“Чоно групп” Чойжин ламын сүм музейн хэрмэн хашааг засварлаж өгнө хэмээн газрыг нь 14 жил үнэгүй ашиглаж, орлого олжээ

“Чоно групп” Чойжин ламын сүм музейн хэрмэн хашааг засварлаж өгнө хэмээн газрыг нь 14 жил үнэгүй ашиглаж, орлого олжээ

Чойжин ламын сүм музей газрын түрээсийн төлбөрийг төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсан талаарх мэдээлэл анхаарал татав. Тэгвэл аль аж ахуйн нэгж Чойжин ламын сүм музейн газрыг ашиглаж, төлбөрийг нь “халаасалдаг” байв гэдгийг сурвалжиллаа.

Чойжин ламын сүм музей

-"ЧОНО ГРУПП" АВТО ЗОГСООЛЫН ТӨЛБӨРИЙГ ӨӨРӨӨ АВЧ,  ХАРИН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙГ НЬ МУЗЕЙН ЗАХИРГАА ТӨЛЖ БАЙЖЭЭ-

Чойжин ламын сүм музейн газрыг “Чоно групп" авто зогсоолоор ашиглаж, төлбөрийг нь өөрсдөө авдаг байжээ. Тодруулбал, Чойжин ламын сүм музей “Чоно групп"-тэй 2007 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр  "Хамтран ажиллах гэрээ" байгуулжээ. Тус гэрээгээр "Чоно групп" музейн хойд талын 800 метр квадрат талбайг өөрийн хөрөнгөөр засварлан автомашины ил зогсоолын зориулалтаар засварлан тохижуулахаар болсон байна.

Ингэхдээ тус зогсоолд өөрсдийн байгууллагын автомашиныг тавих мөн музейн жуулчдын автомашиныг байрлуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан байна.

Мөн музейн хойд талын хэрмэн хашааг мэргэжлийн өндөр түвшинд өнгө будгийг сэргээн засварлаж өгнө хэмээн гэрээлжээ. Гэвч "Чоно групп" нь энэхүү үүргээ биелүүлээгүй төдийгүй тохижуулсан автомашины зогсоолдоо ус зайлуулах шугам бариагүй байна. Үүнээс үүдэж музейн хэрмэн хашаа, модон хаалганы сууринд ус хурж, хаалганы мод өмхөрөн суулт өгч нилэнхүйдээ хазайсан аж. Нэг үгээр хэлбэл "Чоно групп" Чойжин ламын сүм музейн газрыг ашиглахаар гэрээлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, харин ч дээрх байгууллагад хохирол учруулсан байна. Үүгээр ч зогсохгүй тус байгууллага музейн эзэмшлийн газрыг авто зогсоол хэлбэрээр 14 жилийн турш үнэ төлбөргүй ашиглаж ирсэн ч музей 2010 оноос хойш 2.0 га газрын төлбөр буюу "Чоно групп"-ийн авто зогсоолоор ашиглаж байсан 800 метр квадрат газрын төлбөрийг Чойжин ламын сүм музей төлдөг байсан аж. 

Шүүхийн шийдвэр

-"ЧОНО ГРУПП"-ИЙГ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРЧЭЭ-

Тиймээс ч музейн удирдлагууд гэрээ цуцлах тухай албан бичгээр “Чоно групп”-д мэдэгдэж байсан ч тус байгууллага тус газрыг эзэмшиж, ашигласаар байжээ. Улмаар уг асуудал хоёр шатны шүүхийн хаалга татаж, шүүхээс “Чоно групп”-ийг газрыг чөлөөлөх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргажээ. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/

Харин чөлөөлөгдөж байгаа авто зогсоолын оронд иргэдийн амарч, зугаалах ногоон байгууламж байгуулах, хотын захиргаатай хамтран иргэдэд таатай орчин бүрдүүлэх, хүүхэд, явган хүний зорчих хэсгийг автозамаас тусгаарлах ажлыг эхлүүлэхийг Соёлын сайд үүрэгдсэн байна.

Тэгвэл Чойжин ламын сүм музейн газрыг 10 гаруй жил ашиглаж, төлбөрийн зогсоолыг өөрсдөө авдаг байсан Чоно группийн эзэмшилд “White house” зочид буудал, “Мишээл экс­по” худалдааны төв, “Тор­го салон”, “Tse pub”, “Blue sky” цамхаг гэх зэрэг газрууд байдаг бөгөөл тус групп нь хөрөнгө оруулалтын холдинг компани юм.

Тус группын үүсгэн байгуулагч нь Т.Энхболдсодон гэх эрхэм байдаг бол Чоно групп нь өнгөрсөн жил түүний хүү Э.Анандын нэр дээр шилжсэн байна. Ямартай ч Монголын толгой баячууд гэгддэг дээрх эрхмүүд нь Чойжин ламын сүм музейн газрыг ашиглаж зогсоолын мөнгийг халаасалдаг байсан ч газрын түрээсийг төлбөрийг Чойжин ламын сүм музей төлдөг байсан нь манай нийгэмд болж буй шударга бус байдлын нэгэн жишээ юм.