Э.Мөнх-Эрдэнэ: 21 хоног бэлтгэл хийсний дараа бид Японы шигшээ багтай тоглосон

Э.Мөнх-Эрдэнэ: 21 хоног бэлтгэл хийсний дараа бид Японы шигшээ багтай тоглосон

2021 оны гуравдугаар сарын 30. Монголын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг Азидаа чансаагаараа нэгдүгээрт бичигддэг Японы багтай хүч үзэв. Энэ тоглолт дотоодын төдийгүй гадаадын хэвлэлүүдийн анхаарлыг татаж, хөлбөмбөгийн фанатуудыг суудлаас нь өндөлзүүлсэн ширүүн “тулаан” болсон. Хэдий манай баг ялагдал хүлээсэн ч дэлхийд данстай багийн эсрэг чадварлаг тоглосон гэдгийг цөөнгүй хүн хэлж байв.

Япончууд манай хаалга руу нийт 34 удаа бөмбөг цохьсон бөгөөд үүний ихэнхийг нь хааж чадсан тамирчин бол Монголын Үндэсний шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ. Тэгвэл энэ удаагийн ярилцлагын буландаа бид түүнийг урьж, тоглолт болон хөлбөмбөгийн спортын талаар “амттай” яриа өрнүүллээ.

-ХЭРЭВ МАНАЙ УЛС ШИГШЭЭ БАГАА ДЭМЖЭЭД, БЭЛТГЭХ ХИЙХ БОЛОМЖООР ХАНГАЖ ӨГСӨН БОЛ АРАЙ ӨӨР ТОГЛОХ БАЙСАН БАЙХ-

-Сайн явж ирсэн үү. Гуравдугаар сарын 30-ны өдөр болсон Монгол-Японы тоглолт хүмүүсийн анхаарлыг маш их татлаа. Азийн шилдэг багтай өрсөлдсөн сэтгэгдэл ямар байна вэ?

-Сайн явж ирлээ. Тэгэлгүй яахав. Үзэгчид төдийгүй, тамирчид бидэнд ч хүлээлт ихтэй тоглолт байсан. Аргагүй шүү дээ. Дэлхийн хэмжээний том багтай тоглох гэж байсан болохоор их догдолж, хүлээж байлаа. Мэдээж амаргүй тоглолт болж өнгөрсөн. Гэхдээ бид айж эмээгээгүй, харин ч олзуурхаж, бүх хүчээ дайчилж тоглолоо.

-Өрсөлдөгч багаас хэнийг онцолмоор байна. Дэлхийн лигт тоглодог тамирчид цөөнгүй харагдаж байсан?

-Японы шигшээ Азидаа номер нэгд, дэлхийн чансаанд 27, 28-д бичигдэж буй чадварлаг тоглогчидтой баг. Яг тэр, энэ гэж хэлэхээс илүүтэй бүтэн багаараа сайн байсан. Сайн байхаас аргагүй. Таны хэлснээр дэлхийн том, том клубд данстай мэргэжлийн тамирчидтай, дээр нь хөлбөмбөгийн хөгжөөрөө дээгүүрт ордог улс шүү дээ. 

-Тоглолтын бэлтгэлийн талаар ярилцъя. Богино хугацаанд бас хөл хорионы үеэр бэлтгэл хийсэн. Ер нь бэлтгэл хэр зэрэг хангагдсан гэж байсан гэж бодож байна?

-Хөл хорионы үеэр багаараа хамтарсан бэлтгэл хийх боломж харамсалтай нь байгаагүй ээ. Гэхдээ бид зүгээр суулгүй 11 дүгээр сараас хойш гэртээ аль болох дасгал хөдөлгөөн хийж, дасгалжуулагчийнхаа заавар зөвлөгөөний дагуу бэлтгэл хийж байгаад хоёрдугаар сарын 27-оос Турк улсад 21 хоногийн бэлтгэл хийж тоглосон. Мэргэжлийн өндөр түвшний багуудтай тоглоход энэ бол хангалттай хугацаа биш. Гэхдээ бид боломжоороо өөрсдийгөө бэлдсэн.

Хэрэв манай улс шигшээ багаа жаахан дэмжээд бэлтгэл хийх боломжоор хангаж өгсөн бол арай өөр тоглох байсан байх. Энэ зүгээр нэг шалтаг мэт сонсогдож магадгүй ч мэргэжлийн тамирчид байнга бэлтгэлтэй байдаг. Харин бид 21 хоногийн л бэлтгэл хийж тоглосон.

-Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Растивлав Бозик ажилласан шүү дээ. Хамт ажиллах ямар байсан бэ?

-Хэдхэн сар ажилласан ч их зүйл сурсан. Бидний бүх зүйлд анхаарал тавьж, чин сэтгэлээсээ ажилласан. Хоол унднаас эхлээд юу идэх, юу идэж болохгүй, фитнесс гээд бүх зүйлд анхаарал хандуулдаг. Түүнтэй хамтран ажиллах бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

-Дасгалжуулагч тань тоглолтын өмнө юуг голчлон захиж, анхааруулж байв?

-Дасгалжуулагч маань тоглолтын өмнө бид нарт урам зориг өгч Японы багийн тоглолтод биш, харин биднийг яаж тоглох тал дээр илүү анхаарч, шахалт хийж, хурдан довтлох, илүү “хөлбөмбөг тоглуулахыг” зорьсон. Бид хамгаалж, суугаад тоглож болох байсан ч тэгээгүй.

-ТОГЛОЛТОД ОРОХ ГЭЖ БАЙХАД ЯПОНД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУД МААНЬ ДАЛБААГАА БАРЬЧИХСАН ЗОГСОЖ БАЙСАН. ИХ УРАМ ЗОРИГ АВСАН ШҮҮ-

-Японы багтай тоглохоос өмнө тамирчдын тактик, багийн гол онцлогийг хэр судлав?

-Судлалгүй яахав. Сүүлд хийсэн тоглолтуудыг багаараа үзэж, анализ хийн дасгалжуулагч зөвлөгөө өгч байсан. Энэ бол бидний байнга хийдэг зүйл, нөгөөтээгүүр бидний ажлын нэг хэсэг шүү дээ. Японы баг хурдтай шахалтаас амархан гардаг хажуугийн хөндлөн дамжуулалт их өгдөг.  Тэр нь их үр дүнтэй болдог харагдсан.

-Японы баг Монголын хаалга руу 34 удаа бөмбөг цохисон. Тэр цохилтуудыг ихэнхийг нь хаасан гэж таныг магтах хүн их байлаа. Тоглолтын туршид яаж тоглохыг эрмэлзэж байв. Өөртөө юу гэж хэлж байв?

-Аль болох алдаа бага гаргаж бүх бөмбөгийг л зогсоох гэж хичээсэн. Хэдий алдсан ч бууж өгөлгүй цааш үргэлжлүүлж тоглолтдоо л анхаарлаа хандуулахыг хичээж байлаа.

-Тамирчин хүнд сэтгэл зүй их чухал байдаг. Таны хувьд томоохон тоглолтын өмнө сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?

-Хоол унднаас эхлээд биеэ сайн бэлддэг. Сэтгэл санаагаа тайван байлгаж, анхаарлаа маш сайн төвлөрүүлдэг дээ.

-Тоглолт төлөвлөгөө ёсоор Монголд болох байсан шүү дээ. Талбайдаа тоглосон бол арай өөр байх байсан болов уу. Та юу гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав хөлбөмбөгийн спортод фанат /хөгжөөн дэмжигчид/ бол хамгийн том давуу тал. Дээр нь бид гэртээ тоглоно гэдэг талбай, цаг уур гээд нөлөөлөх хүчин зүйл байсан гэж бодож байна. Тоглолт үзэгчгүй явагдсан. Гэхдээ биднийг стадионд орох гэж байхад Японд амьдардаг монголчууд маань далбаагаа барьчихсан зогсож харагдсан. Даанч бидэнд уулзах боломж байгаагүй. Бид гар даллаад өнгөрсөн ч их урам зориг авсан шүү.

-Та хүүхэд байхаасаа хөлбөмбөгт хорхойтой байсан байх. Ер нь яагаад хаалгач болсон юм бэ. Хаалгач хүн бусад тоглогчоос илүү хэцүү нөхцөлд тоглодог юм шиг санагддаг?

-Тийм. Хүүхэд байхаасаа л хөлбөмбөгт хайртай байсан. Байрныхаа гадаа ч, хөдөө очихоороо ч хаана л бол хоёр чулуугаар хаалга хийж хөлбөмбөг тоглодог байсан. Намайг бага байхад хүүхдүүд их хөл бөмбөг тоглоно. Тэгээд хамгийн бүдүүнийгээ хаалганы урд хүчээр зогсоочихдог байсан. Гэхдээ би өөрөө сонирхлоороо хаалгач болох дуртай байсан. Бөмбөг хаагаад унах тэр мэдрэмж нь арай өөр байсан юм шиг байгаа юм. Сонирхуулж хэлэхэд би 10 жилдээ хоккейн хаалгач бас хийдэг байсан. Тоглолтод хаалгач, хамгаалагч гэлтгүй бүх тамирчин  чухал үүрэгтэй. Учир нь багийн спорт шүү дээ. Нэг хүн шиг хөдөлж нэг нь алдахад нөгөө нь нөхдөг спорт. Тэгэхээр тэр хэцүү энэ хэцүү гэж хэлэх боломжгүй байх. 

-МОНГОЛД ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТ ХӨГЖИХӨД ХАМГИЙН
ТҮРҮҮНД ОРЧИН ХЭРЭГТЭЙ БАЙНА-

-Хаалгач бусад тоглогчоос арай өөр бэлтгэл хийдэг үү. Та бэлтгэлийнхээ талаар яриач?

-Тийм ээ. Хаалгачийн бэлтгэл арай өөр. Хаалганыхаа урд дандаа унасан, үсэрсэн бэлтгэл хийдэг. Тогтолт дээр өрсөлдөгчөөс ямар цохилт ирэх боломжтой байна тэр бүгдэд бэлэн байх гэж бэлтгэлээ хийдэг.

-Монголд тамирчид ажил, амьдралынхаа хажуугаар бэлтгэл хийдэг. Гэтэл гадаадад бол тамирчид бэлтгэлээ ажил, амьдралаа болгосон байдаг гэж хүмүүс ярьдаг юм билээ. Та үүнийг биеэрээ туулж яваа хүний хувьд ямар бодолтой байна?

-Ихэнх тамирчин маань ажил амьдралынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийдэг. Энэ үнэн. Дан хөлбөмбөгтөө анхаармаар байвч цалин мөнгөний тал дээр хүндрэлтэй байдаг. Олон сайн, чадварлаг тоглогч амьдралын эрхэнд спортоо хаядаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд клубуудын маань хангамж харьцангуй сайжирч, цалин хөлс нэмэгдээд, зарим тоглогч цалин авдаг болж байгаа.

-Монголд хөлбөмбөгийн спорт хөгжихөд юу дутагдаж байна вэ. Юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй юм шиг санагдаж байна?

-Энгийн нэг жишээ нь гадаа гараад тоглох талбай алга. Зай завсаргүй байшин барьчихсан, эсвэл хуучин байсан талбайгаа хуулж хаяад байшин барьчихдаг. Монголд хөлбөмбөгийн спорт хөгжихөд хамгийн түрүүнд орчин хэрэгтэй байна. Мөн тухайн тамирчинг багаас нь системтэй бэлдэх хэрэгтэй юм шиг санагддаг.

-Энэ удаагийн тоглолтоос юуг сурав?

 -Ийм хэмжээний багтай тоглоход өчүүхэн төдий алдаа гаргах ёсгүй юм билээ. Дутуу дамжуулалт, буруу шахалт гэх мэт жижигхэн алдаа гаргахад л тоглолтыг өөрсдийнхөө талд эргүүлж чаддаг гэдгийг сайн ойлгосон. Ер нь энэ тоглолт өөрөө маш том туршлага болж үлдлээ.

-Бэлтгэл хийх хангалттай хугацаа байгаагүй ч хүчтэй багийн эсрэг чадахаараа сайн тоглолоо гэх хүмүүс байхад эсрэгээрээ шүүмжлэл хэлж буй ч хэсэг байна?

-Шүүмжлэл өөрөө спортын салшгүй нэг хэсэг гэж боддог. Бүхий л шатанд байдаг зүйл. Шүүмжлүүллээ гээд бид шантраагүй. Цаашдаа ч шантрахгүй. Муу хэлсэн, шүүмжилсэн үг биднийг зогсоох шалтгаан биш. Авах гээхийн ухаанаар л хандаж явдаг.

-Монголынхоо багийг үргэлж дэмжиж, урмын үг хэлж байдаг фанатууддаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Мэдээж биднийг цаг үргэлж дэмждэг, хөлбөмбөг сонирхдог, үздэг, хайрладаг маш олон хүүхэд, залуучууд, ах, эгч дүү, хайртай дотнын хүмүүс маань байгаа. Тэд маань бидний гаргасан хүч хөдөлмөр, зовлон, жаргал бүх зүйлийг мэддэг болохоор ямар ч үед дэмжиж урмын үгс хэлж, алга ташилт бэлэглэдэг болохоор дараа дараачийн тоглолтдоо урам зоригоор дүүрэн гарах ташуур болдог. Та нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. 

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье.

-Баярлалаа.