С.Хонгорзул: Бүх хайраа надад зориулаад өөд болсон эгчийн минь зураг байдаггүй болохоор сэтгэлдээ л төсөөлдөг /ВИДЕО/

С.Хонгорзул: Бүх хайраа надад зориулаад өөд болсон эгчийн минь зураг байдаггүй болохоор сэтгэлдээ л төсөөлдөг /ВИДЕО/

“Бяцхан бор зүрхэндээ дэндүү их хайралсаныг тань

Булбарай бага насандаа даанч ойлгоогүй явжээ

Өнгө алаг энэ орчлонд амьдрал бэлэглэсэн таныгаа

Өсөж торнихынхоо хэрээр айдаа мөн ч их санах юм даа

Гэгээхэн зүрхний тань илчээр

Гэрэлтэж амьдарнаа амлая дүү нь...”

хэмээн амьдрал бэлэглэсэн хайртай эгчдээ зориулан бичсэн шүлгээ хоолой зангируулан унших бяцхан охиныг С.Хонгорзул гэдэг. Тэрбээр одоогоор долоо жилийн өмнө 10 настай эгчийнхээ хайрын илчээр амьд үлдсэн бяцхан зүрхний эзэн. Тодруулбал, одоогоос долоон жилийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаярын арав, таван настай хоёр балчир охин цасан шуурганд төөрч, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Харин бага охин нь эсэн мэнд олдож, амь аврагдсан. Учир нь арван настай талийгаач эгч нь дүүгээ аврахын тулд өөрийнхөө бүх хувцсыг тайлж өмсгөөд өөрөө өөд болсон гэдэг.

Идэр есийн хүйтэнд алгын чинээ дүүгээ л гэсэн сэтгэлээр тэмцэж, зүтгэж, хичээсэн талийгаач охинд өнөөдөр /2021.12.27/ “Онцгой үйлстэн” шагналыг нэхэн олгохоор болсон юм. Тэгвэл эгчийнхээ тэр их хайранд амьд үлдсэн С.Хонгорзул охинтой бид эгчийнх нь зөвшөөрөл болоод өөрийнх нь хүсэлтээр ярилцлаа. С.Хонгорзул охин эгчийнхээ шагналын авахаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм. 

С.Хонгорзул

-ЭГЧ МИНЬ НАДТАЙ АДИЛХАН ЦАРАЙТАЙ, ИХ СЭРГЭЛЭН ОХИН БАЙСАН ГЭСЭН-

-Миний дүү өөрийгөө танилцуулаач?

-Намайг Сайнбаярын Хонгорзул гэдэг. Би 12 настай. Увс аймгийн Цагаанхайрхан сумын ЕБС-ын н.Батцэрэн багштай 7б ангид сурдаг. Одоо сумын төвд авга эгчтэйгээ амьдарч байгаа. Аавыг минь Сайнбаяр, агааг минь Цасанбаяр гэдэг. Тэр хоёр маань хөдөө авга ахынд мал малладаг.

-ОБЕГ-аас талийгаач эгчид нь “Онцгой үйлстэн” шагналыг нэхэн олгохоор болсон байна. Эгчийнхээ шагналыг гардан авахаар ирсэн баярын сэтгэгдлээ бидэнд хуваалцаач?

-Би маш их баяртай байна. Тэнгэрийн орноос намайг харж байгаа эгчдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эгч минь миний амийг авраагүй байсан бол, эгч минь надад хамаг хувцсаа тайлж өмсүүлээгүй байсан бол өнөөдөр би ингээд сууж байхгүй байсан байх. Тийм болохоор амийг минь аварсан эгчдээ маш их баярладаг. Бас эгчдээ маш их хайртай.

-Эгчийнхээ тухай санадаг уу. Өөртэй чинь адилхан охин байсан болов уу?

-Би эгчийгээ алдах үедээ жаахан хүүхэд байсан болохоор огт санагдаггүй юм. Харин аав, авга эгч, бэр эгч нар маань “Надтай адилхан царайтай, их сэргэлэн охин байсан. Бас айлын хүн чихэр өгсөн ч дүүдээ өгнө гээд дандаа намайг гэдэг хүүхэд байсан” гэж ярьдаг. Мөн “Эгчийг минь миний амь насыг аврахын тулд өөрийнхөө бүх хувцсыг тайлаад надад өмсүүлсэн байсан. Бас намайг нөмөрлөж, хэвтээд өөд болсон байсан” гэж ярьдаг. Би эгчдээ үнэхээр их баярлаж явдаг. Эгчийн минь зураг байдаггүй болохоор дүр төрхийг нь сэтгэлдээ л төсөөлдөг юм.

-Дээр дурдсан харамсалтай үйл явдлын дараа баруун гарын дөрөв, хөлийн таван хуруугаа тайруулсан гэсэн. Энэ нь хичээл ном сурахад нь мэдээж хүндрэлтэй байдаг байх даа?

-Тийм ээ. Миний баруун гарын дөрвөн хуруу байхгүй болохоор гэрийнхэн маань анх Тусгай хэрэгцээт 55 дугаар сургуульд оруулсан. Тэр сургуульдаа зургаан жил сураад энэ жил Увс аймгийн Цагаанхайрхан суманд шилжиж очоод сурч байгаа. Одооны ангийнхан болон багш нар маань надад маш их тусалдаг. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна.  Би биеийн тамирын хичээлдээ дуртай. Гар оролцдоггүй болохоор.

С.Хонгорзул

-СОЛОНГОС РУУ ЯВЖ ХУРУУ ЗАЛГУУЛААД СУВИЛАГЧ БОЛЖ, ОЛОН ХҮҮХДИЙГ ЭМЧИЛНЭ ГЭЖ МӨРӨӨДДӨГ-

-Шагнал авах гэж байгаагаа хэзээ мэдсэн бэ. Улаанбаатарт хэзээ ирэв?

-Долоо хоногийн өмнө шагнал авах гэж байгаагаа мэдсэн. Авга эгч минь энэ тухай хэлсэн. Улаанбаатарт өчигдөр /арванхоёрдугаар сарын 26/ ирсэн.

-Маргааш шагнал авна гээд шинэ хувцас авсан гэж байсан. Сэтгэл нь догдолж байгаа байх даа?

-Тийм  ээ. Би өнөөдөр /өчигдөр/ эгчтэйгээ Нарантуул зах орж, шинэ хувцас авсан. Өмнө нь ингэж шагнал авч байгаагүй болохоор гоё санагдаж байна.

-Том болоод ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?

-Би сувилагч болохыг мөрөөддөг.

-Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь юу байсан бол?

-Би зөндөө олон удаа хагалгаанд орж байсан. Тэр үед эмч, сувилагч нар миний гар, хөлийг маш гоё боож, цэвэрлэж өгдөг байсан нь үнэхээр гоё санагдсан. Тэгээд л сувилагч болох юмсан гэж мөрөөддөг болсон. Гэхдээ хуруутай болж чадахгүй бол яанаа гэж боддог.

-БНСУ-д хуруу залгах мэс засал хийх боломжтой гэсэн хариу өгсөн гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Би өмнө нь Солонгос руу явж хагалгаа хийлгэж байсан ч амжилтгүй болсон гэсэн. Тэгээд эмч нар 18 нас хүрэхээр нь дахин хагалгаа хийж, хуруу залгах боломжтой гэж хэлсэн байна лээ. Тэгээд аав, авга ах эгч нар маань миний нэр дээр хугацаатай хадгаламж нээж өгсөн. Тэр дансанд хүүхдийн мөнгө маань ордог. Тэгээд солонгос руу явж хуруу залгуулаад сувилагч болж, олон хүүхдийг эмчлэх болно гэж боддог юм.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө