Хэнтийн нуруунаас эх авч, Туул голд цутгадаг Сэлбэ нэгэн цагт Улаанбаатар хотын дундуур мяралзан урсаж, хүүхэд, хөгшдийн амарч, зугаалдаг газар байсан гэдэг. Гэвч цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр хог шороотойгоо холилдон урсаж, “амьтай” үгүй нь үл мэдэгдэм дүр зурагтай болсоор олон жилийн нүүрийг үзэж байна.
Үе үеийн хотын дарга нар Сэлбийг сэргээн тохижуулах амлалт өгдөг ч хий хоосон хийрхэл болж, хариуцах эзэнгүй төгсдөг нь энгийн зүйл мэт болжээ.
-ХОТЫН ДАРГА АСАН Г.МӨНХБАЯР, ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛД НАРЫН САНААЧИЛГААР ЭХЭЛСЭН СЭЛБЭ ГОЛЫН ТОХИЖИЛТЫН АЖИЛД ХАРИУЦАХ ЭЗЭН ОЛДООГҮЙ, “ХАЛТУУРДАЖ” ДУУСАВ-
Сэлбэ голын эрэг дагуух тохижилт, урсацыг сайжруулах ажлын эхлэл 2011 онд тавигдаж байв. Тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяр болон Ерөнхий сайд асан Сү.Батболдын санаачилгаар 2011 оны есдүгээр сард “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, орчныг тохижуулах” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 км үерийн далангийн дагуу явган хүний зам, зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг зэргийг барьж тохижуулан хотын төв хэсэгт амралт зугаалгын бүс болгохоор төлөвлөж уг ажилд 8.9 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн үзсэн байдаг. Гэвч “нийслэлийн төсөв хүрэлцээгүй” гэдэг шалтгаанаар тохижилтын ажлыг хувааж хийхээр болсон.
Ингээд эхний ээлжид Их тойруугийн гүүрнээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр Сэлбэ гол дагуух үерийн даланг тохижуулах төлөвлөгөө баталж, ажил ч эхлэв. Уг ажилд нийт хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Тухайн үед ажлыг хариуцсан эрх мэдэлтнүүд “2013 он гэхэд төсөл дуусаж, нийслэл дундуур урсдаг Сэлбэ гол нөхөн сэргээгдэнэ. Мөн голын эрэг дагуу зундаа амралт зугаалгын төв, өвөлдөө мөсөн гулгуурын талбайтай болно” хэмээж байсан юм.
Гэвч 2013 онд бодит байдал, амлалт хоёр тэс өөр байв. Төсөл удааширч, анхны зураг төслөөсөө тэс өөр дүр зураг нийслэлчүүдийг угтсан.
Төслийн ажил удааширсан шалтгааныг тухайн үед “тендер оройтож зарлагдсан, голын голдрил татмыг нээж олон жил хуримтлагдсан лаг хөрсийг 0.8-1.5 метр хүртэл хуулж зайлуулснаас байнгын устай нөхцөлд ажил явагдаж, хөрсний усыг их хэмжээгээр зайлуулах, хөрсний уснаас тогтсон хоёр метр зузаан мөсийг ухаж авах зэргээс болсон” гэж тайлбарлажээ. Ийнхүү хотын дарга асан Г.Мөнхбаяр, Ерөнхий сайд асан Сү.Батболд нарын санаачлан эхлүүлсэн Сэлбэ голын сэргээх ажил, хий хоосон зардал болж, хариуцахгүй эзэнгүй дуусжээ.
-Э.БАТ-ҮҮЛИЙН ҮЕИЙН УСАН ХӨШИГ-БАС НЭГЭН “УСАН” АМЛАЛТ-
“Сэлбэ гол сэргээгдэнэ”, “тэнд хүүхэд хөгшид амарч зугаалах талбайтай болно”. Энэ бол жил бүр нийслэлчүүдийн эрх мэдэлтнүүдээс сонсдог үг. Харамсалтай нь үйлдэл болдоггүй. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2015 оны долдугаар сард Арслантай гүүрэнд “Усан хөшиг” гэх сүржин нэртэй байгууламжийг дарга нар тууз хайчлан нээсэн байдаг.
Тухайн үеийн хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор “Усан хөшиг”-ийг захиалан хийлгэжээ. Гүйцэтгэгчээр “Хан-Урсгал” компани ажиллаж, гурван жилийн баталгаа гаргасан бол цаашдын арчлалт, тохижилтыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцан ажиллахаар болж хүлээн авсан билээ.
Байгууламжийн ажилд нийт 70,1 сая төгрөг зарцуулсан байдаг. Гэвч нээлтээ хийснээс хойш долоо ч хонолгүй хоолой нь салж, эвдэрснээр иргэдийг бухимдуулж, “мянгуужингийн үлгэр” дахин давтагдсан. 100 гаруй сая төгрөгөөр бүтсэн уг ажлын одоогийн дүр зураг нь тун өрөвдөлтэй. Будаг нь халцарсан хэдэн турбоноос ус гоожих нь битгий хэл, арайхийн тогтож байх аж.
Тухайн үеийн хотын удирдлагууд “Усан хөшиг хөрсний усыг тусгайлан бэлдсэн цоргоор гол руу буцаж гоожуулах үндсэн системтэйгээр ажиллана. Мөн эргэн тойронд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна” гэж ярьж, амлацгааж байв. Гэвч арайхийн урсаж буй Сэлбэ голыг доромжлох мэт хэдэн төмөр ёрдойн харагдах нь өнөөгийн дүр зураг.
-2018 ОНД СЭЛБИЙГ СЭРГЭЭХ АЖИЛ ДАХИН ЯРИГДСАН Ч МӨН Л ХООСОН АМЛАЛТААР ДУУСЖЭЭ-
Ийнхүү олон жил эрх мэдэлтнүүдэд мартагдсан Сэлбэ голыг тохижуулах ажил 2018 онд дахин эхэлжээ. Тухайн үеийн хотын даргаар Сү.Батболд ажиллаж байсан. Сэлбэ голыг тохижуулах зураг төслийг нийслэлийн удирдлагууд баталж, уг ажлын хүрээнд Арслантай гүүрнээс урагш Натур төвийн урд талын гүүр хүртэлх хэсэгт тохижилтын ажил хийх байв. Тухайн үед Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн газрын ерөнхий инженер байсан Ж.Баясгалан “1400 метр зайд боомт бүхий тунгаагуур, үүнээс цааш Нарны зам хүртэл тохижилт болон усны барилга байгууламжийн ажлын зураг хийгдсэн байгаа. Төсөв мөнгө нь ойролцоогоор 50 гаруй тэрбум төгрөг болсон. Үүнд Улаанбаатар хотоор урсаж буй Туул, Сэлбэ голын бүхий л хэсэг багтсан” хэмээн ярилцлага өгч байжээ. Гэвч энэ ажил дахин “замхарсан”. Товчхондоо, урьдын түүх давтагдаж, хагас дутуу, хэсэгхэн талбайг тохижуулсан болоод өнгөрснийг олон хүн гэрчилнэ.
Ийнхүү 2011 онд тохижуулсан багахан талбайн сандал эвдэрч, явган хүний зам нь элэгдэн, хүмүүсийн амарч зугаалж, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бус хогонд дарагдсан гол болсоор удлаа. 2011 оноос хойш олон ч хэд хэдэн хотын дарга солигдсон ч Сэлбэ голыг сэргээж чадсангүй. Харин Сэлбэ гол үе үеийн хотын дарга нарын сонгуулийн шоу болсоор.
Өнгөрсөн зургадугаар сарын 08-ны Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатар дүүргээс эхлэн Сэлбэ голын борооны ус зайлуулах суваг, тохижилт урсацыг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан байгуулах хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгах шийдвэр гарсан. Гэвч дээрх “хий хоосон амлалтууд дахин давтагдаж, сонгуулийн шоу болох уу” гэдэг асуулт, ардаа хариуцлага гэдэг томоос том үгтэй үлдэж байна.