С.Норжмаа: Хоёр сая дахь иргэнийг төрүүлсэн дурсамжаа мартдаггүй

С.Норжмаа: Хоёр сая дахь иргэнийг төрүүлсэн дурсамжаа мартдаггүй

“Жинст” дотор, мэдрэл, уламжлал, эмэгтэйчүүд, клиник биомхими, нян судлалын лаборатори бүхий нэгдсэн эмнэлгийн захирал, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр С.Норжмаагийн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.

-ШИНЭ ХҮНИЙ ЧАС ХИЙСЭН ДУУГ СОНСООД Л СЭТГЭЛ СЭРГЭЖ, ЯДАРСНАА МАРТДАГ ДАА-

-С.Норжмаа эмчээ та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Эрүүл мэндийн салбарт хэд дэхь жилдээ ажиллаж байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн, эрх барих эмчийн мэргэжлийг сонгоход тань юу нөлөөлсөн бэ. Эмч болох хүсэл таны мөрөөдөл байв уу?

-Би Ховд аймгийн Дуут суманд төрсөн. Алтайн уул нурууд нь хүчтэй салхи шуурга тавихаас өмнө хүнгэнэн дуугарч түүнийг нь уулын нуур тосон мандал дээрээ давтсанаар уг дуу нь өндөрсөж, нуур дуулаад байгаа юм шиг сонсогддог байсантай холбоотойгоор нэгэн нуурыг Дуут нуур гэж нэрлэсэн байдаг. Энэ нуурынхаа нэрээр сумаа нэрлэсэн юм. 

Эрүүл мэндийн салбарт нийт 42 жил ажиллаж байна. Эмчийн мэргэжлийг сонгоход ээж минь нөлөөлсөн. Ээж минь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж ирээд “Эмч хүн буянтай, хүнд тустай сайхан ажил хийдэг юм байна. Миний охин эмч болоорой” гэж хэлж байсан. Тэгээд л эмч мэргэжлийг сонгож байлаа. Би хүүхэд ахуйдаа чагнуур зүүсэн эмч хүнийг хараад биширдэг байлаа. Энэ хүн шиг ийм гоё эмч болохсон гэж. Бас сургуульдаа сурлага сайтай, таван онцын эзэн тэмдэгтэн, сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга гээд гайгүй нэгэн байсан болохоор эмч болохыг санаархдаг байлаа. Ингээд л зорилгынхоо дагуу эмч мэргэжлийг эзэмшсэн дээ.  /инээв/

-Таныг Анагаах ухааны дээд сургуульд элсэх үед эмч мэргэжлээр суралцах хүсэлтэй оюутнуудын өрсөлдөөн их, шалгуур ч чанга хатуу байсан байх. Их олон шалгуурыг давж эмч болсон нь тодорхой. Тэр үеийг эргэн дурсвал?

-АУДэС-ийн элсэлтийн шалгалтад 12 бага эмч 3 хуваарь дээр өрсөлдөж хамгийн өндөр оноогоор анхны хуваарийг авч байсан. Өнөөдөртэй харьцуулбал цөөн хуваарь дээр ширүүхэн өрсөлдөнө шүү дээ. Тэр үед манай эмнэлгийн дарга хамт олны цуглаан дээр намайг байнга ярьдаг, магтдаг байсан гэж хамт олон маань ярьцгаадаг. 

-Эмч мэргэжил их онцлогтой. Олон жил суралцаж ажлын талбарт гарсан ч цаана нь мэдэхгүй, чадахгүй зүйлүүд үлдсээр л байдаг. Амьдралынхаа туршид суралцдаг мэргэжил юм болов уу гэж би хардаг юм. Та ямар төсөөлөлтэй, мөрөөдөл, зорилготой ажлын талбарт гарч байв даа. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-1973 онд Говь-Алтай аймгийн АУДуС-ийн эх баригч бага эмчийн мэргэжлээр төгссөн. Төгсөөд Ховд аймгийн  нэгдсэн эмнэлэгт  эх  баригч  бага эмчээр зургаан жил ажилласан. Ингэж миний ажлын гараа эхэлж байлаа. Дараа нь 1985 онд АУДэС-ийн эмчилгээний ангийг “Онц” дүнтэй, улаан дипломтой төгсөж Улаанбаатар хотод клиникийн 1-р амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж эхэлсэн. 

Эмч мэргэжил хариуцлагатай, няхуур, хүнлэг энэрэнгүй, зөөлөн, хүний зовлонг ойлгож харьцдаг нарийн мэдрэмж шаардсан мэргэжил. Амьдрал, ажлынхаа туршид байнгын суралцаж, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэн, дадлага, туршлага олж авч өөрийгөө насан туршдаа хөгжүүлж суралцдаг мэргэжил юм.

Ард түмэндээ хүндлэгдсэн сайн эмч байх юмсан гэж л өнгөрсөн хугацаанд хичээж иржээ.

-Ажил дээр гарахаар суралцахаас илүү хариуцлагыг таниас шаардсан нь мэдээж. Та Нэгдүгээр амаржих газарт 10 жил ажилласан үеийнхээ дурсамжийг, жаргал, зовлонг бидэнтэй хуваалцаач. Хүнээс хүн төрүүлнэ гэдэг амаргүй. Хэдий их хичээсэн ч санаснаар болохгүй тохиолдлууд байна. Тэр үед барьц алдах, сэтгэлээр унах, баярлаж хөөрөх гэх мэт олон сэтгэл хөдлөлийг мэдэрсэн нь тодорхой болов уу?

-Нэгдүгээр амаржих газрын 1,2-р тасгийн төрөх өрөөнд төрөх эхчүүдийн төрөлтийг удирдаж явуулдаг байсан. Хоёр хүний амь насыг хариуцдаг болохоор маш хариуцлагатай, төрөх эх бүрт төрөлтийн төлөвлөгөө, тактикийг боловсруулан хэрэгжүүлж ажилладаг. Эх, нярайг хүндрэлтгүй төрүүлэхэд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн нарийн ур чадвар шаарддаг урлаг.

-ЧАГНУУР, ХАЛАДТАЙГАА ЭХЛҮҮЛЖ БАЙСАН ХУВИЙН ЭМНЭЛЭГ МААНЬ 35 ЭМЧ АЖИЛТАНТАЙ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БОЛТЛОО ӨРГӨЖСӨН БАЙНА -

-Олон цагаар ажиллах, ядрах, сэтгэлээр унах үедээ энэ мэргэжлийг яах гэж сонгов доо гэж шандарч байсан удаа бий юу. Ер нь эмч хүний маш их ачааллыг яаж зохицуулдаг вэ?

- Олон цагаар ажиллаж, ядрах үедээ хааяа шантрах үе гарч л байсан. Тэр үед төрсөн эх, гэр бүлийн баяр хөөр, шинэ хүний час хийсэн дуу хоолой зэргийг сонсоод эрч хүч авч, хүнд хэцүү үе мартагдаж сэтгэл сэргээд ядарснаа мартаад цааш ажилласаар өдийг хүрчээ. Энэ л миний мэргэжлийн онцлог юм уудаа. 

-Та эрүүл мэндийн салбарт ажиллахдаа нийт хэдэн хүүхдийн хүйн ээж болсон байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт 13 жил эх барих эмчээр ажиллах хугацаандаа 7200 гаруй эхийн төрөлтийг удирдаж төрүүлж, 1200 хүүхдийн хүйн ээж болсон байдаг юм. 1996 оноос эхлэн эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулан ажиллаад одоо дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, уламжлалт, дүрс оношлогооны чиглэлээр өргөжин иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, улсын эрүүл мэндийн байгууллагын ачааллаас үүрэлцэж явна. 

-Таны эх барьж авсан хүүхдүүд одоо холбоотой байдаг уу? 

-Эх барьж авсан 12 охиныгоо би төрүүлсэн түүхтэй.

Өөрийг нь болон хүүхдийнх нь хүйн ээж гэсэн үг. Тэдний маань зарим нь намайг "Ээжээ" гэж дууддаг. Цагаан сараар гэр бүлээрээ ирж золгодог гээд сайхан дурсамж олон бий. 

-Эмчээр ажиллах хугацаанд таны дурсамжид тод үлдсэн түүх. Эх, хүүхдийн амь аврахаас эхлээд өчнөөн л үйл явдал болсон байх?

-Монголд хоёр сая дах иргэн төрөхөд төрөлтийг удирдаж төрүүлсэн.

Амаржих газар ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн баатар, ардын эмч Б.Жав, ардын эмч Б.Үйлст, хүний гавъяат эмч Б.Бүлтэн, эмэгтэйчүүдийн эмч Норпил, Дуламжав зэрэг мэдлэг чадвар, туршлагатай эмч нартай хамтран ажиллаж, их зүйлийг сурсан нь олон хүнд хэцүү үеийг давж гарах мэргэжлийн ур чадварыг олгосон.  

-1996 онд өөрийн хувийн “Жинст” эмнэлгийг үүсгэн байгуулаад тусдаа гарч байжээ. Бас л эр зориг, эрсдэл шүү дээ. Тухайн үед та мэдээж зорилготой, төлөвлөгөөтэй л тусдаа гарч байсан байх. Хувийн эмнэлгээ байгуулж байсан түүхээсээ хуваалцвал?

-Анх нэг эмч, нэг сувилагчтайгаар нэг өрөө түрээслэн эмэгтэйчүүдийн эмнэлгийг байгуулж байснаас хойш өдийг хүртэл 35 эмч, ажилчинтай 771 м.кв талбай бүхий  нэгдсэн эмнэлэг, 540 м.кв талбай бүхий сэргээн засах сувилал болтлоо хөгжиж, өөрийн байранд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Жилд амбулаториор  20000, эмнэлэгт 1200  үйлчлүүлэгчдэд дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, уламжлалт, чих хамар хоолой, нүд, арьс, харшил, дүрс оношлогоо, клиник, биохими, сериологи, нян судлалын лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Манай эмнэлэгт ажиллаж байсан таван эмч тусдаа гарч хувийн эмнэлэг байгуулан одоо амжилттай явж байна. 

-Одоо харахад таны хувийн эмнэлэг үнэхээр амжилттай ажиллаж байна. Эрсдэл үүрч, эр зориг гарган эмнэлэг байгуулсан нь болждээ гэж бодогдохоор байна. Улсын эмнэлэгт ажиллаж байгаад хувийн эмнэлэг хариуцаж, “толгойлох” асар их ялгаатай байх. Тийм үү?

-Хувийн эмнэлэг толгойлж ажиллана гэдэг эмчийн мэргэжлээс гадна бүх талын тухайлбал удирдлага менежмент, санхүү эдийн засаг, барилга инженер зэрэг мэдлэг шаардсан, бүх зүйл толгой дээр ирж, маш том хариуцлага үүрсэн ажил. Удирдлагын академид төрийн удирдлагын менежерээр суралцаж төгсөх, санхүү эдийн засгийн мэдлэгээ дээшлүүлэх зэргээр өөрийгөө боловсруулах асуудал цаг ямагт тулж байдаг.

-Хувийн эмнэлгээ хөл дээр нь босгоод тогтвортой үйл ажиллагаа явуулж өнөөдрийн амжилтад хүрэх хүртэл таныг юу эсийг туулсан болдоо гэж сонирхож байна ?

-Хувийн эмнэлэг байгуулах зориг шулуудаж, улсын эмнэлгээс халад, чагнууртай гарч байлаа. Хамгийн хэцүү гол тулгамдсан асуудал бол өндөр хүүтэй зээлээр эмнэлгээ анх байгуулсан явдал юм. Арай залуу байсан болохоор их зоригтой байжээ. Зээлээ төлөх гээд ухаангүй л урагшаа харж ажилласаар өнөөг хүрчээ. Одоо ингээд бодохоор их зоригтой ажиллаж зорилгоо биелүүлсэн мэт санагдаж байна. Өнгөрсөн хугацаанд манай эмнэлэг дөрвөн удаа магадлан итгэмжлэгдсэн. 2019 онд хамгийн өндөр оноогоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангаж таван жилээр магадлан итгэмжлэгдсэн. Энэ бол миний хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим юм. Бид үйлчилгээний чанараа илүү сайжруулж ажиллахаар зорьж явна даа. 

-Нөхөр тань эмнэлгийн мэргэжилтэй юм байна. Ханийнхаа тухай бидэнд танилцуулбал. Ижил мэргэжилтэй хүмүүс биендээ түшиг болохоос эхлээд мэргэжлийнхээ жаргал, зовлонг сайн ойлголцдог байхаа. Энэ талаар?

-Нөхөр маань Эрүүл ахуйч мэргэжилтэй. Эхний жилүүдэд мэргэжлээрээ ажиллаж байсан. Сүүлийн үед амаржих газарт аж ахуй эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан болохоор миний мэргэжлийг сайн ойлгодог. Амьдралынхаа тал хувийг эмнэлэг дээр өнгөрөөж байсан. Энэ хугацаанд нөхөр маань ар гэр, амьдралын асуудлыг  хариуцаж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг байлаа.

-Охин тань мөн эмч гэлээ. Мэргэжлээ сонгоход нь та тусалсан уу. Эсвэл өөрөө хүсэл сонирхлоороо эмч болов уу. Гэр бүлээрээ эмч байхын давуу болон сул талыг юу гэж хэлэх вэ?

-Миний том охин эмэгтэйчүүдийн эмч. Өөрөө мэргэжлээ сонгосон. Гэр бүлээр эмнэлгийн мэргэжилтэй байхын давуу тал нь эмнэлгийн ажлыг ойлгож, бие биедээ тусална. Сул тал нь ар гэр, үр хүүхдэдээ тавих цаг хугацаа бага байдаг.

-БИД КОРОНАВИРУСЫН ГОЛОМТЫН ХЯНАЛТАД НЭГ ИХ ЭМЧ, ДАРХЛААЖУУЛТАД 4 ЭМЧ СУВИЛАГЧИЙГ  10 ХОНОГ АЖИЛЛУУЛСАН-

-Ганц эмнэлгээ ажиллуулаад зогсохгүй дараагийн үеийн боловсон хүчнээ бэлтгэх чиглэлд анхаарч багшаар ажиллаж байсан гэж сонссон. Тань шиг үнэт туршлагатай, капиталууд аль ч салбарт хэрэгтэй байна шүү?

-Эмнэлгийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх институтын эх барих, эмэгтэйчүүдийн  танхимд багшаар ажиллаж байсан. Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр багшилж, 120 гаруй эмч нарыг бэлтгэж байлаа. Хариуцлага л гэж хардаг даа.

-Эмч мэргэжлийг сонгож суралцаж буй суралцах гэж бэлтгэж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Сонгосон мэргэжилдээ дуртай, үргэлж суралцаж байх, ном их унших, зорилготой, хүнлэг, хүнийг хайрладаг байх хэрэгтэй.

-Цаг үетэй холбоотойгоор нэг асуулт асууя. Коронавирусын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байна. Эмч хүнийхээ, иргэнийхээ хувьд та коронавирусын тархалтыг хумих чиглэлд салбарын яамтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Коронавирусын тархалт нэмэгдэж байгаатай холбоотой голомтын хяналтанд 1 их эмч, дархлаажуулалтад 4 эмч, сувилагчийг 10 хоног ажиллуулж 1600 гаруй хүнд вакцин хийж ажиллажээ. 

УОК-т 500,000 мян төгрөгийн хандив өгсөн. Мөн коронавирусын халдварыг илрүүлэх тестийн шинжилгээг эмнэлэг дээрээ хийж байна. Бид боломжоороо улсдаа хувь нэмрээ оруулж буй нь энэ.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.