Сонгуульд өрсөлдөөд ялагдсан УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг нар консулаар томилогдох хүсэлтээ намдаа гаргажээ

Сонгуульд өрсөлдөөд ялагдсан УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг нар консулаар томилогдох хүсэлтээ намдаа гаргажээ

Энэ жил 50 орчим хүнийг Элчин сайд, консулаар томилно. Үүнээс 21 нь Элчин сайдаар томилогдох юм. Элчин сайд, консулаар томилогдох хүмүүсийн дотор улс төрийн албан тушаал хашиж байсан хүмүүс бий.

Тухайлбал, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилсон бөгөөд тэрбээр төрийн албаны шалгалт өгчхөөд  тус улс руу явсан. Мөн өнгөрсөн сарын 09-ний өдрийн /2025.01.09/ чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Бүгд Найрамдах Польш улсад суух Элчин сайдаар томилсон. Тун удахгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад төрийн айлчлал хийх гэж буйтай холбоотойгоор Н.Оюундарийг түрүүлж томилсон нь энэ юм. 

-Д.ОЮУНХОРОЛ ЭЛЧИН САЙД, Б.БАЯРСАЙХАН, Г.МӨНХЦЭЦЭГ НАР КОНСУЛААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТИЙГ НАМДАА ӨГЧЭЭ-

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Б.Баярсайхан, Гомбилдоогийн Мөнхцэцэг нар Элчин, консулаар ажиллах хүсэлтийг намдаа гаргасан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.

Тодруулбал, Д.Оюунхорол Элчин сайд, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг нар консулаар томилогдох хүсэлтээ өгчээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Элчин, консулаар томилогдох албажсан жагсаалтад эдгээр хүмүүс байхгүй" гэлээ. Гэхдээ тэднийг Гадаад харилцааны яам бус намдаа дээрх хүсэлтийг гаргасан талаар эх сурвалж мэдээлж байна. Тун удахгүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн шуурхай хурал болох бөгөөд уг хурлаар танилцуулж магадгүй аж. Д.Оюунхорол нь УИХ-д дөрвөн удаа сонгогдсон.  Мөн  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар хоёр удаа ажиллаж, 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй Ерөнхий сайд Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилласан байдаг. Хамгийн сүүлд 2021 оны 8 сарын 18-нд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Харин Б.Баярсайхан нь сэтгүүлч мэргэжилтэй, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын байнгын хорооны дарга зэрэг ажлыг хашиж байсан. Өнгөрсөн сонгуульд Завхан, Увс, Ховд, Говь-Алтайн бүсэлд нэр дэвшээд ялагдсан юм. Г.Мөнхцэцэгийн хувьд мөн ялгаагүй УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон ч найман жилийн хугацаанд боловсруулсан дорвитой хуульгүй, хийсэн ажилгүй байв. Тэрбээр өнгөрсөн сонгуульд Говийн бүсэд нэр дэвшээд ялагдсан билээ. 

-ЭДГЭЭРЭЭС ГАДНА Д.САРАНГЭРЭЛ, Ц.МӨНХЦЭЦЭГ НАРЫГ ЭЛЧИН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛНО-

Эдгээрээс гадна Засгийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сар /2024.11/-д шийдвэр гаргаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Одбаярыг БНХАУ-ын тусгай захиргааны бүс Гонгконг хотод суух ерөнхий консулаар, Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан хотод суух ерөнхий консулаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Жадамбааг, ХҮН намын гишүүн Лхагвадоржийг БНХАУ-ын Эрээн хотод суух консулаар тус, тус томилох шийдвэрийг гаргасан байдаг.

Гэхдээ дээрх гурван хүнийг “айлын” талаас хүлээж авах эсэх талаараа хариу өгөхгүй гурван сар болоод байгаа ч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар "Айлын тал хүлээж авна" гэдгээ илэрхийлсэн гэсэн юм. 

Д.Одбаярын хувьд Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллах хугацаандаа ёс зүйн зөрчил гаргаж тус албан тушаалаасаа огцорч байсан юм. Дээрхээс гадна тун удахгүй УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэлийг Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин зөвлөхөөр, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэгийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суух Элчин зөвлөхөөр томилно. Тэд төрийн албаны хуульд заасны дагуу хэл болон ерөнхий мэдлэгийн шалгалтаа өгөхөөр хүлээж буй талаар албаны эх сурвалж хэлэв. Тэднийг Элчин зөвлөхөөр томилох учир Гадаад яамнаас шууд шийдвэр гаргаж, томилгоо хийх аж.