Цар тахалд нэрвэгдсэн Энэтхэгт туслах олон улсын хөдөлгөөн өрнөж эхэллээ

Цар тахалд нэрвэгдсэн Энэтхэгт туслах олон улсын хөдөлгөөн өрнөж эхэллээ

Ковидын хүчтэй “давлагаанд” нэрвэгдэж буй Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд 354,531 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2806 хүн нас баржээ. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, нэг орон дээр хоёр өвчтөн хэвтэх нь энгийн үзэгдэл болсон аж. Нөхцөл байдал ийм түвшинд хүрсэн тул их гүрнүүд эхнээсээ тус улсад тусламж үзүүлж эхэллээ. Тодруулбал, 

Их Британи. Их Британийн тусламжийн эхний багц Ням гарагт/2021.04.25/ хөдөлсөн бөгөөд маргааш/2021.04.27/ Энэтхэгт очно. Тусламжид хүчилтөрөгчийн баяжуулагч 495 ширхэг /хүчилтөрөгчийн систем дуусахад агаараас гарган авах аппарат/,инвазив бус агааржуулагч 120 ширхэг, мөн гар ажиллагааны 20 ширхэг агааржуулагч  багтжээ. Дараагийн тусламж энэ долоо хоногийн сүүлээр ирэх аж. 

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэл хийхдээ "Бид Ковид-19-тэй тэмцэх тэмцэлд Энэтхэгийн “найз”, түншийн хувьд зэрэгцэн зогсож байна" гэжээ. 

Халдвар огцом өссөн тул Борис Жонсон Энэтхэгт хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалсан юм. Мөн АНЭУ, Канад, Герман, Нидерланд зэрэг орон Энэтхэг рүү нисэхийг хориглосон бол хөрш Бангладеш ч вирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Энэтхэгтэй залгаа хилээ өнөөдрөөс эхлэн хаахаа мэдэгдлээ.  

АНУ болон Европын Холбоо. Цагаан ордон Энэтхэгийн вакцин үйлдвэрлэгчдийг түүхий эдээр нэн даруй хангахаа мэдэгдэв. Өмнө нь Энэтхэгийн эрх баригчид болон Ийлдэс судлалын хүрээлэнгээс (SII) АНУ-д  вакцины түүхий эдэд тавих экспортын хяналтаа цуцлахыг уриалж байсан юм.

Ерөнхийлөгч Жо Байден "Цар тахлын эхэн үед манай улс хүнд нөхцөл байдалтай нүүр тулахад Энэтхэг бидэнд тусалсан. Тиймээс Энэтхэгт шаардлагатай тусламжийг илгээх болно. Бид вакцины түүхийг эдийг Энэтхэгээс бусад орнууд руу экспортлохгүй” гэжээ. 

Цагаан ордон вакцины илүүдэл тунг тусламж хэрэгцээтэй байгаа орнууд руу илгээх асуудлыг хойшлуулж байгааг зарим эрх баригчид шүүмжилж буй. Тодруулбал, АНУ-д “AstraZeneca” вакцины хэрэглээгүй хэдэн сая тун хадгалагдаж байгаа юм. Учир нь тус улс Их Британийн вакцинд албан ёсны зөвшөөрөл олгоогүй.  Харин  АНУ-ын Халдварт өвчний мэргэжилтэн Др.Энтони Фаучи илүүдэл вакцинуудыг Энэтхэг рүү илгээх хувилбар яригдаж байгаа талаар хэлжээ. Түүнчлэн тус улс эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалалтын хэрэгслийн тусламж илгээхээ мэдэгдсэн байна. 

Европын Комисс ч Энэтхэгт хүчилтөрөгч, эмнэлгийн хэрэгслийн тусламж илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна. Тус байгууллагын тэргүүн Урсула фон дер Лейен "Комисс Энэтхэгт тусламж үзүүлэх асуудлыг түргэн шуурхай хэлэлцэж эхэлсэн бөгөөд нөөцийг нэгтгэж байна" гэжээ.

Энэтхэгийн хөрш Пакистан нутаг дэвсгэрийн маргаанаас болж Делитэй хурцадмал харилцаатай байгаа. Гэсэн ч Энэтхэгт эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж санал болгож, Ерөнхий сайд Имран Хан "Энэтхэгийн ард түмнийг хурдан эдгэрэхийг хүссэн” агуулга бүхий захидал илгээжээ. Тус улсын Эдхи сангаас Энэтхэг рүү түргэн тусламжийн 50 автомашиныг илгээх санал тавьсан байна.

Үүний зэрэгцээ Франц хүчилтөрөгчийн нөөцөөр хангахаа мэдэгдэв.

Энэтхэгийн нөхцөл байдал ямар байна вэ. 

20 сая орчим хүн амтай Дели хотод нөхцөл байдал хамгийн хүнд байна. Тодруулбал, хэд хэдэн томоохон эмнэлгийн хүчилтөрөгч дууссаны улмаас нас баралт огцом нэмэгджээ. 

Талийгаачдыг чандарлаж буй нь

Нас баралтыг дагаад оршуулгын газрууд ч ачааллаа дийлэхээ больж, талийгаачдыг эмнэлгийн хажууханд бөөнөөр чандарлаж байна. Нөхцөл байдал ийм түвшинд хүрсэн учир Энэтхэгийн Засгийн газар улс даяар 500 гаруй хүчилтөрөгчийн аппарат үйлдвэрлэх төлөвлөгөөг баталлаа. Түүнчлэн НҮБ, ДЭМБ, Европын Холбоо, Европын Комиссоос тусламж хүссэн байна. 

Тус улсын эрүүл мэндийн салбарынхан тархалт ийнхүү хурдацтай нэмэгдэж буйг Делид бүртгэгдэж буй Их Британиас гаралтай коронавирусийн хувилбартай холбон тайлбарлаж байгаа юм.

Тус улс халдварын хоёр дахь давлагааг амжилттай даван туулсан ч коронавирусийн шинэ хувилбарын тархалт, олон сая мөргөлчдийн цуглардаг “Кумбха Мела” наадам, орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаа гэх мэт олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулсан нь цар тахлын давлагаа дахин дэгдэхэд хамгийн их нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Эх сурвалж: BBC