В.Путин БНХАУ-д хийж буй айлчлалаараа "шинэ хийн хоолойн төслийг урагшлуулахыг хүсэж байна" гэжээ

В.Путин БНХАУ-д хийж буй айлчлалаараа "шинэ хийн хоолойн төслийг урагшлуулахыг хүсэж байна" гэжээ

ОХУ Хятадтай байгуулсан стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж, Бээжинтэй харилцах харилцаагаа АНУ, БНХАУ-ын холбооноос илүү “онцгой, гүн түвшний” гэдгийг харуулахыг зорьж буй нь Кремлийн сүүлийн мессежүүдээс тодорхой харагдаж байгаа талаар  BBC агентлаг мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Оросын төрийн болон зарим хэвлэлүүд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Бээжинд хийсэн айлчлалыг шүүмжилсэн нийтлэлүүдийг олноор нийтэлсэн байгаа аж. Тухайлбал, Оросын өдөр тутмын Известия сонин “Бодит үр дүнгийн хувьд энэ айлчлал бүтэлгүйтэл болсон. Америкчууд өөрөөр мэдэгдэж байгаа ч үнэн нь энэ” хэмээн бичжээ.

Харин Комсомольская правда сонин “В.Путиныг дагалдан явдаг Оросын дипломатчид америкчуудаас ялгаатай нь Хятадын ёс заншил, дипломат нарийн мэдрэмжийг ойлгодог. Д.Трамп Хятадын соёлыг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй” гэж онцолжээ. Мөн Аргументы и факты сонин “Бээжин Оросын удирдагчийг найдвартай холбоотон гэж хүлээн авч байна. Харин Америкийн удирдагчийг юу хийх нь тодорхойгүй өрсөлдөгч гэж харж байна” хэмээн бичсэн байна. Эдгээр нийтлэл нь В.Путины Бээжинд хийж буй айлчлалын үеэр гарчээ. В.Путин айлчлалынхаа өмнө хоёр улсын харилцаа “урьд өмнө байгаагүй харилцан ойлголцлын түвшинд хүрсэн” гэж мэдэгдсэн видеог хүртэл нийтэлсэн байна.

Украинд дайн эхлүүлснээс хойш Орос улс эдийн засгийн хувьд Хятадаас улам их хамааралтай болсон бөгөөд энэ удаагийн уулзалтаар Москва Бээжинтэй ярьж буй шинэ хийн хоолойн төслийг урагшлуулахыг хүсэж байгаа аж. 

Бээжин барууны орнуудтай худалдаа, эдийн засгийн тогтвортой харилцаагаа хадгалах сонирхолтой хэвээр байгаа бөгөөд сүүлийн саруудад Европ, АНУ-ын төлөөлөгчидтэй идэвхтэй хэлэлцээ хийж байгаа аж. Тиймээс Хятад улс Украины дайны асуудал дээр “төвийг сахисан” байр сууриа хадгалахыг хичээж байгаа ч дэлхийн тавцанд илүү нөлөөтэй тоглогч болохыг эрмэлзэж байна. Ажиглагчдын үзэж буйгаар, Бээжингийн хувьд Орос бол стратегийн чухал хөрш бөгөөд Кремль тогтворгүй байдалд орохыг Хятад хүсэхгүй байгаа аж. Иймээс Ши Жиньпин нэг талаас Москватай ойр харилцаагаа хадгалж, нөгөө талаас барууны орнуудтай харилцаагаа таслахгүй байх тэнцвэрийн бодлого баримталж байна гэжээ. 

Эх сурвалж: BBC