Б.Баасандорж: Хаалттай мэдээллийг замбараагүй ашиглаж буй учир больж, цахим гарын үсэг, иргэний үнэмлэхээр нь таньдаг байя

Б.Баасандорж: Хаалттай мэдээллийг замбараагүй ашиглаж буй учир больж, цахим гарын үсэг, иргэний үнэмлэхээр нь таньдаг байя

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан "Нийтийн мэдээллийн тухай хууль", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль"-ийн төслүүдийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Нэг иргэнд дор хаяж арван дугаар байна. Жишээлбэл, иргэний үнэмлэхний дугаар, гадаад пасспортын дугаар, татвар төлөгчийн дугаар гэх мэт. Энэ бүх дугаарыг улсын бүртгэлийн 13 оронтой дугаар дор нэгтгэх хэрэгтэй. Энэ 13 оронтой дугаар дээр тухайн иргэний бүх мэдээллийг шивж оруулдаг болно. Харин регистрийн дугаарыг ашигладгаараа ашиглана. Гэхдээ хүний регистрийн дугаарыг хараад хаана хэзээ төрсөн, хэдэн настай ямар хүйстэйг харж болдог. Энэ бол эрсдэл юм. Улсын бүртгэлийн 13 оронтой дугаарт энэ бүхнийг нэгтгэснээр хувь хүний мэдээлэл хамгаалагдана. Хувь хүн өөрийн энэхүү мэдээллээ хэрхэн хамгаалах нь иргэний өөрийн үүрэг болно.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд нээлттэй, хаалттай, хязгаарлалттай мэдээллийн талаар тусгасан. Хаалттай мэдээлэлд хүний биеийн дахин давтагдашгүй өгөгдөл ордог. Сүүлийн жилүүдэд хаалттай мэдээллийг замбараагүй хэрэглэж байна. Дэлхий нийтэд хурууны хээг аль болох ашигладаггүй.

Улсын бүртгэлийн тухай хуульд 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний бүртгэл хийлгэж, иргэний үнэмлэхээ авахдаа хурууны хээгээ өгнө. Дахиад 25 нас, 45 насанд өгнө. Мөн сонгогчийг танихад буюу сонгуульд оролцоход хэрэглэнэ. Бусад нөхцөлд хурууны хээг ашиглахад хаалттай. Миний хурууны хээг авсан газар миний хурууны хээг ашиглаад гэмт хэргийн газарт аваачаад тавихад би гэмт хэрэгтэн болно. Тиймээс одоо хаалттай мэдээллийг больж, цахим гарын үсэг, иргэний үнэмлэхээр нь таньдаг байя гэж зохицуулж байна.

 Хүний хувийн мэдээллийг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллага хэрхэн хамгаалах вэ, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ, мэдээллийг хэрхэн солилцох вэ, иргэдээс мэдээллийг нь хэрхэн авах вэ гэдэг асуудал маш учир дутагдалтай байгаа. Дата баазыг хоёрдогч газрын тос гэж нэрлэдэг. Дата баазыг төр болон хувийн хэвшил зөв ашиглавал газрын тосноос авдаг шиг асар их үр өгөөжтэй. Цугларсан датаг зөв ашигласнаар эдийн засаг эерэг үр нөлөөтэй. Мөн авлига буурна. Мөн нийтийн мэдээллийн тухай хуульд цахим баримт бичгийн баталгаажилттай холбоотой заалтыг оруулж өгсөн. Энэ нь цаасан баримт бичигтэй адил хүчин төгөлдөр байх, нотлох баримт бичгийн хэмжээнд шийдвэрлэгдэнэ" гэсэн юм.

Уг төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг долдугаар сард байгуулсан. Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байгаа юм.