Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.06.02/ Улсын онцгой комисст ажиллаж байна. Энэ үеэр УОК, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн зүгээс сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж буй талаар хэллээ. Тухайлбал, өнгөрсөн 24 цагт 1143 хүнээс халдвар илэрсэн. Үүний зэрэгцээ вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд халдвар авагчдын тоо буурахгүй байгаа юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсэгчилсэн хөл, хорио тавьж магадгүй талаар ярилаа. Тодруулбал, тэрбээр " Нэгд, дархлаажуулалт Увс, Дунговь, Өвөрхангай аймагт доогуур үзүүлэлтэй байна. 15.00 цагт Засаг дарга нартай цахимаар уулзаж, яагаад вакцинжуулалт муу байгаа талаар мэдээлэл сонсч, шаардлагатай бол хариуцлага тооцож ажиллах шаардлага байна. Улаанбаатар хотоос хол, алсагдсан аймгуудад хүйтэн хэлхээтэй холбоотой асуудлаас болж удаашралтай байвал ойлгож болно. Гэтэл хоттой ойр аймгуудад яагаад дархлаажуулалт муу байна вэ. Дархлаажуулалтыг ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалттай уяж, хариуцлагажуулах хэрэгтэй. Аймгууд дархлаажуулалтад хойрго хандаж ажиллаж байгаа бол зайлшгүй хариуцлага тооцож ажиллах чиглэлийг өгнө.
Хоёрт, вакцин хийлгээгүй үлдэж байгаа 1.1 сая хүүхэд, 200 мянган иргэн, тэр дунд 80 мянган жирэмсэн эхчүүд байна. Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэд халдвар авах байдал буурч байгаа гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн сайд өглөө. Насны бүтцийн хувьд вакцинжуулалт эхлээгүй байх үед ахмадууд голдуу халдвар авч байсан бол өнөөдөр 5-14, 15-24 25-34, 35-44 насны иргэд халдварт хамгийн өртөмтгий байна. Тэгэхээр вакцинд эхэлж хамрагдаагүй иргэдэд илүү эрсдэл үүсч байна гэж ойлгож байна. Хүүхдүүд, залуучууд дээр илүү эрсдэл үүсэж байна. Залуу хүмүүст өөрт нь шинж тэмдэг мэдэгдэхгүйгээр халдварлаж, цаашлаад халдвар тараах эрсдэл нь өндөр байна. Үүнийг иргэддээ зөв ойлгуулж, мэдээллийг зөв талаас нь өгөхийг дарга нар анхааралдаа ав.
Гуравт, Эрүүл мэндийн сайдын танилцуулсан мэдээгээр вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь, хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.53 хувь нь халдвараар өвчилсөн байна. Тодруулбал, 3876 иргэн вакцины хоёрдугаар тунгаа тариулсан ч гэсэн халдвар авч, өвчилсөн байна. Олон улсын түвшинтэй харьцуулахад доогуур тоо. Гэхдээ энэ асуудал дээр маш сайн тандалт, судалгааг хийх хэрэгтэй. Вакцин тариулсан хүмүүст хүндрэл илэрсэн үү, ямар шинж тэмдэг илрэв, насны хувьд ямар байна, хаанаас халдвар авсан гэдгийг тодруулж, судлах хэрэгтэй. Хэдий бага, нэг хувьд хүрээгүй байгаа ч энэ нь бидний хувьд цаашдаа анхаарах чухал асуудлын нэг. Вакцин хийгээд 14 хоног болоод халдвар авсан бол хөнгөн тусч байгааг тогтоож байх шиг байна. Мөн вакцины хоёрдугаар тунд хамрагдсан ч гэсэн халдвар тээгээд яваад байх боломжтой гэсэн асуудал байгаа. Энэ асуудлыг дэлхий нэлээдгүй сонирхож судлах хоёр улсын нэгээр Монголыг сонгож, судалгаа хийх гэж байна. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй.
Дөрөвт, эрсдэлтэй бүлгийн иргэдийнхээ 90 орчим хувийг хоёрдугаар тунд хамруулчиж байгаа учраас цаашдаа хатуу хөл хориог тавихгүй байх талаас нь ажиллана. Хатуу хөл хорио эдийн засагт хохиролтой. Ийм хатуу хөл хорихгүйгээр хэсэгчлэн хөл хорио тогтоож явахаас өөр гарцгүй. Тиймээс иргэд маань нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол хоёрдугаар тунгаа заавал хугацаандаа хамрагдах хэрэгтэй. Үүнд бүх шатны төрийн байгууллагууд анхаарал хандуулж ажиллах чиглэлийг өгч байна байна. Вакцин хамрагдахгүй байгаа иргэд маань илүү няхуур, болгоомжтой байх хэрэгтэй. Энэ чиглэлд ч албанын шаардлага, шалгуураа өндөрсгөж, мэдээллээ цаг тухайд нь өгөх чиглэлийг хэлж байна.
ҮЗЭХ: