалтай холбогдуулан шийдвэр гаргах гэж байгаа бол ямар нэг санал өгөхөөс түдгэлзэж байгаагаа мэдэгдэж байна. Ж.Чинбүрэн гишүүн Д.Ганмаа гишүүнээс уучлалт гуйж цэцэг явуулсан юм билээ. Тэгэхээр гишүүд хоорондоо ойлголцсон гэж үзээд энэ асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй" гэв. Улмаар Ж.Чинбүрэн сайд УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас уучлал хүсч байгаагаа албан бичгээр явуулахаар тогтлоо.