Б.Лхагвасүрэн: Нүүрсний экспортын хэмжээг хямралаас өмнөх шиг өөдрөг төсөвлөсөн. Энэ нь болгоомжлол бий болгож байна

Б.Лхагвасүрэн: Нүүрсний экспортын хэмжээг хямралаас өмнөх шиг өөдрөг төсөвлөсөн. Энэ нь болгоомжлол бий болгож байна

Энэ өдрүүдэд 2022 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор өчигдөр /2021.10.13/ эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн.

Энэ үеэр Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төв банк 2022-2024 онд инфляцыг 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан. Сүүлийн саруудад эрчимжиж буй инфляц наймдугаар сарын эцсийн байдлаар 8.9 хувьд хүрч нэмэгдээд байна. Инфляц нь эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр нэмэгдэж байгаа ч дийлэнх хэсгийг нь суурь үеийн нөлөө, нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй гадаад хүчин зүйлс тайлбарлаж байгаа гэв. Эдгээрийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх ч 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтот түвшин хүрэх төсөөлөл байгаа аж. Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг энэхүү бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа баримталсан” гэж тайлбарласан.

Бид түүнээс 2022 онд баримтлах мөнгөний бодлогын талаар тодрууллаа.

-ЗЭЭЛ ТӨЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ШҮҮХЭЭР ХУРДАН, ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДДЭГ БОЛОХ ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА -

-Ирэх онд төрөөс мөнгөний бодлогод баримтлах бодлого ямар байх вэ. Төсвийн алдагдал их тэлэлттэй байх төлөвтэй байна. Энэ тохиолдолд мөнгөний бодлогод ямар өөрчлөлт гарах вэ?

-Төсөв 18 их наядын зардал, 16 их наядын орлоготой, их тэлэлттэй байна. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу төсвийн тогтвортой байдлын тухайн хуулинд нийцэж байгаа. Гэхдээ 16 их наядын орлого олж чадахгүй бол алдагдал тэр хэмжээгээр нэмэгдэнэ шүү дээ. Энэ утгаараа бид хэд хаанаас ямар эх үүсвэрээр тус орлогыг бүрдүүлэх гэж байна гэдгийг харж байна. Орлого орж ирэхгүй бол алдагдал нэмэгдэх эрсдэлтэй байна. Тэгэхээр орлого хэр бодит зөв төсөвлөгдөж байна гэдэг нь их чухал. 36 сая тонн нүүрс экспортолно гэж төсөөлсөн. Хямралаас өмнөх 2019 он шиг төсөөлсөн гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 12 сая тонн нүүрс экспортолсон. Тэгэхээр 36 сая тонныг экспортолж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Өндрөөр тооцоолсон. Төсөв тэлэлттэй байвал мөнгөний бодлого дээр болгоомжтой байх ёстой. Харин төсөв энэ он шиг тэлэлттэй байж чадахгүй бол 10 их наядын хөтөлбөр дотор банкны мөнгөнүүд их хэрэглэгдэж байгаа шиг байж болно.

-Валютын нөөцийн хэмжээ хэвийн байна уу.  Мөнгөний бодлоготой уялдаж долларын ханш хэр хэлбэлзэх вэ?

-Валютын нөөц импортынхоо 7-8 сарын хэрэгцээг хангаж чадахаар байна. Гэхдээ эдийн засаг сэргэж, гадагшаа урсгадаг төлбөрүүд идэвхжээд ирвэл дарамттай. Ханшид дарамт болохгүй нөөц бий учраас өнөөдөр тогтвортой байгаа юм. 2020 онд төлбөрийн тэнцлийн урсгал 780 сая долларын ашигтай байсан. Өнөөдрийн байдлаар төлбөрийн тэнцэл жаахан алдагдалтай байна. Энэ нь хил, гаалийн хорио цээрээс болсон. Энэ хэвийн болбол ханшин дээр дарамтгүй байна гэж харж байна.

-10 их наядын хөтөлбөрийг зарласан ч Монгол банкны үнэт цаас буурахгүй нэг хэвэндээ байна. Энэ ямар учиртай вэ. Хүмүүс зээл авчхаад буцаагаад хадгаламж болгож хадгалаад байгаа учраас үнэт цаасны хэмжээнд өөрчлөлт орохгүй байна уу. Тэгэхээр эдийн засагт цусны эргэлт үгүй байна гэж үзэх хүмүүс байна?

-10 их наядын хөтөлбөр гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжээд дөнгөж хагас жил болж байна. Тус хөтөлбөрийн хамгийн гол хэсэг нь 3 хувийн хүүтэй ажлын байр хадгалах зээл юм. Уг зээлийг Засгийн газраас гаргадаггүй банкан дээр сул чөлөөтэй мөнгийг эргэлтэд оруулсан. Харин Засгийн газраас хүүн дээр хөнгөлөлт үзүүлээд явж байна. Уг зээлийг анх олгож эхлэхэд Төв банкны үнэт цаасны хэмжээ 8.1 их наяд байсан. Өнөөдрийн байдлаар 8.3 их наяд байна. Ойролцоо тоо гэж харж болох ч банкны чанар бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ өссөн. Актив зээл өссөн байхад үнэт цаасны хэмжээ хэвийн байгаа нь чанарын хувьд сайжирсан гэсэн үг. Цаашид банк хэвийн ажиллахын тулд чөлөөтэй шууд мөнгөнд хүрэх хэрэгсэлтэй байх ёстой. Тэр нь Төв банкны үнэт цаас юм. Энэ нь өмнө нь 25 хувь байсан бол одоо 20 хувь болж багассан.

-ЭНЭ ОНД ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ТООГООР ИПОТЕКИЙН 
ЗЭЭЛИЙГ ОЛГОСОН
-

-Ипотекийн зээлийн хамрагдалт ямар байна вэ. Зээлийг бага гаргаж байгаа учраас иргэдэд хүндрэл учруулж байна гэж ойлгосон?

-Өмнө нь хамгийн ихдээ 10 мянган айлыг орон сууцтай болгосон. Энэ жилийн хувьд оны эхнээс хойш 725 тэрбумын зээл гарч 10 мянга 800 орчим айл орон сууцтай болсон гэдэг нь  хамгийн дээд хэмжээндээ хүрсэн гэсэн үг. Он дуустал хоёр сар дутуу байна. Зургаан хувийн зээлийн хувьд эх үүсвэрийн 60 хувийг Төв банк, 40 хувийг банкиуд гаргадаг.  Төв банк зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтийг хараад байж байна. Банк өөрөө түрүүлээд гүүр зээл хэлбэрээр зээлийг олгоод дараа нь Төв банкнаас татаад авчихдаг. Эрэлт, нийлүүлэлт нь өндөр байвал тус зээл энэ хэмжээндээ үргэлжилнэ.

-Ирэх онд уг зээлийг хэр хэмжээгээр гаргахаар төлөвлөсөн бэ?

-Дунджаар 8000-9000 мянган зээл гардаг. Тэгэхээр ийм байх гэж бодож байна.

-Зээлийн хүүг бууруулахаар төлөвлөсөн юм байна. Арилжааны банкиуд зээлийн хүүг бууруулахад санал нэгдсэн үү. Та бүхэн байр, сууриа солилцсон уу?

-2020 онд УИХ-аас тогтоол гаргаад зээлийн хүүг бууруулах стратегийг гаргасан. Тогтоолыг гаргахаар хэлэлцээд явж байхдаа өнөөдрийн зээлийн хүүгийн зардлууд ямар хэмжээнд байж юунаас шалтгаалж буйг тогтоосон. Эх үүсвэрийн хүүг 60 хувиар тогтоосон. Зээл төлөгдөхгүй байх, зээлтэй холбоотой маргаан үүсэхэд эрсдэлийн сан байгуулах зардал 12 хувьтай байдаг. Банкны өөрийнх нь үйл ажиллагааны зардал цалин, урсгал зардал 17 хувьтай байна. Сүүлийн үед технологио шинэчилдэг болсон. Энэ бүх ажлын зардал 10 гаруй хувь байдаг. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш эх үүсвэрийн хүү их буурч байна. Ялангуяа банкны харилцах хадгаламжийн хүү 7-8 хувь болоод буурсан. Энэ зээлийг хүүг бууруулахад их нөлөө үзүүлж байна. Зээл төлөхгүй үед маргаан нь шүүхээр 7-8 жил үргэлжилсэн тохиолдол бий. Нэгэнт хугацаандаа төлөгдөхгүй байгаа учир банк өөрөө олсон ашгаараа эрсдэлийн сан байгуулж явдаг. Гэтэл энэ нь өөрөө зардал болдог учир хүүнд муу нөлөөтэй байна. Тэгэхээр энэ асуудлыг засахын тулд Иргэний хууль, шүүх дээр маргаан хэлэлцээд явахад хялбар, хурдан шийдэх хуулийн зохицуулалтыг Хууль зүйн яам, Монгол банк хамтраад гаргахаар ажиллаж байна. Тэгэхээр зээлийн хүү буурах боломжтой гэж харж байна.

-Коронавирусийн цар тахлын халдварын үед ипотекийн зээлийн эргэн төлөлт болон хэрэглээний зээлийн эргэн төлөлт ямар байна?

-Ипотекийн зээлийн тухайд төлөлтийг хойшлуулсан. Хэрэглээний зээлийн тухайд ковидоос өмнө их хэмжээгээр гардаг байсан. Одоо эдийн засгийн идэвхжил сул байгаа учир хэрэглээний зээл өндөр хэмжээнд гарахгүй байна. Банкууд ч болгоомжтой байна. 2019, 2020 онд зээл зогссон байсан бол 2021 онд зээлийн үлдэгдэл 16 хувиар өссөн байна гэдэг нь бизнес болон хэрэглээнд тодорхой хувиар гараад явчихсан гэсэн үг.

-Крипто валют, цахим мөнгөний хэрэгсэлд цаашид яаж анхаарах вэ?

-Монгол улсын хувьд олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллагын “Саарал” жагсаалтад нэг хэсэг ороод зургаан сарын дотор гарсан. Тус байгууллагын техникийн 40, хэрэгжилтийн 11 зөвлөмж гэж бий. Техникийн 40 зөвлөмж дотор крипто валют буюу виртуал хөрөнгийг зохицуулсан эрх зүйн орчинтой байх ёстой гэж тусгасан байдаг. Хууль эрх зүйн орчин гэдэг нь үүнийг зөвшөөрөөд зохицуулалттай болгох эсвэл хааж зохицуулалтгүй байх тухай ярьж буй юм. Дэлхийн улс орнууд криптог зөвшөөрөхгүй, мөнгө гэж үзэхгүй гээд хаасан зохицуулалттай байна. Үүнд их өндөр хөгжилтэй орнууд багтдаг. Жишээлбэл Англи гэхэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хаасан. Манай улсын хувьд зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн зохицуулалтгүй. Цаашид заавал зохицуулалттай байх ёстой учраас Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг Монгол банк бичээд Хууль зүйн яам, Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдаж байж зохицуулалттай болно. Гэхдээ үүнийг Төв банк зохицуулна гэж хуульд тусгаагүй.

-ФАТФ-аас өгч буй зөвлөмжийн хэрэгжилт ямар байгаа вэ?

-3-4 жилдээ олон улсын байгууллагаас ирж үнэлгээ хийдэг. 2023 онд дараагийн үнэлгээ хийгдэнэ. Олон улсын санхүүгийн мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллагаас өгсөн дээрх зөвлөмжүүдийг хагас дутуу хэрэгжүүлсэн байвал асуудал хөндөгдөнө. Тэгэхээр ирэхэд нь бүх зөвлөмжийг хэрэгжүүлсэн байх үүрэгтэй.

-Зөвлөмжийг нь хэр хэрэгжүүлж байна вэ?

-Техникийн 40 зөвлөмжийн 38 ийг хангалттай хэрэгжүүлсэн. Хоёр зүйл дээр асуудал бий. Нэг нь би дээр хэлсэн Виртуал хөрөнгө буюу койнтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг бий болгох. Харин хэрэгжилтийн 11 зөвлөмжийн долоог хангалттай хэрэгжүүлээд явдаг. Дөрөв нь хагас хангалттай байна. Үүнийгээ сайжруулаад явбал хар, саарал жагсаалтад орох айдасгүй байна.