Намар орой болсныг илтгэх шиг буцах шувуудын ганганаа хаа сайгүй сонсогдоно. Тэдний дунд нисэх нэгэн хун шувуу бяцхан дэгдээхийгээ орхиод, шархалсан зүрхтэй халуун орныг зорьж буй. Ийн өгүүлэхийн учир нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Өлзийт нууранд нэгэн хунгийн дэгдээхэй гэмтэж, ижил сүргээсээ хоцорч үлджээ. Хүн байгаль хоёр хүйн холбоотой болохыг илтгэх шиг азаар түүнийг хүн аварч, “ээж”-тэй болгосон байна. Хайр, догдлол, эмзэглэл төрүүлсэн энэхүү мэдээллийн араас бид сурвалжлав.
Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны аав, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх ээж, ижил сүргээсээ хоцорч, хөлдсөн нууранд ганцаар үлдсэн тэрхүү хунгийн дэгдээхэйг аварчээ. “Хун шувуу бяцхан дэгдээхийндээ хорогдохоо нуурын дээгүүр гангана, гангана ниссэн дээ. Эх нь гэмтэлтэй дэгдээхийгээ магадгүй надад даатгаж орхиод явсан байх. Дараа жил заавал үртэй нь энх тунх уулзахын төлөө хичээх болно” хэмээн ярих байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхээс гэмтэж, бэртсэн хунгийн дэгдээхийний талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Анх гэмтсэн дэгдээхий байна гэдгийг та яаж мэдсэн бэ. Дэгдээхийний юу нь гэмтсэн байсан бол?
-Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Өлзийт нууранд таван дэгдээхийтэй хун шувуу зуссан юм билээ. Түүний нэг дэгдээхий нь нисэж чадахгүй байна гэж нутгийн айл есдүгээр сард манайд мэдээлсэн. Тухайн үед очиж үзэхэд эхтэйгээ бүгдээрээ байсан. Харин нэг дэгдээхийний далавч нь хажуу тийшээ мурийж, гэмтсэн байсан.
-Та бүхэн тухайн үед дэгдээхийг шууд барьж авсан уу?
-Үгүй ээ. Бид эхтэйгээ байгаа дэгдээхийг салгах нь эх, үр хоёрын өнчрөлд оруулна гэж үзсэн. Мөн хүн гэдэг амьтан хунгийн дэгдээхэйг булааж авсан болж харагдах байх гэж бодоод эх нь бусад дэгдээхийгээ аваад явсны дараа гэмтсэн дэгдээхийг авахаар төлөвлөсөн.
-Эх хун шувуу нь хэзээ дэгдээхийгээ орхиод явсан юм бол. Та тухайн үед нь мэдээд гэмтсэн дэгдээхийг барьж авсан уу?
-Тийм ээ. Аравдугаар сарын 15-нд эх нь төрж өссөн нуур, нисэж чадахгүй дэгдээхийдээ хорогдож байгаад гунигтай нь аргагүй дуугарч, эргэлдэж байгаад арга буюу орхиод явсан. Үүний дараа биднийг очиход айлын нохой хөөж байсан. Үүнийг хараад эрсдэлтэй юм байна гэж бодоод шууд барьж авсан.
-Гэмтсэн ч гэлээ шувуу болохоор барьж авахад хүндрэлтэй байсан байх. Яаж барьж авав?
-Харин тийм ээ. Гэмтсэн ч гэсэн тийм амар баригдахгүй юм билээ. Нисэж чадахгүй ч далавчаа дэлгээд гүйчихдэг юм билээ. Бид нар хоёр хоног хөөцөлдөж, тор тавьж байгаад, уургалж барьж авсан.
-Гэмтсэн дэгдээхийгээ барьж аваад эрсдэлгүй нууранд тавьсан гэж байсан. Энэ талаар тодруулаач?
-Гэмтсэн дэгдээхийгээ эхлээд барьж аваад өөрийн байрны хажуу талд байдаг халуун усны өрөөнд авч ирсэн. Тэгээд өвс дэвсэж өгөөд хоёр хоног харсан. Энэ үедээ талх тэвтээж өгсөн ч идэхгүй, шоконд орсон байдалтай, үргээд байсан. Тэгээд санаа зовоод хичнээн ч сайн тэжээж, асарсан нуурынх нь орчноос илүү байж чадахгүй гэж бодоод нууранд тавих нь зөв гэж шийдсэн юм. Тэгээд өвөл зунгүй харзалж урсдаг Дээд цагаан нуурын Их түрүү гэдэг усны шувуу өвөлждөг гайхамшигтай сайхан газар аваачиж тавьсан. Тэнд ямар нэгэн эрсдэл байхгүй. Нохой, үнэг, чоно хүрэх боломжгүй нуур.
-Гэмтсэн дэгдээхий маань цаашид бие даагаад амьдарч чадна байгаа. Та нууранд тавьснаасаа хойш харсан уу?
-Би дэгдээхийгээ үлдээчхээд санаа зовоод хоёр хоногийн дараа очиж харсан. Тэгтэл нөгөө нөхөр маань харин өөр нэг том цагаан хунтай танилцаад, нийлсэн байсан. Тэр том хун нь яг л ээж нь юм шиг дагуулаад явж байна лээ. Нисэх ч үгүй. Тэгээд бүүр санаа амраад байж байгаа. Ямар ч байсан дэгдээхий маань нохой, гахайнаас хамгаалагдаад, тэндээ өвөлждөг хунтай байгаа болохоор алзахгүй ээ. Тэр нууранд маш олон арал байдаг. Тэнд хун өндөглөдөг болохоор ямар ч аюулгүй гэсэн үг.
-Нөгөө том хун нь бас тэр нуурандаа өвөлжинө гэж үү?
-Өнгөрсөн жил тэр нууранд нэг том цагаан хун өвөлжсөн юм. Тэр хун мөн байх гэж бодож байгаа. Одоо хунгууд халуун орноо зорих гээд чуулж байгаа. Харин тэнд тэр том хун очоогүйг бодоход тэндээ өвөлжих байх. Мөн тэр том цагаан хунг нисэж чаддаггүй юм болов уу гэж бодож байгаа. Учир нь гэмтсэн дэгдээхийг тавих гээд очиход үргэхгүй байсан.
-Ээжээсээ хоцорсон дэгдээхийний далавч нь яаж гэмтсэн байсан бол. Эдгэх болов уу?
-Яс нь бол хугараагүй байсан. Харин үзүүрийн урт дэвүүр өдний гуурс нь гэмтсэн байсан. Багад нь бүргэд шүүрээд гэмтээсэн бололтой байна лээ. Дараа хавар өд сөд нь солигдоод нэмж ургах үед дэвүүр өд нь сэргэх учир байна уу л гэж найдаж байна.
-Та дэгдээхийндээ тэмдэг тавьсан уу?
-Үгүй ээ. Тэмдэг нь угаасаа андашгүй. Далавчны өд нь гадагшаа эргэчихсэн нь содон харагдана. Хаанаас ч дурандаад харсан танигдана.
-Ирэх хавар ээж хун нь ирээд таних болов уу?
-Танина байх аа. Эх нь гэмтэлтэй дэгдээхэйгээ магадгүй надад даатгаж орхиод явсан байх гэж бодож байгаа. Тийм болохоор дараа хавар ээж хунг нь иртэл харж, хандаж байгаад ээжтэй нь энх тунх уулзуулахын төлөө хичээх болно.
-Тантай ярилцаж байгаагийнх хүүгийнх нь талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь уучлаарай. Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн хэрэг юу болсон бэ?
-Миний бодлоор энэ хэрэг бүрэн хаагдаагүй байгаа байх. Шинэ нөхцөл байдал үүсвэл шалгана гээд л байж байгаа байх. Сүүлийн хоёр жил нам жим л байна. Би албан ёсны өргөдөл гомдлоо өгсөн болохоор шаардлагатай бол холбогдох байх гэж бодож явдаг.
-Ирвэс хамгаалах сантай хамтарч ажиллаж байгаа юу?
-Тийм ээ. Ирвэс хамгаалах сангийнхантай байнга холбоотой байдаг. Би Хөвсгөл аймагт ирвэсний талаарх судалгаа, тандалтын ажлыг хийж байгаа.