СУРВАЛЖИЛГА: Баянхошууны эцсийн гэр хороолол орон сууцны хороолол болох бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна

СУРВАЛЖИЛГА: Баянхошууны эцсийн гэр хороолол орон сууцны хороолол болох бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна

Улаанбаатар хот, Баянхошууны эцэс гэхэд хүн бүхэнд гэр хорооллын дүр зураг буух биз ээ. Гэр хорооллыг дагасан агаарын бохирдол, нүхэн жорлон, ил задгай асгах бохирын уснаас үүдэлтэй хөрсний бохирдол хэдэн жилийн өмнөөс л нийслэлчүүд бидний шийдэх ёстой асуудал байсан ч ард иргэд дөжирч, төр засаг ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрлээ.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны Засаг дарга Л.Бямбадорж Баянхошууны эцэс дэх гэр хорооллыг дэд бүтцэд холбож, газар чөлөөлөлтийн журмаар айлуудыг орон сууцжуулах ажлыг санаачилж, эл ажил одоо ид өрнөж байна. 2009 оноос эхлэн тэрээр Азийн хөгжлийн банкинд төсөл хүргүүлж, олон жил уйгагүй хөөцөлдөж, шантралгүй зүтгэсээр 2017 онд төслийг эхлүүлж, энэ онд дэд бүтцийн ажлыг 100 хувь дуусгажээ. Харин ирэх оноос хувийн орон сууц барих ажлыг эхлүүлэх аж. Гэр хороололд цэцэглэж буй хөгжлийг сурвалжлахаар бид Баянхошууг зорьж, төслийн талаар Л.Бямбадорж даргатай ярилцлаа.

-ДЭД БҮТЭЦ ТАВИХ АЖИЛ 100 ХУВЬ ДУУССАН. ИРЭХ ЖИЛЭЭС ЭХНИЙ ЦОГЦОЛБОР ХОРООЛЛУУД БАРИХ АЖЛУУД ЭХЭЛНЭ-

-Гэр хороололд дэд бүтэц тавьж, орон сууц барих төсөл хэрэгжиж байгаа талаар бид дуулж, таныг зорьж ирсэн юм. Та бидэнд энэхүү төслийн талаар ярьж өгөөч. Хэзээнээс, ямар түүхтэйгээр хэрэгжиж эхэлсэн бэ?

-Социализмын үед манай хороонд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа, шүүхийн байр гэх мэт томоохон объектууд байрладаг байсан. Энэхүү байруудыг халаах зорилготой уурын зуух ч ажилладаг байсан. Нэг өдөр уурын зууханд ажилладаг хүмүүстэй ярилцаж байтал тэд манай хороонд нийгмийн үйлчилгээний байгууллагуудын ус, дулаан, бохирын усыг хариуцдаг дэд бүтэц байдаг талаар хэлсэн. Гэхдээ тэр дэд бүтцийн ердөө 30 хувийг ашигладаг. Өөрөөр хэлбэл 70 хувь нь газарт булаастай байсан гэсэн үг. Энэ талаар би олж мэдээд тэр дэд бүтцийг ашиглаж, жижигхэн орон сууцны хороолол баривал яасан юм бэ гэсэн саналыг Азийн Хөгжлийн банканд анх тавьж байсан юм. Харин Азийн хөгжлийн банк саналыг минь судалж үзэн нэг жилийн дараа надад “боломжтой юм байна” гэсэн хариуг өгч, үргэлжлүүлж судалгаа хийхээр болсон. Нийслэлийн удирдлага ч дэмжиж, зөвхөн Баянхошуу биш, өөр дэд төвийн зориулалттай байгуулсан гэр хорооллуудыг бүгдийг нь ийм болгох санал тавьсан. Азийн хөгжлийн банк ч бүх судалгааг хийж, Баянхошуу болон Сэлбэ дэд төвийг өөрийн санхүүжилтээр төслийг нь хийж өгье гэсний үндсэн дээр энэхүү бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.

-Төсөл хэрэгжсэнээр яг ямар эерэг үр дагавар, ач холбогдлууд бий болох вэ. Эхний ээжлийн дэд бүтцийн ажил хийгдэхэд тодорхой хэмжээний газар чөлөөлөлт явагдана шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэв? 

-Улаанбаатар хотод маш олон орон сууцнууд баригдаж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар, үнээс хамааран ихэнх нь зарагдалгүй уддаг шүү дээ. Тиймээс бид гэр хороололд орон сууц барьж, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Энэ санааг маань ч Азийн хөгжлийн банк дэмжиж, орон сууцны хороолол барих төсөл батлагдсан. Төслийн идэвхтэй үйл явц 2017 оноос эхэлсэн. Гурван жилийн хугацаанд дэд бүтцийн ажлууд 100 хувь тавигдаад дуусаж байгаа. Ирэх жилээс эхний цогцолбор хороолол барих ажлууд эхэлнэ. Бид энэ жил 5,2 га газрын чөлөөлж, тухайн байршилд байсан айлуудыг орон сууцанд оруулж, газар чөлөөлөлтийг хийсэн. Манай хорооноос дэд төвийн байршилд нийт 150 га газар хамрагдаж байгаа. Төсөл хэрэгжсэнээр гарах эерэг үр дагаврууд мэдээж олон. Тухайлбал дээр дурдсан уурын зуухын үйл ажиллагаа зогссон. Үүнийг дагаад маш том утааны голомт арилсан гэж хэлж болно. Мөн нийгмийн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаас гадна, хувийн хэвшлийн байгууллагууд ч дэд бүтцэд холбогдсон. Ингэснээр 19 нам даралтын зуухнууд ч ашиглалтаас гарсан.

-Орон сууц барих талаар бидэнд тайлбарлаж өгөөч. Яг ямар шийдэл, загвартай хэдэн давхар байрууд баригдах вэ?

-Ерөнхийдөө нэг хэсэг газартаа өндөр орон сууцны барилгууд, нөгөө хэсэг газарт 3-5 давхар орон сууц, мөн 2-3 давхар хувийн хауснууд байхаар төлөвлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч хашаагүй, ногоон байгууламж, авто зам, гэрэлтүүлэгтэй орчинтой болох юм. Үүнийг дагаад нэг айлын чөлөөлсөн газарт гурваас таван давхар байшин баригдаж, арван айл амьдрах боломж үүснэ. Гол зорилго нь энд байгаа иргэдийнхээ амьдралын нөхцөлийг сайжруулах зорилготой. Түүнээс биш ямар нэгэн ашиг олох зорилготой биш.

-Яг хэзээнээс эхэлж орон сууц баригдах вэ?

-Ирэх жилээс эхний бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Мөн бусад байршлууд дээр төлөвлөсөн зураг төсөл нь гарчихсан байгаа. Үүний дагуу иргэдтэй уулзаж, тэдний оролцооны талаар зөвшилцөж, ойлголт өгч байгаа. Иргэд санаа нэгдэж эхэлсэн цагаас бүтээн байгуулалт эхлэх боломжтой. Энэ жил 5,2 га газрыг чөлөөлөхөд иргэд  маш хурдан хугацаанд нэгдэж чадсан учраас ажил эрчимтэй урагшилсан. Иргэд ч түргэн хугацаанд шинэ орон байрандаа орсон. Хүмүүс хурдан нэгдэх тусам ажил илүү хурдан явагддаг юм байна лээ.

-ТУХАЙН АЙЛЫН ХАШААНД БАЙГАА НЭГ ШИРХЭГ БУТНААС ЭХЛЭЭД ЖОРЛОН, БОХИРЫН ЦООНОГИЙН НҮХ БАЙСАН Ч ҮНЭЛНЭ-

-Иргэдийн газрыг ямар нөхцөлөөр чөлөөлүүлсэн юм бэ.

-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө гэр хороолол руу ерөөсөө чиглэгдээгүй байсан. Зөвхөн орон сууцтай дэд бүтэцтэй хэсэг дээрээ л объект барина гэж төлөвлөдөг байснаас гэр хороололд дэд бүтэц барина гэж ерөөсөө төлөвлөөгүй. Нөгөө талаар иргэд байрны үнээс болж орон сууцанд хамрагдаж чаддаггүй. Харин газраа чөлөөлснөөр гэр, байшин, хашаа гэх мэт өмчөө үнэлүүлж, өргүйгээр орон сууцанд орох боломжтой болох юм.

-Тэгвэл хашаа, байшингаас гадна ямар өмчүүдийг үнэлгээнд тооцох вэ?

-Иргэний бүхий л зүйлийг үнэлж байгаа. Хашааны метр квадратыг 60 мянган төгрөгөөр үнэлэхэд 0,7 га газартай айл 42 сая төгрөгтэй болж байгаа юм. Байшинг үнэлэхдээ ямар материалаар хийгдсэн байна гэдгээс хамаарч шинэ материалын үнээр тооцож төлсөн. Тухайн байшинг бариад 50,60 жил өнгөрсөн  байсан ч хамаагүй одоогийн зах зээлийн үнээр үнэлж тооцно. Нэг ширхэг бут, тэр байтугай жорлон, бохирын нүх, хашаа, амбаар, чулуугаар гишгүүр шат тавьсан байсан ч бүгдийг нь олон улсын газар чөлөөлтийн журмаар үнэлж,  иргэдэд ямар ч хохиролгүйгээр төлсөн.

-Хэрэв тухайн айлын өмчийг үнэлэхэд орон сууцанд орох хэмжээнд хүрэхгүй байвал яаж шийдэх вэ?

-Энэ асуудлыг бид уян хатан байдлаар шийдэх төлөвлөгөө гаргасан. Сая 5,2 га газрыг чөлөөлж, Буян ухаа цогцолборт иргэдийг байранд оруулахад 2-3 давхар байшин, машины грааж, зуны байшингуудтай айл их байсан. Тэдгээрийг үнэлэхэд 200, 300 саяын үнэд хүрч байгаа юм. Бид тэдгээр айлд “энэ мөнгөндөө бүгдэд нь байр авах уу, эсвэл өөртөө тохирсон байрыг худалдан авч үлдсэн мөнгөө эргүүлэн авах уу” гэсэн уян хатан саналыг тавьсан. Зарим айлын газар, хөрөнгийг үнэлэхэд орон сууцанд байр авах хэмжээнд хүрч чадахгүй байсан. Тэдгээр айлыг ипотекийн зээлд оруулах байдлаар газар чөлөөлөлтөд хамруулсан. Эхний ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдсан айлууд бүгд сэтгэл хангалуун байгаа.Дараа дараагийн чөлөөлөлт ч  энэ байдлаар явагдана.

-Иргэдийн зүгээс газар чөлөөлөлтөд итгэл үнэмшил муутай байдаг шүү дээ. Газраа байраар солино гэхэд төдийлөн итгэдэггүй. Та бүхэнд энэ тал дээр ямар нэгэн асуудал үүсэж байв уу?

-Ерөөсөө тийм л байдалтай байдаг. “Хотын орон сууцны дэргэдэх гэр хорооллууд хэвээрээ байхад хаа байсан Баянхошууны газрын мухарт дэд бүтэц тавигдаж, орон сууц барих юу л бол. Засаг дарга маань худал хэлж байна даа” гэсэн өнцгөөс хүлээн авч итгэдэггүй байсан. Намайг анх төслөө танилцуулахад зарим удирдах ажилтан хүртэл “Төсөл хийе гэж олон улсын байгууллагууд их хэлдэг ч тодорхой хийсэн ажил байдаггүй. Танд худал горьдлого төрүүлж байгаад алга болчихно доо” гэдэг байсан. Ийм байдлаар хүлээж авдаг олон хүнтэй таарч байсан ч би шантраагүй. Харин Азийн хөгжлийн банкнаас “Бид таныг дэмжинэ. Таны төсөл дээр бат зогсож байгаа шүү” гэж байнга дэмждэг байсан.

-Төсөл хэрэгжихэд үүнээс гадна ямар бэрхшээлүүд үүсэж байсан бэ?

-Ний нуугүй хэлэхэд улс төр их нөлөөлсөн. Доод, дунд, дээд шатандаа “солонгорсон” өөр, өөр үзэл баримтлалтай намын ажилтнууд байвал ажил гацаад урагшилдаггүй байна лээ. Би үүнийг өөрийн бие дээр мэдэрсэн. Гэхдээ 2017 оноос нийслэлийн удирдлагууд солигдож энэ ажил эрчимтэй явагдаж эхэлсэн. Анх дэд бүтцийг ашиглах зөвшөөрөл авахаар дүүргийн засаг даргатай уулзахад Нийслэлээс зөвшөөрөл өгдөг гэж хэлсэн. Нийслэлийн Засаг даргатай АХБ-ны ажилтнуудыг дагуулан арайхийн уулзаж, төслийн талаар танилцуултал “Нийслэлд байдаг бүх дэд төвийг ийм болгож өг” гэсэн. АХБ ч бүх судалгааг нь хийж өгсөн. Бүх дэд бүтэц дээр судалгаа хийхэд их цаг хугацаа орсон. Энэ мэт маш их зовлон бэрхшээлийг туулсны эцэст л хэрэгжиж эхэлсэн дээ. Тухайн үед АХБ-ны барилга хот байгууллын асуудал хариуцсан Арнол Хекмон надад маш их итгэл үнэмшил төрүүлж, зоригжуулж байсан. “Бид үүнийг заавал хийнэ, баталгаатай болсон шүү” гэж байнга хэлж, ирж ажилласаар байсан тул би ч урам авч, зогсоогүй.

-2030 ОН ГЭХЭД МАНАЙ УЛСЫН ГЭР ХОРООЛОЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛОХ БОЛОМЖТОЙ-

-Та 2009 оноос хойш Засаг даргын албан тушаалыг хашиж байгаа юм байна. Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас танай хороонд ямар өөрчлөлтүүд гарч эхлэв?

-Хүн нэг газар тогтвор суурьшилтай ажиллахаар тухайн газар байгаа бүхий л асуудлыг өөрийн биеийн эд эс шигээ мэддэг болчихдог юм байна. Хорооны засаг даргаар ажиллаж эхэлсэн цагаасаа иргэдэд тулгарч буй асуудлуудыг шийдэхийн тулд олон үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Үүний нэг нь энэхүү дэд бүтцийн төсөл юм. Энэ ажлыг эхлүүлэхэд иргэдийн олонх нь маш сайн дэмжсэн. Цөөн тооны эсэргүүцсэн хүмүүс “Би хашаан дотроо эрх чөлөөтэй, дураараа амьдардаг. Гэтэл та бидний энэ эрх чөлөөг алга болгох гэж байна. Бид орон сууцанд амьдарвал эрх чөлөөтэй амьдарч чадахгүй гэдэг”. Хашаа гэдэг чинь тухайн хүний гэр шүү дээ. Хашаагаар оронгуут хогоо овоолчихсон айлууд байдаг. Дээрээс нь нүүрс түлж, усаа зөөж байгаа. Гэтэл тухайн хүний амьдралын тодорхой цаг хугацаа түлээ, нүүрс, ус гэх мэт зүйлсэд зарцуулагдсаар байна. Хэрэв орон сууцанд орчихвол тэр цаг хугацаагаа гэр бүлдээ зориулж, амьжиргаагаа дээшлүүлэхэд зарцуулж болно шүү дээ. Ингэж хэлэхээр хүмүүс ойлгож эхэлдэг.

-Яагаад Азийн хөгжлийн банканд санал тавьсан бэ. 

-2009 онд анх Засаг даргын ажлаа авах үед Дэлхийн банкнаас Нийтийн аж ахуйг сайжруулах төсөл хэрэгжүүлж байсан. Манай хороонд хоёр талаар нь хүмүүс арайхийн гардаг, машинууд ус цацаад өнгөрдөг нуур шиг ус тогтчихдог гудамж байсан юм. Тэр гудамж хорооны ганц сул талбайтай газар байсан. Үүнийг би олж харан, иргэдийн амралтын газар болгох санал тавихад Дэлхийн банк шууд зөвшөөрсөн. Тэгээд би өөрийн гараар талбайн тохижилтын зураг зурж, Дэлхийн банкны төсөлд санал тавихад тэр жилийнхээ намар тоглоомын талбай, автомашины зам баригдсан. Үүнээс өмнө энэ тухайгаа би дүүрэгт танилцуулахад “Ганц гэрэлтүүлэг тавих төсөв мөнгө байхгүй байхад юун тоглоомын талбай вэ. Нийслэл байтугай, төрд ч тийм хэмжээний мөнгө байхгүй. Гудамжаар дүүрэн хог хөглөрснийг харж байна уу. ТҮК-үүд хогоо ч ачих мөнгөгүй байна шүү дээ” гэсэн юм. Үүнээс би энэ төрлийн мөнгийг улсын төсөв аль эсвэл нийслэлийн төсвийн мөнгөөр хийх боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. 

-Таны харж байгаагаар Засгийн газраас танай төслөөс санаа авч гэр хорооллыг орон сууцжуулах боломж бололцоо хэр байна вэ?

-Хотын удирдлагууд манай төслөөс санаа авч нийслэлийг тойрсон 10 гаруй дэд төвийг хөгжүүлэх тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Нэг үеэ бодвол манай улсын эдийн засгийн байдал сайжирсан байна. Тиймээс гэр хорооллыг яг байгаа газар нь орон сууцжуулах ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой гэж бодож байгаа. Нөгөө талаар гэр хороололд байр баривал том барилга байшингуудыг буулгахгүй, мөн янз бүрийн инженерийн шугам доогуур нь тавигдаагүй тул дэд  бүтцэт холбох бүрэн боломжтой. Гэр хорооллыг дэд бүтцэд холбож орон сууцжуулах замаар бүтээн байгуулалтыг хийж эхэлбэл 2030 он гэхэд манай улсын гэр хороолол тэр чигээрээ орон сууцны хороолол болох бүрэн боломжтой гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө