“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Байдрагийн усан цахилгаан станц төсөл"-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нарт даалгав. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийн ТЭ3Ү-д бүтээн байгуулалтын ажлыг 2026-2030 онд гүйцэтгэх, 2030-2055 онд ашиглалт болон урсгал засвар үйлчилгээг хийж хүлээлгэн өгөх нөхцөлөөр 25 жилийн хугацаатай төлөвлөжээ. Төсөл хэрэгжсэнээр төвийн бүсийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. 

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу усан цахилгаан станц нь нийгмийн болон иргэдийн эрүүл  мэндэд сөрөг нөлөөгүй, усан цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.