Яг долоо хоногийн дараа Монгол улс шинэ Ерөнхийлөгчөө тодруулна. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу анхны зургаан жилээр сонгогдож буй шинэ Ерөнхийлөгч ажилдаа орж Х.Баттулга "буух" юм.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн дөрвөн жилд мөрийн хөтөлбөрөө хэр сайн хэрэгжүүлсэн бэ гэдгийг энэ цаг үед дүгнэе. Өөрөөр хэлбэл, тэр амлалтаа биелүүлж чадсан уу гэдгийг эргэн саная. Түүний хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас "Монгол ялна" уриатай оролцож нийт сонгогчдын олонхийн санал буюу 610541 /50.6%/ авч байлаа. Харин түүнтэй өрсөлдсөн МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 496840 /41.2%/ иргэний саналыг авсан юм.
Х.БАТТУЛГА МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ:
- Нэгдүгээрт, “Монголын ард түмэн хүсэл зоригоороо тэмцэн бүтээсэн ардчилал, шударга ёс, хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг бататган хамгаалах бодлогыг боловсронгуй болгож, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах” гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Гэтэл, тэрбээр 2019 оны есдүгээр сард Монгол улс ПАРЛАМЕНТЫН эсвэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН засаглалтай байх уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар асуух шаардлагатай гэх санаачилгыг гаргасан. Энэ нь парламентын засаглалаас ухарсан Монгол улсын аюулгүй байдлын баталгааг сулруулж ардчилсан нийгмийг үгүйсгэсэн үйлдэл гэж тухайн үед судлаачид шүүмжилж байв. Мөн тэрээр цаазын ялыг сэргээх саналаа ч Хууль зүйн яаманд хүргүүлэхийн зэрэгцээ ардчиллын гол тулгуур гэгдэх хараат бус шүүх засаглалын үйл ажиллагаанд оролцож байсан билээ.
- Хоёрдугаарт, “Монгол Улсын хууль тогтоомж нь Үндэсний Аюулгүй байдлын Үзэл баримтлалд нийцсэн байх эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Гэтэл, өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван хүнээс бүрддэг “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” /ҮАБЗ/ нь хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлж зарим шийдвэрийг гаргасан гэх шүүмжлэл гардаг. Учир нь, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага юм.
Товчхондоо, эндээс гарсан зөвлөмжийг заавал хэрэгжүүлэх албагүй гэж мэргэжилтнүүд хэлж байв. Гэтэл “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-ийн зөвлөмжөөр Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авах, мөн шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг тус зөвлөлийн зөвлөмжөөр өөрчилдөг болсон юм. Сүүлд тэрээр Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-ийн хуралд дуудаж уулзана гэхэд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эсэргүүцсэн гэдэг. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга парламентын засаглалтай манай улсыг ҮАБЗ-ийн засаглалтай болгох гэж оролдсон гэхэд болно.
- Гуравдугаарт, “Хөрш орнууд болон Гуравдагч хөрш орнуудтай аюулгүй байдал, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж улс орныхоо бие даасан байдлыг бэхжүүлэх бодлого боловсруулан онцгой анхаарч ажиллах” гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Гэтэл, тэрээр Шанхай хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д Монгол Улсын оролцоог ахисан түвшинд гаргана хэмээн мэдэгдэж байв. Түүний энэхүү бодлогыг зарим эх сурвалжууд, “манай улсын гуравдагч хөршийн харилцааг үгүй хийх гэж байна” хэмээн бид хардах эрхтэй гэж мэдэгдэж байлаа.
Мөн BTI буюу “Bertelsmann Stiftung”-ийн өөрчлөлтийн индекс 2020” судалгааны тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь Олон улсын форум, НҮБ-ыг тун бага сонирхдог. Тэр НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганд оролцоогүй бөгөөд ихэнхдээ бүс нутгаар айлчилж байсан. Түүний оролцоо хангалтгүй байгаа нь Монгол Улсын олон улсын тавцанд олж авсан нэр хүндийг доройтуулж байна” гэж байлаа. Энэ нь түүний өнгөрсөн дөрвөн жилд гадаад бодлогод ямар чиг баримжаа барьж ажилласныг илтгэх тодорхойлолт юм.
- Дөрөвдүгээрт, “Талцал, хуваагдлыг таслан зогсоож, эвлэрэл нэгдэлд хөтөлсөн үндэсний бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах” гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Гэтэл, 2018 оны арваннэгдүгээр сард УИХ-ын нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхий засгийн газрын огцруулах өргөн барьж байв. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцож, АН-ын бүлгийн гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Б.Мурат нарыг У.Хүрэлсүхийн талд конпдуулж байлаа. Үүнээс болж АН хоёр хуваагдсан гэж болно.
Харин үүний дараа “МАНАН дэглэмийн эсрэг” жагсаалыг Х.Баттулга, У.Хүрэлсүх хамтран зохион байгуулж, М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь авч хаясан юм. Тодруулбал тэрбээр УИХ-ын даргыг парламентын гишүүдийн олонхын саналаар чөлөөлдөг хуулийн төсөл өргөн барьж өөрийн дэмжлэгээ үзүүлсэн гэсэн үг. Эв нэгдэлд уриалж төвийг сахих ёстой Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү ард иргэдээ талцуулсан үйл ажиллагаанд хэдэндээ оролцсоны тод нэг жишээ нь энэ юм.
Эргэн сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ны өдөр болсон иргэдийн тайван жагсаалыг Х.Баттулга турхирч ард түмнийг үймээн самуунд уриалан бослого, тэмцэл өрнүүлэх эрсдэлтэй байсан гэж тухайн үед У.Хүрэлсүх мэдэгдэж байв. Энэ мэтчилэн улс төрийн хүрээнийхэн түүнийг эв нэгдлийг хангалттай хангаж чадаагүй Ерөнхийлөгч гэж дүгнэдэг.
Түүний мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.
Энэ мэт тэрээр “талархлаас гадна дургүйцлийг төрүүлсэн олон санал, санаачилга, ажлыг хийж байжээ. Гэхдээ “олон нийтийн сэтгэл зүйд” тулгуурлан өөрийн хүслээ гүйцэлдүүлэх гэсэн улс төрийн дараагийн нүүдлээ харсан үйлдлийг түлхүү хийсэн гэж том зургаар нь дүгнэж болно. Мөн нэг нам парламентад олонх болсон үед сайн сөрөг хүчин болсон үе ч бий. Үүнийгээ хориг тавьж илэрхийлж байв. Гэхдээ нэгдсэн эрх ашиг ч бий. Түүнийг сайн эсвэл муу ажилласныг сонгогчид нь дор бүрнээ дүгнэх биз.