Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлнэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ дагуу төсөл 2022 оноос улсын хэмжээнд хэрэгжихээр болж, төсөвт нэлээд их хэмжээний мөнгө суусан байна.
Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ирэх оны төсөв болох 71 тэрбумын 20 орчим тэрбум төгрөгийг “Шинэ хөдөө” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах аж. Үүнээс, Сэлэнгэ аймагт 500 сая, Ховдод 3 тэрбум, Баянхонгорт 1 тэрбум, Булганд 1,7 тэрбум, Говь-Алтайд 924 сая, Дундговьд 1 тэрбум, Завханд 200 сая, Төв аймагт 900 сая, Хөвсгөл аймагт 1,5 тэрбум төгрөг хуваарилжээ. Мөн улсын хэмжээнд 1 тэрбум 860 сая төгрөгөөр “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлэхээр улсын төсөвт тусгасан байна.
“Шинэ хөдөө” төслийг анх УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санаачилж, малын чанарыг сайжруулж, хүний нөөцийг чадавхжуулна гэж байжээ.
Харин эрх мэдэлтэнүүд төсөл хөтөлбөрөөр мөнгө “цохидог” талаарх мэдээлэл олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ хардлага ч “Шинэ хөдөө” төсөл хөтөлбөрийг тойрсонгүй, дарав. Учир нь аймгуудад төсөл хэрэгжих дүн нь харилцан адилгүй, хөтөлбөрт хамрагдах шаардлага, тавигдах нөхцөл нь тодорхойгүй, энэ талаарх мэдээлэл иргэдэд хангалттай хүрээгүй л байна. Тиймээс ч уг төсөл зүсээ хувиргаж, гишүүдийн тойргоо усалж, мөнгө угаах хэрэгсэл болох вий гэх хардлага байна.