С.Чулуунд БНХАУ-ын Ардын их сургуулиас “Хоймрыг мандуулагч” цол олгожээ

С.Чулуунд БНХАУ-ын Ардын их сургуулиас “Хоймрыг мандуулагч” цол олгожээ

Соёлын яамны сайд С.Чулуун улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үнэт өв болсон түүхийн эх сурвалж бичгүүдийг манай хөрш оронд шинжлэх ухааны боловсруулалтгүй гаргасан гэх мэдээлэл гарч, тэрээр олон нийтээс багагүй шүүмжлэл хүртээд буй. 

Тодруулбал, академич С.Чулуун, түүхч Д.Өлзийбаатар нар Архивын ерөнхий газарт хадгалагдаж байсан Монгол, Манжийн 18-20 р зууны эхэн үеийн харилцаанд холбогдох 640 мянган нүүр хуудас бүхий түүхэн эх бичвэрүүдийг “шинжлэх ухааны ажил” хэмээн БНХАУ-д “бэлэглэлийн гэрээ”-ээр өгсөн гэх асуудал зарим хэвлэлд гарсан юм. Тэгвэл түүнтэй холбоотой дахин нэг баримт гарсан нь “Өндөр гэгээний намтар судрууд”-тай холбоотой асуудал үүсээд байгаа аж.

- ДУНДАД УЛС МОНГОЛ УЛСЫГ ӨӨРИЙН НЭГ ХЭСЭГ БУЮУ ХОЙМРОО ГЭЖ ҮЗДЭГ ҮҮ-

Тодруулбал, Үндэсний номын санд хадгалагдаж байх “Өндөр гэгээн”-ийн дөрвөн судар, гар бичмэлийн эх, мөн Өндөр гэгээнтэй харилцаж байсан богдуудын 200 орчим захидал зэргийг 2020 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын талд хуулбарлан өгсөн байж болзошгүй байгаа ажээ. Учир нь тус баримтуудыг БНХАУ хоёр боть болгон хэвлэж, 1200 юаниар зарж эхэлжээ. Харин номын зохиогчоор БНХАУ-ын Ардын их сургуулийн профессор Оюунбилэг болон С.Чулуун нарын нэр орсон байдаг бөгөөд тус ном дээр гарсан С.Чулууны танилцуулга дээр “Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирал, БНХАУ-ын Ардын их сургуулийн Син Ао эрдэмтэн хэмээн тэмдэглэн үлдээжээ. 

“Син Ао” гэх ханз нь “Хоймрыг мандуулагч” гэх утгатай буюу “Умарт хязгаарыг мандуулагч эрдэмтэн” хэмээн тайлагддаг байна. 

Үүнээс гадна тус номон дээр монгол хэлийг дундад улсын цөөн тоот үндэстний хэл хэмээн бичсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татжээ. Өнгөрсөн намраас эхлэн БНХАУ Өвөрмонголчуудын монгол хэл бичгийг нухчин дарах бодлого явуулсан нь манай улсын иргэд болон дэлхий нийтийн ихээхэн анхаарлыг ихээхэн татаж, хүчтэй эсэргүүцлийг төрүүлсэн. Үүнээс үүдэн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний хэл, бичиг ямар чухал болохыг ард түмэндээ үлгэрлэн телевизээр монгол бичгийн хичээл хүртэл зааж буй.

Номын шар өнгөөр тодруулсан хэсэгт “Син Ао” хэмээжээ

Сонирхуулахад, 1700-аад оны үед улс орноосоо урваж, харийн улсад зүтгэж байсан урвагч ноёдыг “Умард дахиныг тохинуулагч, умард талыг мандуулагч гэх мэтээр өргөмжилдөг байсан түүхтэй ба мөн 2-р дайны үед Япончууд эзэлж авсан орондоо "Азийг хөгжүүлэгч" гэсэн утгаар ийм ханз ашиглаж байсан гэдэг. Харин зарим эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар Дундад улс Монгол улсыг өөрийн нэг хэсэг буюу хоймроо гэж үзэж ийнхүү цол хэргэм өгсөн байх магадлалтай гэжээ.