Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхээс 4 жил 6 сарын хорих сонсож, шоронд хоригдож байсан М.Энхсайханд “уучлал” үзүүлсэн нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байв.Учир нь түүнд хорлон сүйтгэх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр хорих ял оноогоод байсан юм.
Харин М.Энхсайханыг хэлмэгдүүлсэн, түүнийг шоронд суулгахад Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэх иргэд цөөнгүй байдаг. Мөн УИХ дахь АН-ын бүлэг М.Энхсайханд уучлал үзүүлэх тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан хүсэлтдээ, “М.Энхсайхан нь хилсээр шүүгдэж улс төр, үзэл санааны хоригдол болсон гэж бид үзэж байгаа бөгөөд түүний хэргийг шүүсэн нэр бүхий шүүгчид асуудалд ул суурьтай, бодитой ханадаггүй болох нь цаг хугацааны явцад нийтэд ил болж, нийгэмд “хонгил”-ын шүүгчид хэмээн яригдах болжээ” гэсэн байдаг.
-ХОРЛОН СҮЙТГЭХИЙГ ЗАВДСАН ГЭМТ ХЭРГИЙГ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ҮЙЛДСЭН ГЭЖ БАЙВ-
2014 онд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод холбогдох гэрээг байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар М.Энхсайхан ажиллаж байхдаа “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, БНХАУ-ын “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпораци”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзэж байв.
Энэхүү үндэслэл гарах болсон шалтгаан нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 82,89 хувь нь төрийн мэдэлд, 17,05 хувь нь иргэдийн нэр дээр харин үлдсэн 0,06 хувь нь Монгол улсын 533 аж ахуйн нэр дээр тус тус бүртгэлтэй байдаг атал дээрх “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпораци”-уудтай хийсэн гэрээний төсөлд хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах талаар зүйл заалт тусгагдаагүй нь Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн тухайн компанид хувьцаа эзэмших, өмчлөх Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үр дагаварт хүргэж байна гэх томоохон үндэслэл үүссэн байна.
Улмаар энэ нь нийтийн өмчийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахад төрийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх зэргийг үнэгүйдүүлсэн шинжийг агуулсан гэж үзэж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж хорлон сүйтгэхийг завдсан гэмт хэргийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт М.Энхсайхан анх холбогдоод байв.
-М.ЭНХСАЙХАН: ХОРЛОН СҮЙТГЭХ ГЭДЭГ ЗҮЙЛ АНГИАР ЯЛЛАЖ БАЙГААД ЭМЗЭГЛЭЖ БАЙНА -
Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Энхсайхан шүүх хурлын үеэр өгсөн хэлэлцүүлэгтээ, “Би монгол төрд хамаг насаа зориулж яваа хүн. Улс төрд их бага хэмжээгээр оролцсоор 40 гаруй жил болж байна. Төрийн өндөр суудалд сууж байсан хүнийг хорлон сүйтгэх гэдэг зүйл ангиар яллаж байгааг би хувьдаа эмзэглэж хүлээж авч байгаа гэдгээ хэлмээр байна. Таван толгой гэх орд нь Монголын ард түмэнд бурхан тэнгэрээс заяасан том орд. Энэ ордыг ашиглахдаа бид мега төсөл болгох гэж байна. Мега төсөл болгохын тулд хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйл нь бид нар олон орнуудтай өрсөлдөж байж энэ ордыг мега төсөл болгож чадна.
Өмнө нь 2011 онд олон улсын тендер зарлаж, гадаадын 15, 16 компани консерциум Монголд саналаа ирүүлсэн байдаг.
Хэлэлцээр хийх гээд гурвыг нь шалгаруулж аваад хэлэлцээрийн ширээний ард суусан байдаг. Би 2011 онд таван толгой гэх ордыг мега төсөл болгож чадахгүй унасан. Прокурорын яллах дүгнэлт дээр 2014 оны оролдлогыг 2008, 2009, 2010, 2011 оны Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн гэж гарч байгаа мөртлөө 2014 оны гол таван толгойн гэрээг хийх гэсэн Улсын Их Хурлын шийдвэр, Засгийн газрын тогтоол ерөөсөө дурдагдаж өгөхгүй ийм зөрчилтэй асуудал үүсээд байна. Энэ нь хууль зүйн гэхээсээ илүү улс төрийн асуудал болж байна” гэсэн утга бүхий зүйлийг мэдүүлж байжээ.
-Л.ЭРДЭНЭЧИМЭГ: ХЯТАДЫН КОМПАНИД ХЯЗГААРГҮЙ ЭРХ ОЛГОСОН ГЭЖ БИ ҮЗЭЖ БАЙГАА-
Мөн шүүх хуралд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг хэргийн гэрчээр оролцож байжээ. Тэрээр Тавантолгойн гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм. Л.Эрдэнэчимэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Энэ гэрээ Оюун толгойн гэрээнээс муу заалт бүхий гэрээ болсон байсан. Оюу толгойн гэрээг бид нар муу гэрээ гэдэг боловч энэ гэрээний хажууд бол сайн гэрээ болсон. Манай улс Оюу толгойн гэрээгээр 36 хувийг эзэмшдэг бол. Таван толгойн гэрээгээр бол Монгол улс 2 хувийг эзэмшиж гадныхан 98 хувийг эзэмшихээр гэрээний төсөл боловсруулсан байсан.
Мөн 60 жилийн хугацаанд Монгол улсын Засгийн газар болон Эрдэнэс таван толгой ХК, Таван толгойн орд газар луу орох, хяналт тавих эрхгүйгээр хийгдсэн гэрээ.
Тэгэхээр ерөөсөө гаднын газар нутаг болсонтой ялгаагүй байсан. Мөн Төслийн компани нь Монгол улсын газар нутаг дээр дуртай газраа хайгуул хийх эрхтэй ба, хайгуулаар олдсон газрын баялгийг ашиглах давуу эрх эдлэхээр заалт орсон байсан. Гэрээний яг хэдэд заасан талаар санахгүй байна. Энэ нь Таван толгойн орд газраас хальсан Хятадын төрийн өмчит компанид хязгааргүй эрх олгосон гэж би үзэж байгаа. Хятадын төрийн өмчит компани Монгол улсын нутаг дэвсгэрт ямар ч төрийн хяналтгүй үйл ажиллагаа явуулах нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл юм” гэсэн утга бүхий зүйлийг мэдүүлсэн гэсэн юм.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат шүүхэд өгсөн мэдүүлэгтээ, “Миний хувьд М.Энхсайхан сайд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт БНХАУ-ын Шинхуа Энержи, Монголын “MMC” компаниудаар төмөр зам бариулж болохгүй гэдэг саналыг бичгээр өгсөн. Ингээд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан Хамтын ажиллагааны гэрээний төсөлд гарын үсэг зурах гэж байхад нь 2015 онд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд таслан зогсоосон. Энэ бол маш сайн зүйл болсон. Хэрэв энэ гэрээнд гарын үсэг зурагдсан бол Улс орны эдийн засагт өгөх үр ашиг нь бага байх байсан” гэсэн утгатай зүйлийг мэдүүлж байжээ. Харин шүүхээс М.Энхсайханд холбогдох “хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан” гэсэн хэргийг прокурорт шилжүүлж, дахин шалгах шаардлагатай гэж үзсэн юм.
-ХОРЛОН СҮЙТГЭХ ГЭСЭН ХЭРГИЙГ БУЦААЖ, АВТОМАШИН АВСАН ХЭРГЭЭР ЯЛ ОНООВ-
Харин М.Энхсайхан нь 2013-2015 оны хугацаанд Таван толгой цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү иргэн Ч, түүний хүү иргэн А нарын 2006 онд үүсгэн байгуулсан “EAC” ХХК-ын эзэмшилд 2010 онд гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр Тоёота Лексус маркийн тээврийн хэрэгслийг оруулж ирж байсан тус тээврийн хэрэгслээ 2,5 жилийн дараа М.Энхсайхан нь өөрийн “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид 2013 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130 сая төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55 сая төгрөгөөр илүү үнээр худалдан авч, Эрчим хүчний яаманд /улсад/ их хэмжээний хохирол учруулсан гэж шүүхээс түүнд 4,6 жилийн хорих ял оноогоод байсан юм.