Улсаар нь шатахууны хомсдол оруулсан буруутан олдоогүй байхад Г.Ёндон сайд дахин "хэрэг" тарив

Улсаар нь шатахууны хомсдол оруулсан буруутан олдоогүй байхад Г.Ёндон сайд дахин "хэрэг" тарив

Манай улс хэдхэн хоногийн өмнө шатахууны хомсдолд орж, 90 онд картын бараанд дугаарлаж байсан шигээ шатахуунд дугаарласан. Энэ нь улстөрчдөд хийгээд ард түмэнд нэлээд ихийг бодогдуулсан билээ. Гэвч монголчууд богино хэмжээний ой санамжтай гэж ёжлодог улстөрчдийн үг үнэн болох нь эдгээр өдрүүдэд улам тод мэдрэгдэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүсэхэд нөлөөлсөн албан тушаалтанд хариуцлага тооцох үүргийг салбарын сайд Г.Ёндонд үүрэгдсэн. Гэвч энэ дуулиан дараагийн хомсдол болох шахмал түлш, асуудал дагуулсан хуулийн төсөл рүү чиглэж, нам дарагдав.

Угтаа алдаа гаргасан албан тушаалтан нь хариуцлага хүлээх учиртай. Үүнийг Ерөнхий сайд даалгасан. Олон нийт ч үүнийг дэмжиж, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцрохыг шаардаж байв. Гэвч сайд энэ асуудлаас өөрөө уснаас хуурай гарав бололтой. Тэр ч бүү хэл монголчуудыг улсаар нь шатахууны хомсдол оруулсан буруутанг өнөөдрийг хүртэл олж чадсангүй. 

Г.Ёндон өчигдөр шатахууны нөөцийн асуудлаар мэдэгдэл хийж, манай улсын шатахуун нөөц сэргэж байгаа. Төр цаашид шатахууны үнийн асуудалд оролцох нь буруу  болохыг мэдэгдсэн нь дахин олны дургүйцлийг төрүүлж эхэллээ. 

Тэрбээр "Манай улсын шатахууны нөөц сэргэж байна. Тухайлбал, ОХУ-аас импортолж буй 17 вагон буюу 1034 тонн шатахуун манай улсад орж ирлээ. Мөн 12 вагон, 724 тонн шатахуун ирж байгаа. Өнөөдөр гэхэд Хөх хотоос ачигдсан 50 вагон шатахуун Эрээнд ирсэн. Ингэснээр шатахууны нөөц нэмэгдэнэ. Өнгөрсөн хавар эдийн засаг 5.3 хувиар хасах болсон үед иргэдийн амьжиргаанд аль болох бага дарамт учруулах, бага зардал гаргах чиглэлээр АИ-92 бензиний үнэд Төр оролцож, импортлогч аж ахуй нэгжүүд маань зургаадугаар сарыг хүртэл үнийг барьсан. Энэ хугацаанд ААН-үүд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тооцоо бий. Тиймээс цаашид төр шатахууны үнийн асуудалд оролцох нь буруу” гэдгийг мэдэгдэв.

Түүний хэлж буйгаар бол ААН-үүд алдагдал хүлээж болохгүй. Харин ард түмэн үнэтэй шатахуун худалдан авах нь салбарын яам, төр засагт хамаагүй гэх зүйлийг хэлж орхив. Энэ нь Г.Ёндон сайдыг огцруулах дараагийн шалтгаан болж, олны эсэргүүцэлтэй тулгарах нь бололтой.