“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарах шийдвэр гаргажээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарах шийдвэр гаргажээ

Долдугаар сарын 09-нд буюу наадмын өмнө Монгол Улсын засгийн газар “нууц” ч юм уу, “нууц биш” ч гэмээр юм уу нэгэн тогтоол баталжээ. Тодруулбал, Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 9-ний хуралдаанаар 296 дугаар тогтоолыг баталсан байна.

Уг тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудыг байгуулах, охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох (IPO гаргах) шийдвэр гаргасан аж. 

Мөн тус компанийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгаж, үр дүнг танилцуулахыг даалгажээ. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулахаар болсон байна.

Ингэхдээ тэрхүү шинээр байгуулагдах охин компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр болжээ.

-"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 30 ХУВИЙГ ОХИН КОМПАНИ НЭРИЙДЛЭЭР ХӨДӨЛГӨЖ, СОНГУУЛИЙН ӨМНӨ МӨНГӨ БОСГОХ УУ-

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 78.9 хувийг төр эзэмшиж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд тусгаснаар “нийтийн буюу Монголын ард түмний өмч” гэсэн үг. Гадныханд санал болгох хувьцаа 30 хувь юм. Одоогоор Тавантолгойн хувьцаанаас төр 78.9 хувийг, иргэд 21. 486 хувийг, ААН-үүд 0.05 орчим хувийг нь эзэмшдэг.

Тавантолгой бол үеийн үед улстөржигдсөөр ирсэн сэдвүүдийн нэг. 2008 оноос хойш Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар олон хувилбар ярьж ирсэн ч, дэвшилттэй хувилбар гараагүй. Хэрэв IPO гаргах асуудлыг улстөржүүлэхгүйгээр, хурдтайгаар ажиллаж охин компаниар дамжуулан нөөцөө авч үлдэх давуу талтайг холбогдох албаныхан онцолж байгаа.

Мөн охин компанитай болсноор үйл ажиллагаа нь улам өргөжин, иргэн бүрийн халаасан дахь 1072 ширхэг хувьцаа амилж, байгалийн баялгаасаа ашиг хүртэх боломж гарц нь нээгдэнэ хэмээж буй юм.

Нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийн удирдлагууд ямар хүмүүс байх вэ, хэн байх вэ гэдэг асуудал яригдаж маргаан дэгдээгээд эхэлчихсэн. Мөн Монголын ард нийтийн эзэмшлийн компанийн 30 хувийг гадаадын бирж дээр IPO гаргана гэсэн судалгаа байдаг уу гэдэг асуулт тавигдаж байна. 

Тавантолгойг эргэлтэд оруулах тогтоол гараад найман жил болж байхад нүүрс угаах үйлдвэр бариагүй, төмөр зам тавигдаагүй өдий хүрч ирсэн. Өнгөрсөн  хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажилласан ч иргэдэд ногдол ашиг тараахгүйгээр төмөр зам барих ажилд хөрөнгө оруулна, зарцуулна гэдэг замаар ашиг орлогоо иргэдээс холдуулсан.  

Гэтэл “Эрдэнэс Тавантолгойн охин компаниар дамжуулан тэдэн тэрбум ам.долларын орлого олно” гэсэн тооцооллоор У.Хүрэлсүхийн Засгийн газар яагаад гэв гэнэт яаравчлах болов, гаргасан тогтоолоо юунд нууцлав. Үүнийг хардах нэг үндэслэл бий. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг охин компани нэрийдлээр хувьцаагаа хөдөлгөж сонгуулийн өмнө мөнгө тараах хувилбар явагдах уу гэсэн хардлага үүсгээд байна. Улмаар сонгуулийн өмнө 300, 300-гаар тараах асуудал чих дэлсээд эхэлчихсэн. 

Засгийн газрын 296 дугаар тогтоолд тусгаснаар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн бодлогыг баталж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах чиглэлийг баримталж ажиллахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга М.Баяраад даалгасан” байгаа юм.

Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явц байдлыг Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулахыг үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын А.Ариунболдод үүрэг болгожээ.

Томоохон эдийн засагч, мэргэжилтнүүд хэрэв охин компанийн удирдлага хэн байх, хэрхэн зөв удирдан чиглүүлэхээс шалтгаалж хөрөнгө босгож чадах, өргөжих эсэх нь шалтгаална хэмээн дүгнэж байгаа. Гэтэл охин компани байгуулах, IPO гаргах зэрэг хэрэгжилтэд хяналт тавих томоохон ажилд өнөөх л хуучин бууны хугарахайнууд байсаар байвал эл ажилд найдлага тавих хүн цөөхөн харагдаж байна.