Энэ есдүгээр сараас боловсролын байгууллагууд болоод сурагчид цар тахлын үетэй зохицон хичээл сургуульдаа орохоор болоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан бид сурагчдын дархлааг дэмжих долоон зөвлөмжийг хүргэж байна.
- Хоол боловсруулах тогтолцоог нь дэмжих
Ходоод гэдсэнд байрлах бичил биетүүд хүний дархлааны системд эерэгээр нөлөөлдөг тул гэдэсний бактерийг хоол тэжээлээр дэмжиж, пробиотик агуулсан хоол хүнс болох кефир, тараг, кимчи, даршилсан байцаа зэрэг бүтээгдэхүүнүүд тогтмол хэрэглэж байх хэрэгтэй.
- Шахалт, дарамтгүй байлгах
Стресс нь урт хугацаанд хүний дархлааны системийг ноцтой гэмтээдэг тул хүүхдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Тиймээс хоолны ширээний ард дотно яриа өрнүүлж, тэднийг сонсоход цаг гаргах бол эхний бөгөөд энгийн арга мөн.
- Агаар салхинд гаргах
Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр хүний бие эндорфин гэх бодисыг ялгаруулж сэтгэл санаа өөдрөг байхын сацуу хийж буй зүйлдээ хичээл зүтгэл гарган саад бэрхшээлийг даван туулах чадвар сайжирдаг байна. Иймд хүүхдээ аль болох цэвэр агаартай орчинд тоглуулж, хөнгөн дасгал хийлгэх хэрэгтэй юм.
- Халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах
Эцэг эхчүүдийн өөрсдөдөө дадал болгож чадахгүй үйлдлийг хүүхдүүд ч мөн дагаж мөрдөх амаргүй байдаг тул халдвар хамгааллын дэглэмийг өөрсдөд дээрээ үлгэрлэн харуулах хамгийн чухал алхам. Иймд эрүүл мэндийн яамнаас гаргаж буй мөрдөх ёстой энгийн атлаа авсаархан аргуудаас өөртөө дадал болгож хэвшүүлэх нь хүүхдээ хамгаалах энгийн арга юм.
- Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
Зохистой хэмжээний шим тэжээлийг хоол хүнсээр дамжуулан авах нь хүүхдийн дархлааг дэмжихэд хамгаас чухал. Олон улсад тогтсон жишгийн дагуу хүүхдээ "Солонгон долоон" өнгийн хүнсээр хооллож хэвших хэрэгтэй. Тухайлбал, цайраар баялаг мах, самар, далайн гаралтай хүнс багтах бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг бүх төрлийн витамины хэрэгцээг нь хангах олон төрлийн хүнсийг өдөр тутамд нь хэрэглүүлэх юм.
- Вакцинжуулалтад хамруулах
Манай улс 12-15 настай хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр дархлаажуулалтад хамруулж эхэлсэн билээ. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдээ дархлаажуулах аяны хүрээнд идэвхтэй хамруулах нь бас нэг энгийн алхам.
- Чанартай нойр авахуулах
Бага насны хүүхдүүд өдрийн 8 цагт унтаж чадвал бүтэн нойроо авдаг гэх судалгаа бий. Иймд хүүхдийг хэт бага болоод хэт их цагаар унтуулахгүй байх хэрэгтэй. Тогтвортой, чанартай нойр авах нь дархлааны системд эерэг нөлөөтэй тул хүүхдүүдийг гар утас, дэлгэцээс холдуулж, хорт зуршлыг хязгаарлаж, оронд нь үлгэр уншиж, унтахаас нь өмнө хөнгөн дасгал хийх зэрэг аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй арга юм.
Эх сурвалж: CNN
Б.Дэлгэрмаа