ВИДЕО: “Архангайд гүүр барина” гэж Ж.Мөнхбат УИХ-д сонгогдсон ч ажил хийгдээгүй, автомашинтай иргэд живсээр байна

ВИДЕО: “Архангайд гүүр барина” гэж Ж.Мөнхбат УИХ-д сонгогдсон ч ажил хийгдээгүй, автомашинтай иргэд живсээр байна

Бичлэгт гарч буй гол нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт орших Бор бургаст. Наадмын амралтын өдөр буюу долдугаар сарын 11-нд орсон аадар борооны улмаас тус гол үерлэж  олон тооны автомашин живж иргэд эд хөрөнгөөрөө хохирсоны ердөө ганцхан жишээ доорх бичлэгт харагдаж байна.

-НУТГИЙН ИРГЭД, "Ж.МӨНХБАТ ГИШҮҮН ГҮҮР БАРИНА ГЭЖ ОЛОН ЖИЛ ЯРЬЖ БАЙНА"-

Ерөөс бороо усны үеэр хичнээн хүн тус голд боогдож цаг зав, ажил, амьдралаараа хохирсныг тооцоход бэрх. Цаашлаад амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буйг ч дурдах нь зүйтэй. Нутгийн болон явуулын иргэдийн толгойны өвчин болсон “Бор бургастын гол”-ыг гүүртэй болгох яриа сүүлийн 20 жилийн турш яригдаж буй аж. Нутгийн иргэдийн хэлж буйгаар 2000 оноос хойш тус голд гүүр барих талаар Архангай аймгаас УИХ-д сонгогдсон үе, үеийн гишүүд, аймаг, сумын удирдлагууд ярьж иржээ. Хамгийн сүүлд буюу 2016 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Бор бургастын голд гүүр барина” хэмээж сонгогчидтой уулзах үеэрээ амлаж байсан ч өнөөдрийг хүртэл таг, чиг нам гүм байгаа аж. Ж.Мөнхбат гишүүн 2020 оны сонгуульд дахин нэр дэвших үедээ ч “Одоо яг барина” гэж ярьсан гэх.

Тиймээс Эрдэнэмандалын иргэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гүүр барихыг хүлээж байгаа бөгөөд нэг уулзаадахвал тодруулж, төсөвт хөрөнгө санхүүжилт нь суусан эсэхийг асууна гэсэн юм. Харин энэ асуудлаар Ж.Мөнхбат гишүүн ямар тайлбар хэлэх нь анхаарал татаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас өмнө Р.Гончигдорж, Н.Батбаяр нар Архангай аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байв. Тэд ч гүүр барина гэж ярьж байсан ч хаанаа, юу нь болдоггүйг нутгийнхан ихэд гайхад орхижээ.

Эрдэнэмандал сумаас гарах хоёр л зам бий. Тодруулбал, Хануйн, Бор бургаст гэсэн хоёр том голыг гатална. Хануйн голын гүүрийг гаталж сумаас гарч болох ч бороотой үед шавар ихтэй олон жижиг гол, горхи гатлах учир хүмүүс ихэвчлэн Бор бургастын замыг сонгодог байна. Учир нь Бор бургастын голыг гаталж л чадвал цааш шавар, чулуугүй цагаан замаар давхисаар хүрэх газраа зорьж болно. Гэтэл борооны үеэр Эрдэнэмандалд очсон хүмүүс дээрх хоёр замын алинаар ч явах боломжгүй болж ойролцоо хэд хонохоос өөр аргагүй болдог байна.

Харин баяр наадмын өдрүүдэд хүүхэд, хөгшдээ дагуулсан 40 гаруй автомашин “Бор бургастын гол”-ыг гаталж чадалгүй ойрхон хоноглож зутарч байв. Хэрвээ үхэл, хагацал өвчин зовлонгийн үеэр тус сумыг зорих хэрэг гарвал яах билээ. Тэр тохиолдолд л ГАНЦ ГҮҮР БАРЬЧИХСАН бол олон хүн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө хохирохгүй байж болох тухай агуулга юм. Энэ зун нийт нутгаар усархаг бороо олон өдөр дараалан орж томоохон голууд үерлэн гатлах боломжгүй болсон. Олон хүн үерт өртөж, усанд живж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсноос гадна амь насаа алдсан харамсалтай хэрэг их гарлаа. Эдгээр хэргийн зарим хувь хүний өөрийнх нь үйлдэлтэй шууд холбогдсон бол нөгөө хэсэг нь тухайн орон нутгийн удирдлагуудын санаачилгагүй, идэвхгүй байдлаас хамаарч байгаагийн нэг жишээ энэ юм.