Улаан буудай худалдан авдаг цөөн байгууллагатайн улмаас борлуулахад хүндрэл үүсжээ

Улаан буудай худалдан авдаг цөөн байгууллагатайн улмаас борлуулахад хүндрэл үүсжээ

Монголын тариаланчдын үндэсний холбооноос 2021 оны ургац хураалтад тулгамдсан асуудал, ХХААХҮЯ-ны тоон мэдээлэл зөрдөг, дотооддоо улаан буудай борлуулахад хүндрэл үүссэн зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол улс 890 гаруй мянган га газар тариалангийн талбайд улаан буудай, жимс хүнсний ногоо зэргийг тарьж ургуулахад ашиглагддаг. Үүний 3 орчим хувь нь төмс хүнсний ногоо жимс жимсгэнэ тарьдаг бол үлдсэн 95 гаруй хувь нь үр тарианы үйлдвэрлэлд ашиглагддаг байна. Гэвч сүүлийн жилүүдэд манай оронд уур амьсгалын өөрчлөлт газар тариалангийн үйлдвэрлэлд ихээр нөлөөлж байгаа билээ.

Хураан авсан ургацыг дотоодын хүнсний үйлдвэрлэлийн зориулалтад дийлэнх хувийг ашиглагдаг бөгөөд энэ жил хураан авсан ургацаас 50 мянга гаруй тонн ургацыг Хөдөө Аж Ахуйг дэмжих сан худалдан авсан бол 200 мянга гаруй тонн ургацыг гурилын үйлдвэрүүд авсан байна. Одоогоор 130 гаруй мянган тонн буудай борлогдоогүй байна. Ингэснээр нийт хураан авсан ургацын 30 гаруй хувь борлогдоогүй байгаа аж.

Манай улсад улаан буудай худалдан авдаг байгууллага цөөн бөгөөд үүнээс үүдэн борлуулалтын хүндрэл үүссэн байна.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн тариаланчдын холбоог төлөөлж н.Батбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, “Монгол улсад MNS-00972010 гэсэн улаан буудайн стандарт байдаг. Энэ стандартаар Монголд дөрөв ангиллаар ангилж хүнсний улаан буудайг авдаг. Манай улс энэ жил 240 мянга орчим улаан буудайг импортоор оруулж ирж нийт Монгол улсын хэрэгцээний 70 орчим хувийг гаднаас оруулж ирсэн. Буудайгаа гурилын үйлдвэрүүдэд худалдаалахаар аваачиж өгөхөд өөр өөр стандарт тогтоож байна. Улсад барьж байгаа буудайн стандартыг барилгүй өөрсдийн үзэмжид тааруулж стандарт тогтоож байна. Гурилын үйлдвэрүүдэд буудайн стандартыг мөрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол гурилын үйлдвэрүүд өөрт таарсан стандартыг тавьсны улмаас гурил болон буудай маань шалгуурт тэнцэхгүй байна” гэлээ.