ТЭДНИЙ ТУХАЙ: Найман настай охиныг хүчирхийлсэн этгээд суллагдаж, БНСУ-ын иргэд эсэргүүцэж байна

ТЭДНИЙ ТУХАЙ: Найман настай охиныг хүчирхийлсэн этгээд суллагдаж, БНСУ-ын иргэд эсэргүүцэж байна

Өчигдөр буюу бямба гаригт Өмнөд Солонгос /БНСУ/-ын түүхэн дэхь хамгийн хэрцгий гэмт хэргийн эзэн шоронгоос суллагдсан нь тус улсын ард иргэдийн уур бухимдлыг төрүүлж, эсэргүүцэл үзүүлэхэд хүрээд байна.

Тодруулбал, 2008 онд БНСУ-ын Ансан хотод  57 настай Чудосун гэгч эр найман настай охиныг сургуульдаа явах замд нь хулгайлан ойролцоох сүмийн угаалгын өрөөнд зэрлэгээр хүчирхийлж дотор гэдсийг нь цувуулж, буцааж шалны модоор чихэж охиныг хүндээр гэмтээсэн аймшигт гэмт хэрэг болсон юм.

Охины нарийн бүдүүн гэдэс ялгах эрхтний 80 хувь нь гэмтэж, бүдүүн нарийн гэдсээ мэс заслын аргаар авхуулснаар охин насан туршдаа гуурстай амьдарч байгаа юм.

Харин хэрэгтэн тухайн үед согтуу байсан, юу ч санахгүй байна гэх шалтгаанаар тус улсын шүүх Чудосунд ердөө 12 жилийн ял оноосон байдаг. Солонгосын нийт ард иргэд нэгэн дуугаар орилж эсэргүүцэж тэмцэж байсан ч тусыг эс олсон ч тэд одоог хүртэл тэмцсээр байна.

Харин өчигдөр гэмт хэрэгтэн Чудосун суллагдсан ба өөрийн өмнө нь амьдарч байсан Ансан хотод амьдрах хүсэлтээ өгчээ. Энэ мэдээг сонссон Солонгос иргэд хохирогч охиныг өөр газар луу нүүлгэхээр мөнгө цуглуулж эхэлсэн бөгөөд Чудосуныг гарч ирэхэд 150 гаруй хүн түүн рүү дайрч өндөг шидэн, түүнийг хотоос явахыг шаардан хашгирч байсан юм. Мөн түүний биед халдахыг оролдсон иргэдийн тоо өдөр ирэх тусам ихсэж, тэд ийнхүү тэмцэж байгаа  аж.

Чудосун өчигдөр Засгийн газрын цахим хяналтын хөтөлбөрт бүртгүүлэхээр тэнсэнгийн газар руу явж байхдаа өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, өөрийн зан авирыг үргэлж хянаж, үлдсэн амьдралдаа буруутай үйлдэлдээ гэмшиж амьдарна гэдгээ мэдэгджээ.

Харин цагдаагийнхан давтан гэмт хэрэг гарах вий гэсэн болгоомжлолын үүднээс Чог үргэлж хянах болно гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэд 15 ширхэг хяналтын камер шинээр суурилуулж, хотын гудамжны 30 чийдэнгийн гэрэлтүүлгийн түвшинг дээшлүүлжээ.

Энэ оны есдүгээр сарын 25-нд "Наёон оо хүчтэй байгаарай" гэсэн иргэдийн хөдөлгөөн 68 сая воныг хоёр өдрийн дотор цуглуулжээ. Найман настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн охин одоо ч хөгжлийн бэрхшээлтэй төдийгүй аав нь 2017 онд өгсөн ярилцлагандаа "Миний уур хилэн одоо ч бадарсаар байгаа. Хэрэгтэн суллагдах өдрийг бодож дотроо шаналсаар амьдарч байна" гэж ярьсан байна. Уг хэргийг "Наёоны (хуурамч нэр) хэрэг" гэж олон нийт мэддэг ч хүний эрхийн байгууллагууд "Чудосуны хэрэг" гэж ярихыг уриалдаг байна.

Мөн тус улсын хуулиар:

  • Бэлгийн хүчирхийллийн хэрэгтэн суллагдсаны дараа 7 жил электрон бугуйвч зүүж, 5 жилийн турш интернэтед нэр зураг нь байршдаг
  • Гэрийнхээ ойролцоо тийм төрлийн ял эдэлж байсан хүн амьдардаг эсэхийг тусгай сайтаас шалгах боломжтой байдаг аж.

Чудосуны хэргээс 9 жилийн дараа буюу  2017 оны 10-р сард "Хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн хүчирхийлэгчийг шийтгэх" хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Чудосун шиг гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэн дахин тийм бага ял эдлэхгүй байхаар шийдэгджээ. Хуулийг шинэчлэхэд тус үйл явдлаас сэдэвлэн 2013 онд бүтээгдсэн "HOPE" кино их хувь нэмэр оруулсан гэж үздэг байна.