“Харбин-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

“Харбин-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов.

Өнөөдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо.

Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа. Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.