Хөхөнд даруулж эндсэн хоёр нярайн ээжид 1-2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

Хөхөнд даруулж эндсэн хоёр нярайн ээжид 1-2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүй байдал, гэнэтийн аюул ослоос болж бага насны олон хүүхэд цаг бусаар хорвоог орхисоор байна. Тэр тусмаа сүүлийн үед бага насны хүүхдийг харгалзах хүнгүй, гаднаас нь цоожлон гэртээ үлдээсний улмаас гал түймэрт өртөж, амиа алдсан тохиолдол их гарсан. 

Мөн үүнээс гадна эцэг, эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж, нярай хүүхдээ хэвтээ байдлаар хөхүүлж байхдаа “хөхөөрөө дарж, амьсгалыг нь боогдуулсан” хэрэг явдал гарсан албаны эх сурвалжууд, сэрэмжлүүлэн мэдээлж байв. 

-ЭЭЖ НЬ НОЙРМОГЛООД, ХҮҮХДЭЭ ХӨХӨӨРӨӨ
ДАРЧИХСАН БАЙСАН-

Тухайлбал, Хөвсгөл аймагт өнгөрөгч аравдугаар сард “гурван сартай” мөн “нэг сартай” хоёр нярай хөхөнд даруулж, амиа алдсан хэрэг гарсан байна. 

Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “шөнө унтаж байгаад ээж нь хүүхдээ хөхүүлэхдээ нойрмоглоод дарчихсан гэсэн. Тэгээд өглөө босоод хүүхдээ хартал бие нь цэв хүйтэн болчихсон байсан гэдэг.

Ингээд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Намайг ороход ээж нь талийгаач хүүхдээ тэврээд л уйлаад байсан. Хүүхэд нь олон цагийн өмнө амьсгал хураасан юм шиг хөшөөд үнэхээр эвгүй болчихсон байсан. Нярай хүүхэд маш амархан амьсгалын дутагдалд орж, бүтдэг гэсэн. Хөхүүл ээжүүд маш болгоомжтой байх хэрэгтэй” гэсэн мэдээллийг өгсөн юм. Ийм байдлаар амиа алдсан хүүхдүүдийн үхлийн шалтгаан нь ихэвчлэн “нүүр болон цээжний дарагдлын улмаас амьсгал бүтээлтэд орж” нас барсан байдаг байна. Тус хоёр нярайн цогцост нь хийсэн шинжилгээний хариуд “цээжний дарагдал бүхий гэмтэл тогтоогдсон байдаг ба энэ нь мохоо зүйлийн нүүр болон цээжин тус газар дарах үйлчлэлээр үүсгэгдэж, үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн” гэсэн байдаг байна . 

-“ХҮНИЙ АМЬ НАСЫГ БОЛГООМЖГҮЙГЭЭР ХОХИРООХ” ГЭМТ ХЭРЭГТ
ТООЦОЖ ЯЛ ОНОГДУУЛДАГ БАЙНА-

Энэ төрлийн хэргийг Эрүүгийн хуулиар “Эх хүүхдээ хөхүүлэх явцдаа унтаж, хөхөөрөө амыг нь дарснаар хүүхэд амьсгалах боломжгүй болж, амьсгал бүтэлтэд орж болзошгүй байх үр дагаврыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч ухамсарлан ойлгоогүй, мэдэлгүй үйлдэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл”-ийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт” тооцож зохих хариуцлагыг оногдуулдаг байна. 

Хөвсгөл аймагт гарсан дээрх хоёр хэрэгт, “хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн хийсэн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гаргасан тул хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1-2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. 

Мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар болсон байна.

Энэхүү хэрэг нь нэг талдаа хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг ч нөгөө талаас олон сар тээж төрүүлсэн хүүхдээ болгоомжгүй байдлаар алдах нь эхчүүдэд сэтгэл санааны гүн цочрол болдог аж. Иймд iSee.mn сайт “хөхүүл хүүхдээ зөв байрлалаар хөхүүлэх, аль болох хэвтээ хөхүүлэхгүй байхыг зарим иргэдэд сэрэмжлүүлэхийн тулд дээрх мэдээллийг бэлтгэсэн болно.