“Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнийг хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд буюу Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулжээ.
Энэхүү баярын үеэр ат, тайлаг, торомны уралдаан, буухиа уралдаан, тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болов. Мөн “Тэмээн поло”, ойрын зайн уралдаан, тэмээний сэдэвт дуу, шүлэг, Соёлын биет бус өвийн ай савын тайзны үзүүлбэрийн тэмцээн, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, тэмцээний нийлбэр дүнгээр “Шилдэг сум” шалгаруулсан байна. Гэтэл уг арга хэмжээний үеэр тэмээгээр боодог хийж, төв тайзныхаа өмнө тавьсан нь олны шүүмжлэлийг дагууллаа.