СУРВАЛЖИЛГА: Монголчуудын бүтээж, У.Хүрэлсүхийн дэмжсэн “Мон 30” автобус эвдэрч, олон сар “хэвтэж” байна

СУРВАЛЖИЛГА: Монголчуудын бүтээж, У.Хүрэлсүхийн дэмжсэн “Мон 30” автобус эвдэрч, олон сар “хэвтэж” байна

Одоогоос хоёр жилийн монгол инженерүүдийн бүтээсэн "Мон 30" нэртэй хоёр цахилгаан автобусыг нийслэлийн тээвэрт хүлээлгэн өгсөн.  Гардан хүлээн авч, баяр бахдал болж байсан хүмүүсийг сануулбал Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч асан Б.Отгонсүх, НТҮГ-ын дарга Ч.Сайханбаяр болон ЗТХЯ-ны холбогдох албаны төлөөллүүд байв.

-МЭРГЭЖЛИЙНХНИЙ ХҮЛЭЭН АВААГҮЙ АВТОБУСЫГ У.ХҮРЭЛСҮХ ПОПОРЧ ХУРДЛУУЛСАН ТҮҮХ-

Харин тэдэнд "Хүлээн ав" гэдэг үүргийг өгсөн хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Үйл явдлыг мөн л дахин сануулбал 2018 оны 10 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх "МОН 30" автобусны үйлдвэрт очиж ажиллан дугуйнд нь сүү өргөөд буцахдаа "Дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ. "Мон 30" автобусыг нийтийн тээвэрт явуулах талаар судалж үз" гэж холбогдох албаныханд үүрэг өгсөн байдаг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мон 30 автобустай танилцах үеэр

Угтаа бол Ерөнхий сайдыг очиж сүү, сааль болохоос өмнө Зам тээврийн яамны мэргэжилтнүүд тус автобусыг голж, хүлээж авалгүй нэлээн олон сар болсон бөгөөд илүү сайжруулах, хөгжүүлэлтийн ажлыг хийхийг үйлдвэрлэсэн гэх “Монгол машин индустриал” ХХК-д зөвлөөд явж байсан гэдэг.

Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх гүйж очсоныхоо дараа Зам тээврийн сайд Б.Энх-Амгаландаа үүрэг өгч, Б.Энх-Амгалан нь яамныхаа ажилчдад үүрэг өгснөөр автобусыг аргагүй эрхэнд хүлээн авсан гэх мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл, Зам тээврийн яамны мэргэжилтнүүд стандартын шаардлага хангахгүй, илүү сайжруулах шаардлагатай хэмээн хүлээж авалгүй олон сар болсон автобусаа сайдынхаа шахалтаар аргагүйн эрхэнд бүртгэж, нийслэлийн нийтийн тээврийн газарт хүлээлгэн өгсөн гэсэн үг. “Мон 30” автобусыг хүлээж авах ажил ингэж ногоон гэрлээр гарсан түүхтэй гэлцдэг.

Ерөөс уг автобусыг Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 22-ны  122 тоот тогтоолын хүрээнд хийсэн байдаг. Бүр тодруулбал, Ерөнхий сайдын дэмжлэгтэй, Засгийн газраас санхүүжүүлж хийсэн гэсэн үг. Тус хоёр автобусыг төсвийн мөнгө буюу тухайн үед 195 мянган ам.доллараар худалдан авсан. Энэ нь зах зээл дээрх бусад цахилгаан автобусны үнэтэй харьцуулахад 55 мянган доллараар илүү үнэтэй гэсэн үг.

“МОН 30” АВТОБУС ЖИЛД 312 УДАА ШУГАМ ЗАМД
ГАРАХААС 71 УДАА ГАРЧЭЭ-

Ингээд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Зорчигч тээвэр III” ОНӨҮГ-т тус автобусуудыг хүлээлгэн өгч, “Шугам замд гарга” гэж үүрэгджээ. Хүлээн авсан “Зорчигч тээвэр III” ОНӨҮГ-аас  автобусыг үйлчилгээнд явуулаад эхэлтэл мотор болон бусад эд анги доголдох, цахилгааны гэмтэл гарах зэргээр өнөөдрийг хүргэсэн байна.

Өнөөдрийн байдлаар “МОН 30” автобусны нэг нь бүрэн хүчин чадлаар ажиллаж чадахгүй байгаа учрааас сурагчдыг зөөх үйлчилгээнд гаргажээ. Харин нөгөөгийнх нь мотор эвдэрч “Зорчигч тээвэр III” ОНӨҮГ-ын хашаанд сул зогсож байна.

Тус автобусыг үйлдвэрлэгч “Монгол машин индустриал” ХХК-ийн зүгээс автобусны моторыг засахаар авч явжээ. Гэвч шаардлагатай сэлбэг, хэрэгслийг авчрах, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах хугацаа хил хаагдсанаас болж удааширч байгаа аж. Эдгээр шалтгаанаас болж “Зорчиг тээвэр III” ОНӨҮГ-ын үйл ажиллагаа доголдож буйг тус байгууллагын ажилтнууд хэлж байна.

“Монгол машин индустриал” ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан хамгийн анх уг автобусыг олон нийтэд танилцуулахдаа “2-3 цаг цэнэглээд 180-200 км зам туулна. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг бол “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой. 100 хувь цахилгаан эко автобус” гэж байв.

Гэтэл өнөөдөр бодит байдал дээр нэг жилд 312 өдөр шугам замд ажиллах ёстойгоос “Мон 30” 71 өдөр л гарсан нь доорх баримтаас харагдаж байна.  Бид энэ талаар “Зорчиг тээвэр III” ОНӨҮГ-т техник, технологийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженер Ц.Мөнхбаатараас тодрууллаа.

-Ц.МӨНХБААТАР: ДУЛААЦУУЛГЫН СИСТЕМИЙГ БАТЕРЕЙНААС ШИЙДСЭН. АНХ Л ДОГОЛДОЛТОЙ ИРСЭН-

-“Монгол машин индустриал” ХХК та бүхэнд хэдэн жилийн баталгаа өгсөн бэ. Одоо ирж засвар үйлчилгээг хийдэг үү?

- 18 сарын баталгаа өгсөн. Бидний зүгээс жолоочоо гаргаж ажиллуулах, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг. Үйлдвэрлэгч компани техникийн үйлчилгээ, засварыг хийсний дараа  БИД хүлээж аваад шугам замд гаргадаг. “Монгол машин индустриал” ХХК-иас инженер, техникийн ажилчид хүрч ирж засварыг хийж байгаа боловч хугацаа их алдаж байна. Өөрөөр хэлбэл засч дуусахыг асар удаан хугацаанд хүлээдэг. Бодит байдал ийм л байна.

-Яг хэзээнээс эвдэрч эхэлсэн бэ. Тээвэрт гарахгүй байгаа өдрүүдээр тооцвол танай байгууллагад бодит ямар хохирол учирсан бэ?

-Эвдрэл 2019 оны 12 дугаар сараас эхэлсэн. Дулаацуулгын системийг батерейнаас шийдсэн. Ингээд автобус өвөл шугам замд гараад нэг хувийн цэнэгээр нэг км зам явсан. Нийт 60 гаруй км зам яваад орж ирдэг байсан. Тэгээд энэ асуудлыг шийдье. Дулаацуулгын системийг үндсэн батерейнаас салгаж өгөөч гэдэг хүсэлтийг бид тавьсан. Анх нэлээн доголдолтой ирсэн. Арваннэгдүгээр сард яагаад цөөхөн хоног явсан бэ гэхээр уг доголдолтой холбоотой. Бид уг доголдлыг арилгаж өгөхийг хүссэн учрааас засвар хийгээд цаг алдсан. За ингээд 12 сараас эвдэрч эхэлсэн. Зогсож байгаад цахилгааны систем нь гэмтэж асахаа болих, батерей нь цэнэглэгдэхээ болих гэх мэт доголдол гарсаар зургадугаар сар хүргэсэн. Зургадугаар сараас хойш нэг автобус нь 40 хувиас дээш цэнэглэгдэхээ больсон. Түүнийгээ саяхан янзалсан. Нөгөөх нь эвдрэлтэйн улмаас зунжин яваагүй. Өнөөдрийг хүртэл ямар ч засвар хийгээгүй моторыг нь аваад явчихсан байдалтай байна. Энэ машин шугам замд ажиллаж байсан бол цагийн гүйцэтгэлийн алдагдалгүй байх байсан. Манайх 504 ресс хийхэд 845 цаг явах ёстой юм. Гэтэл 820-830 цагт ресс хийж байна. Цагийн гүйцэтгэл 98 хувь байна. Шугамд машин эвдэрхэд энэ хоёр автобусыг  оронд нь гаргаж техникийн сааталгүй ажиллах байв. Өвөл болж байдаг. Өндөр өртөгтэй автобус бидэнд өгчихсөн үр шимийг нь бид хүртэхгүй байна. Бүтэн жилийн хугацаанд ажиллуулсан байдлыг нь харвал туулах ёстой замынхаа 20 хүрэхгүй хувьд нь явсан байна шүү дээ.

-“НОМИН”, “ЭКОЛОГИ БУС” ХХК-ИЙН 2014 ОНД ҮЙЛДВЭРЛЭСЭН
20 АВТОБУСНЫ 13 НЬ МӨН ЭВДЭРЧ БААЗЫН ХАШААНД “ХЭВТЭЖ” БАЙНА-

“Монгол машин индустриал” ХХК-ийн “Мон 30” автобусаас гадна 2014 онд “Номин” компанийн “Экологи бус” ХХК-тай хамтран бүтээсэн 20 цахилгаан автобусны 13 нь мөн эвдэрч ажиллахгүй байгаа аж. Тус автобуснуудын хувьд технологийн хувьд маш бүдүүлэг, сэлбэг болон шатахуун нь олдоц муутай засвар авдаггүй гэх мэт сул талтай гэнэ. Ийнхүү Хятадаас сэлбэгийг нь авчирч Монголд угсарсан ажлаа ”Эх орондоо үйлдвэрлэсэн” гэх нэр зүүлгээд төрд өндөр үнээр шахаж буй автобусны ихэнх нь өнөөдөр ажиллахгүй үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. “Номин” компанийн “Экологи бус” ХХК-тай хамтран бүтээсэн 20 цахилгаан автобусны хувьд засвар, арчлалтын баталгаат хугацаа нь дууссан учраас одоо хариуцлага хүлээх эзэнгүй байгаа гэх. Харин “Мон 30” автобусын хувьд шаардлагатай байгууллагуудад хүсэлт өгсөн байна.

Уг нь утгаа гаргадаггүй, хүн, байгальд ээлтэй цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийх ёстой. Гэхдээ монголчуудын хийсэн гэх ажилладаггүй автобусыг худалдан авч улсыг болон нийтийн тээвээр үйлчлүүлэгчдийн хохироож болохгүй юм. Монголчуудын бүтээсэн автобусыг БНХАУ-аас оруулж ирсэн цахилгаан автобус болон давхар автобустай харьцуулахад хүчин чадал болоод цэнэг барилт гээд бүхий л талаараа дутуу байна.