Б.Бат-Эрдэнэ: Замын-Үүдийн хил дээр "Машиныг чинь урдуур оруулж өгнө" гээд жолооч нараас зургаан сая төгрөгийг авлигал авсан нь тогтоогдсон

Б.Бат-Эрдэнэ: Замын-Үүдийн хил дээр "Машиныг чинь урдуур оруулж өгнө" гээд жолооч нараас зургаан сая төгрөгийг авлигал авсан нь тогтоогдсон

Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас /ШӨХТГ/ хоёр ажлын хэсэг гарч хилийн боомт орчмын ачаа тээврийн үнийн хөөрөгдлийг шалгасан. Шалгалтын дүн гарсан бөгөөд Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээврийн үнэ хөөрөгдөж 20.000.000-26.000.000 төгрөгөөр тээвэрлэсэн нь нотлогдсон найман жолооч, гурван компанид зөрчлийн хэрэг нээсэн юм. Сүүлийн саруудад экспортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийн бухимдлыг багагүй төрүүлээд буй. Тэр дундаа өргөн хэрэглээний хүнсний үнэ маш эрчимтэй өссөн. Энэ нь тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой байсан гэх мэдээлэл бий.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Замын-Үүдэд ажиллах үеэрээ "Тээврийн хэрэгсэл, бараа таваарыг хилээр нэвтрүүлэх ажилд хил, гаалийн ажилтнууд оролцож жолооч нараас авлигал авдаг. Энэ нь тээврийн үнэ цаашлаад Монгол улсад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байна" гэж байсан билээ. Тэгвэл хил, гаалийн ажилтнууд тээвэрчдээс авлигал авч үнэ хөөрөгдсөн нь ШӨХТГ-ын дээрх шалгалтаар тогтоогджээ. Бид уг асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

СОНСОХ 1:

 

СОНСОХ 2:

-ЗАМЫН-ҮҮДЭЭС УЛААНБААТАР ХҮРТЭЛХ АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ 10-15 САЯ ТӨГРӨГ БОЛЖ БУУРСАН-

-ШӨХТГ-аас хилийн боомт орчмын ачаа тээврийн үнийн хөөрөгдлийг шалгасан. Шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн гэх мэдээлэл байна. Яг ямар зөрчлүүд илэрсэн бэ. Мөн ямар арга хэмжээ авав?

-ОХУ, БНХАУ-тай хиллэж буй боомтуудтай холбоотой асуудал гэсэн үг юм. Алтанбулагт орж ирж буй тээврийн хэрэгсэлд нэг онцлог бий. Тухайлбал, Улаанбаатараас зөвхөн машины толгойг авч нь очдог. Ингээд Алтанбулаг дахь ачаатай чиргүүлийг чирч Улаанбаатарт авчраад тухайн бараа бүтээгдэхүүнийг захиалсан компаниудад нь хүлээлгэж өгдөг. Үүний дараа буцаагаад хоосон чиргүүлийг Алтанбулагт аваачдаг юм. Үүнтэй холбоотойгоор Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны 11 аж, ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээгээд ажиллаж байна. Энэ долоо хоногтоо багтаагаад эцэслэгдэх байх. Бид цахимаар болон биечилж уулзах үеэр Алтанбулагаас Улаанбаатар хүртэлх тээврийн үнийг 2.8 сая төгрөгөөр тогтоосон гэж холбогдох хүмүүс нь хэлсэн. Гэтэл энэ нь үгсэн хуйвалдаж үнэ тогтоож зах зээлийн үндсэн зарчмыг зөрчиж буй том асуудал. Замын-Үүдэд мөн ялгаагүй бид ажилласан.

-Замын-Үүдийн үнэ хэт хөөрөгдсөн?

-Энэ чигт үйл ажиллагаа явуулдаг найман иргэн, гурван аж, ахуй нэгжид зөрчлийн хэрэг нээгээд ажиллаж байна. Ингэснээр хууль бусаар олсон орлогыг хураана. Иргэнийг хоёр сая төгрөгөөр аж, ахуй нэгжийг 20 сая төгрөгөөр торгоно. Зөрчлийн хэрэг шалгагдаж дуусч байна. Прокурорын зөвшөөрөлтэй ажиллаж буй учир цаг хугацаа шаардагдана. Замын-Үүдээс ирж буй тээврийн үнэ, урсгалыг зохицуулах тушаалыг Шадар сайд С.Амарсайхан өгсөн. Тушаалаар манай шуурхай хоёр ажлын хэсэг гарч гурван хоног газар дээр нь ажилласан. Шалгалтаар хоёр шалтгаан, нөхцөл тогтоогдсон.

Нэгдүгээрт, БНХАУ-ын иргэд үнэ хөөрөгдөж байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ гол асуудал нь Монголын талд байна. Хувь иргэн, жолооч нар өөрсдөө үнэ хөөрөгдөж байна. Өөрсдөө хэлэхдээ “Нэг сарын хугацаанд дахиж бид БНХАУ-ын тал руу нэвтэрч чадахгүй. Тэгэхээр нэг нэвтэрч байгаа дээрээ тээврийн хөлсөө хангалттай олох гэсэн юм” гэдэг. Нөгөөтэйгүүр халдвар хамгааллын асуудал байна. Халдвараас хамгаалж нэг тээврийн хэрэгсэл таван жолоочийн гар дамждаг. Жишээлбэл, Замын-Үүдэд коронавирус илэрвэл БНХАУ-ын тал шууд хилээ хаах зохицуулалттай ажиллаж буй учир халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж буй. Шадар сайд газар дээр нь ажиллаж тээврийн үнийг зохицуулах асуудлаар холбогдох хүмүүстэй ярилцсан.

Харин манай байгууллагын хувьд тээврийн үнийг зохицуулах болон бусад холбогдох байгууллагатай нь ярилцаад хилээр гарахдаа дугаарлаж, дугаарлалтаа зарж байсан процессыг таслан зогсоосон. Мөн хилээр гарах гэж буй тээврийн хэрэгслийн жолооч нарын амлалтыг бичгээр авч байна. Тээврийн үнийн хөөрөгдлийг үүсгэхгүй бодит үнээр нь тээвэрлэнэ гэдэг амлалтыг авч байгаа. Мэдээж эрэлт, нийлүүлэлтийн зарчмаараа хилээр гарч буй тээврийн хэрэгслийн тоог нэмэх ёстой. Тэгэж байж энэ асуудал шийдэгдэнэ. Гэхдээ БНХАУ-ын талаас тээврийн хэрэгслийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлж эхлэхээс нааш энэ асуудал бүрэн шийдэгдэхэд хүндрэлтэй.

-Тээврийн үнэ нэмэгдэхэд хил, гаалийн ажилчид оролцсон байх магадлалтай нөхцөл байдал шалгалтаар илэрсэн үү?

-Машиныг чинь урдуур оруулж өгнө гэж хэлээд “Энэ хүний дугаар руу залгаж холбогдоод данс руу нь 6 сая төгрөг хийгээрэй” гэж хэлсэн асуудал тогтоогдсон. Бид эзэн холбогдогч  болон бусад хүмүүсээс мэдээлэл аваад өчигдөр АТГ-т холбогдох бүх бичиг баримтаа шилжүүлсэн. АТГ шалгаж асуудлыг тодорхой болгох байх.

-ШӨХТГ-аас шалгалт хийсний дараа Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээврийн үнэ хэд болж буурсан бэ?

-Хуучин 6000-7000 юанийн үнэтэй байсан. Сүүлд 12, 25, 35 мянган юаньд хүрсэн. Сая манайхаас хяналт, шалгалтын ажиллагаа хийгдэхэд 20-26 сая төгрөгөөр тээвэрлэсэн гэдэг шалтгаанаар найман жолооч гурван аж, ахуй нэгжид зөрчлийн хэрэг үүсгэсэн. Шалгалтын дараа авч буй мэдээллээр 12-15 сая төгрөгт хүрч буурсан байх шиг байна. Шадар сайд өөрийн биеэр ажиллаад хуучин 100 машин нэвтэрдэг байсныг 150 болгосон. Цаашлаад БНХАУ-д хилээр нэвтрэх машины тоог нэмэх хүсэлтээ тавьж байна.

-ХҮЧИТ ШОНХОР ХХК ТОРГУУЛИЙН 20 САЯ ТӨГРӨГӨӨ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭЭР ГАРГУУЛЖ БАЙНА-

-Хүчит шонхор болон Мини супермаркетад нээсэн зөрчлийн хэрэг яаж шийдэгдэж байгаа вэ?

-2020 оны арваннэгдүгээр сараас хойш сүүлд хөл, хорио тогтоосон дөрөвдүгээр сард хүртэл 143 сая төгрөгийн торгууль тавигдсан. Үүн дээр Хүчит шонхор ХХК-д албадан гүйцэтгэлийн арга хэмжээ авагдаж байна. Нөгөө талаас шүүхэд хандаж байгаа сураг байна лээ. Миний дэлгүүрийн хувьд мөн л 20 сая төгрөгөөр торгуулсан. Нөгөө талаас шүүхдээд анхан шатны шүүхийн шийдвэр манай талд гарсан. Зарим торгуулийн мөнгө улсын санд төвлөрөөд байна. Хүчит шонхор ХХК-ийн хувьд нэмж нэг асуудал яригдаж байгаа юм. Торгуулийн 20 сая төгрөгийг худалдаа, үйлчилгээ эрхлэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж байна гэх гомдол манайд ирсэн. Манайх Хүчит шонхор ХХК-г торгосон болохоос биш 200, 300 худалдаа үйлчилгээ эрхлэгчийг торгоогүй шүү дээ. Үүн дээр манайд баримтууд ирсэн байна.

-ДОТООДЫН АЖ АХУЙ НЭГЖ, АМ ДОЛЛАРААР ХИЙСЭН ГЭРЭЭНИЙ ҮР ДҮН, ЗӨРҮҮ ГЭХЭД 458 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АСУУДАЛ БАЙНА-

-Ярилцлагын төгсгөлд тантай холбоотой зарим асуултад хариулт авмаар байна. Таныг өрсөлдөөнийг хянадаг байж тендер зарладаг компани буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон гэх шүүмжлэл нэг хэсэг өрнөсөн. Тэр хэр үндэслэлтэй, бодит шүүмж вэ?

-Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийг хаанаас томилдгийг эхлээд мэдэх хэрэгтэй болов уу. Энэ бол ард түмний компани. Монголын 2.5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг. Мөн нөгөө талд аж, ахуй нэгж, төр хувьцааг нь эзэмшдэг. Тухайн байгууллагын бүх төлөөлөл хувьцаа эзэмшигчдийн хуралд суудаг. Нөгөө талдаа эрх хэрэгжүүлэгчээр Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам ажилладаг.

Хэвлэл, мэдээллээр гараад буй асуудлыг над руу захиалгаар дайрч байна гэж ойлгож байна. Учир нь объект нь би биш. Объект нь эрх хэрэгжүүлэгч буюу Уул, уурхайн яам. Учир нь би өөрөө, өөрийгөө томилдоггүй. Ядаж намайг томилсон субъектээс асуух ёстой. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-д ямар үндсэн шаардлага, нөхцөл шалгуураар төрийн байгууллагуудыг оруулсан юм бэ гэдгийг Уул уурхайн яамнаас асуух ёстой. Тухайлбал, ШӨХТГ-ын дарга гэдэг албан тушаалаараа тус компанийн ТУЗ-д орж байгаа болохоос биш хувь  хүнээрээ ороогүй. Би солигдоход дараагийн дарга Тавантолгойн ТУЗ-ийн гишүүнд орно. Намайг 5 их наядын төсвийг батлаад өөрөө түүнийгээ захиран зарцуулаад байгаа юм шигээр бичсэн байна лээ.

ТУЗ-ийн чиг үүрэг гэж бий. ТУЗ хурлаараа хэлэлцэх гэж буй асуудлаараа заавал Уул, уурхайн яамнаас чиглэл, удирдамж авдаг. Төрийн өмч бодлого зохицуулалтын газар 30 хувийг эзэмшдэг. Тиймээс энэ байгууллагаас мөн чиглэл, удирдамж авдаг. Үүний дагуу ТУЗ хуралддаг. Ерөнхий удирдамжийн дагуу чиг үүрэг биелүүлдэг. Гүйцэтгэх засаглал буюу удирдлагын түвшинд тендер, сонгон шалгаруулалт явагдаж байна. ТУЗ зөвхөн тухайн оны төсвийг баталж өгдөг. Б.Бат-Эрдэнэ төсөв батлаад сонгон шалгаруулалтын комиссоо ахлаад тендер шалгаруулдаг мэтээр олон нийтэд буруу ойлголт төрүүлэхээр мэдээлж буй нь харамсалтай.

ШӨХТГ-ын дарга ТУЗ-ийн даргаар ажиллаж буй нь өрсөлдөгч компанийнхаа даргыг зэрэг хийж байна гэж Өрсөлдөөний тухай хуулийг гуйвуулсан мэдээллийг тараагаад байна лээ. Энэ хуулийнх нь гол агуулгыг би товчхон тайлбарлая. Мобиком ХХК-ийн захирал Скайтел ХХК-ийн захирлаар ажиллаж болохгүй л гэсэн юм. Харин бид нарын хувьд төрийн төлөөлөл шүү дээ. Ганц Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-д орохоор Өрсөлдөөний тухай хууль зөрчөөд байдаг юм шигээр бичих юм. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газрын тосны газрын дарга нь очихоор зөрчөөгүй юм шиг утга агуулгыг илэрхийлж хуулийг гуйвуулж болохгүй. Хууль ижил, тэгш үйлчлэх ёстой.

-Та ТУЗ-д очоод энэ компанийн санхүүгийн сахилга батыг хэрхэн, яаж дүгнэв. ЭрдэнэсТавантолгой ХК дотор хэр их зөрчил байна?

-Жишээлбэл, төмөр замтай холбоотой асар олон асуудал ярьдаг шүү дээ. 2020 оны есдүгээр сард Монголын төмөр зам, ЭрдэнэсТавантолгой ХК хувь нийлүүлж Зүүнбаян төмөр зам компанийг байгуул гэсэн Засгийн газрын тогтоолтой. Байгуулсны үндсэн дээр мөнгө, шилжүүлэх заалттай. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд бид анхны ТУЗ-ийн хурлаа хийхэд уг компанийг байгуулаагүй л байсан. Аль хэзээний 800 гаруй тэрбум төгрөг шилжчихсэн л байсан. Засгийн газрын тогтоолыг биелүүлж заавал компаниа байгуул гэж байна.

Мөн дотоод аудитын албатай байх ёстой. Гэтэл энэ алба нь байгаагүй. Энэ алба байгууллагын дотоод үйл ажиллагаанд байнгын хяналт, шалгалт тавьж байдаг. Гарч буй зөрчил, дутагдлыг ТУЗ-д мэдээлдэг. Тухайн ТУЗ-ийн хурлаар зөрчил, дутагдлыг арилгахтай холбоотой асуудлыг оруулж хэлэлцүүлдэг. Хувьцаат болон охин компани мөн санхүүжилт хийж буй компанийн үйл ажиллагааг шалгах эрхтэй чухал албагүй байлаа. Очсоноос хойш таван хүний бүрэлдэхүүнтэйгээр тус албыг байгуулж дотоод хяналт шалгалтыг эхлүүлсэн. Ингээд Зүүнбаян төмөр замтай холбоотой хяналтыг шалгалтыг хийж байгаа.

Дотоод аудитын албаныхан болон ТУЗ-ийн аудитын хорооны ажилчдыг шалгалт хийхээр очиход хөөж гаргасан тохиолдол бий. Дотроо зөрүүтэй санхүүгийн маш их хэмжээтэй ноцтой асуудлууд бий. Энэ асуудлууд шалгагдана. Бусад компанид ч мөн шалгалт хийгдэж байна. Компанийн давхардсан бүтцээс эхлээд зайлшгүй шалгаж, илрүүлэх зүйлүүд бий. Тухайлбал, ЭрдэнэсТавантолгой ХК-ийн төв оффист яагаад 270 гаруй хүн ажиллах ёстой юм. Сая Tи Ти Жи Ви Си компанийн гэрээний сөхөгдсөн. 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолтой, ҮАБЗ-ийн зөвлөмжтэй ийм асуудал. Өнгөрсөн цаг хугацаанд дотоодын аж ахуй нэгж, ам доллараар хийсэн гэрээний үр дүн, тухайн компанитай хийсэн гэрээний зөрүү гэхэд 458 тэрбум төгрөгийн асуудал яригддаг.

Энэ хяналт шалгалтыг цаашид хийх ёстой. Олон нийтэд ил тод, шилэн байх ёстой ажлыг зайлшгүй хийх ёстой юм. Зарлагдаж буй тендерүүд хэн нэгний хармаа руу орж болохгүй. Энэ компанид болж бүтэж буй олон зүйл бий. Илүү сайжруулах шаардлага бий. Дахин хэлэхэд ТУЗ тендер зарладаггүй. Ард түмний мөнгөнд хяналт тавьдаг юм. Өдөр тутмын сонины холбооноос “Өнгөрсөн 10 жилийн нүүрсний хулгай луйврууд илчилнэ” гэж бичсэн байна лээ. Миний хувьд илчлэгдээсэй бүх зүйл шударга явагдаасай гэж бодож байна. Энэ улсыг шударга хүн удирдаасай гэж бодож байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.