ХҮҮХЭДТЭЙГЭЭ ОЙР ДОТНО БАЙХ БЯЦХАН НУУЦ: Тэдэнтэй цуг ном унш

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ОЙР ДОТНО БАЙХ БЯЦХАН НУУЦ: Тэдэнтэй цуг ном унш

Ном бидэнд аливаа асуултын хариултыг өгдөг. Мөн уншиж дууссаны дараа шинэхэн асуултуудыг ч бий болгодог шидтэй зүйл юм. Улсын хөгжлийн гол түлхүүрийн нэг бол яах аргагүй хүүхэд билээ. Ирээдүйг гэгээлэг болгохын тулд өнөөдөр эхлүүлэх ажил ул суурьтай, сэтгэл зүтгэлтэй байх шаардлагыг тавиж байна. ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд багачууд яагаад цаасан ном унших ёстой вэ, юу уншвал өгөөжтэй байх талаар бяцхан нийтлэл бэлдлээ. 

Яагаад гэсэн асуултад хариулахын тулд тодорхой хэдэн жишээг эш татья

  1. Хүүхэдтэйгээ цуг  ном уншихад насанд хүрэгчид болон хүүхдийн хооронд халуун дулаан харилцаа холбоо бий болдог байна.
  2. Ном нь  хүүхдүүдэд эх хэлний анхан шатны мэдлэг чадвараа хөгжүүлэх, үгийн сангаа баяжуулахад нь тусалдаг байна. Энэ нь  бусад мэдээлэл хүлээн авах хэрэгслээс хавь илүү үр нөлөөтэй юм.
  3. Ном интерактив шинжтэй учир хүүхдүүдийг бодож, сэтгэхэд маш чухал нөлөөтэй. Уран зөгнөлт болон уран зохиолын номууд тэдний ухамсрыг өргөжүүлдэг. Ингэснээр хүүхдүүдэд  шинэ сэтгэх арга барилыг суулгаж, шинэ санаа өгдөг байна. Хүүхдийн  ертөнцийг цаг хугацаа, орон зайнаас давуулан өргөжүүлж, өөрсдийн гэсэн  анхны бодол санааг нь  өдөөж байдаг шидтэй ажээ.
  4. Хамгийн чухал нь номоор дамжуулж хүүхдүүд  шүүмжлэлт сэтгэх чадвараа хөгжүүлдэг. Уншигчдын хариу үйлдлийг сэтгэл хөдлөлөөр үнэлдэг тогтсон оноо, журам үгүй. Тиймээс номын  агуулгын талаар юу бодож байгаагаа өөрөө шийдэх чадвартай болно.
  5. Номоор дамжуулж хүүхдүүдийн төсөөллийг хөгжүүлж, тэжээн тэтгэж тэдний дотоод ертөнцийг өргөжүүлдэг. Зурагтай ном нь бага насны хүүхдүүдийг урлаг, утга зохиолын ертөнцөд хөтлөн аваачдаг гол гүүр юм.  Роман болон уран зохиолын ном нь хүүхдийн мэдрэхүйн мэдрэмжийг дээшлүүлж, төсөөлөлдөө юмсыг харах, сонсох, амтлах, мэдрэх, үнэрлэхэд нь тусалдаг. 
  6. Түүнчлэн ном нь зөвхөн хүүхэд гэлтгүй томчуудад ч гэсэн үр нөлөөтэй байдаг. Жишээлбэл өөрийгөө нээх, бусадтай харилцаа холбоо тогтооход  туслагч болдог.  Мөн аливааг  олон өнцгөөс харах чадварыг суулгадагг бөгөөд ертөнцийг үзэх үзэл нь нэгээс ч олон  байдаг гэдгийг бидэнд мэдрүүлдэг. Хамгийн чухал сайн уншигч байх нь бусдыг энэрэх, хайрлах мэдрэмжийг хөгжүүлдэг гэсэн үр дүн бий.

Хүүхдэд санал болгох номууд

Ж.К.Роулинг ‘’Харри Поттер’’ 7 боть. Хүүхдийн уран зохиолын номууд дундаа шилдэг борлуулалтаараа үргэлж цойлж ирсэн энэхүү цуврал нь зөвхөн шидтэний ертөнцийн талаар өгүүлсэн ном биш. Зан суртахуун, нөхөрлөл, хичээл зүтгэл, амьдралын итгэл найдварын талаар маш сонирхолтой өгүүлэмжийг уншигчиддаа дамжуулдаг. Тиймээс энэ цуврал бол хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч гэсэн уншихад илүүдэхгүй зохиол билээ.

Эзопын ёгт үлгэрүүд. Амьтад ч гэсэн хүнтэй адил ярилцдаг, бодож сэтгэдэг бодгалиуд. Хүүхдийн ертөнц бүхнийг хүншүүлэх, төлөөлүүлж сэтгэх замаар төлөвшдөг билээ. Тэгвэл эзопын ёгт үлгэрүүдээс амьтдын ууртай түрэмгий, өрөвч нинжин, зальжин гэх мэт төрөл бүрийн араншингаар дамжуулж ёс  суртахууны хичээлийг өөриймшүүлэх боломжтой. Бага ангийн сурагчаас ахлах ангийн сурагч хүртэлх хүүхдүүдэд сонирхолтой сургамжийг өгөх болно.

Жан Жылү ‘’Цахилгаан жаал’’. Тагтаа хэвлэлийн газраас орчуулсан ээлжит хүүхдийн уран зохиолын сонирхолтой энэ ном хэвлэлтээс гараад жилийн хугацааг үджээ. Шинжлэх ухааны уран зөгнөлт хэлбэрээр бичигдсэн энэхүү роман нь хүүхэд багачууд гэлтгүй томчуудад ч сэтгэлийн оч татуулах хүчтэй аж. Ер бусын чадвартай цахилгаан жаалын адал явдлаар дамжуулан хүүхдийн гэгээлэг ертөнцийг тэдний өнцгөөс тусган харуулдаг байна. 

"Гэсэр" хүүхдэд зориулав. Туульс бол утга зохиолын бүтээлүүдээс хамгийн эртний хийгээд, домгийн шинжтэй төрөл зүйлд багтдаг. Монголын уран зохиолын ноён оргил болсон Гэсэрийн туульсыг Жангар редакцаас хүүхдэд зориулан хялбаршуулж, шинэчлэн хэвлэжээ.  Хурмаст тэнгэрийн хүү Гэсэр хаан орчлон дэлхийн үймээн самуунтай цагт дэлхийг төвшитгөхөөр бууж ирэн, муу муухайг дарж байгаа тухай өгүүлдэг юм. Дэлхийн сонгодогуудаас гадна эх хэлнийхээ яруу сод бичиглэлийг тольдох боломжтой эртний туульсийг унших нь сайн уншигч болоход дөтлөнө.

М.Саранцэцэг