Хадгаламж болон зээлийн хүү тооцох аргачлалыг Монголбанк, СЗХ хамтран батална

Хадгаламж болон зээлийн хүү тооцох аргачлалыг Монголбанк, СЗХ хамтран батална

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг хийв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам нараас 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 4 тоот тогтоолоор уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг байгуулсан. Ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, гишүүдэд Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар орж ажиллажээ.

Ажлын баг нийт гурван удаа, дэд ажлын хэсэг нийт долоон удаа хуралдаж, санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих, банк, санхүүгийн салбарын найдвартай байдлыг бэхжүүлэхдээ харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор уг хуулийн төсөлтэй холбогдуулан 34, дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан 17, нийт 51 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн байна. Тухайлбал, банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх, үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, мөн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэйгээр тогтоодог байх, хэрэв шимтгэл хураамжийн хувь, хэмжээг үндэслэлгүй тогтоосон бол харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо үндэслэлгүй тогтоосон шимтгэл, хураамжийн хувь хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэрэг зохих арга хэмээх авах талаар зохицуулалтыг нэмж тусгажээ.

Хадгаламжийн гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой зохицуулалтуудыг Иргэний хуульд нийцтэй байдлаар тус гэрээнд санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор зайлшгүй тусгах шаардлагатай нөхцөлийг тодорхой болгон тусгалаа. Тодруулбал, банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй. Мөн гадаад валютын орлогын эх үүсвэртэй эсхүл ханшийн эрсдэлээс хамгаалагдсан этгээдэд гадаад валютын зээл олгож болохоор өөрчлөн найруулжээ.

Банк, санхүүгийн тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх, зохистой хөгжлийг дэмжих, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор банк, эрх бүхий хуулийн этгээд хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох, мөн банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн алдаатай хийсэн аливаа шилжүүлгийг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн өргөн мэдүүлсэн төсөлд хадгаламж болон зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк тогтоохоор тусгасныг хадгаламж болон зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавихаар зохицуулалтыг өөрчлөн найруулжээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулах гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 54 саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэснээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө