-ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАС БОЛЖ ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ
САНАЛ ЗӨРСӨН ҮҮ -
МАН-ын 100 жилийн ой удахгүй болно. Залгуулаад Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиох юм. МАН энэ түүхэн ойг угтан улс төрийн шийдвэр гаргаж 100 хүнд өршөөл үзүүлэн суллана гэх мэдээлэл улс төрийн яригдаж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ үйл явцыг эхлүүлэхээр МАН-аас аль хэдийн бэлтгэж эхэлсэн бөгөөд гагцхүү Ерөнхийлөгчтэй л учраа ололцохгүй байгаа аж.
УИХ-аар Шүүхийн багц хуулийг хэлэлцэхээр болж МАН-ын бүлэг дэмжсэн. Ингэхдээ тэд Ерөнхийлөгчийн оруулж ирсэн шүүхийн хуулийг бус өөрсдийн өргөн барьсныг хэлэлцэнэ гэж буй. Энэ нь шүүхээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг холдуулах гэсэн санаа нь тодорхой болсон. Учир нь шүүхийн томилгоонд Ерөнхийлөгч оролцдог нь эрх мэдлийг шууд атгаж байна гэсэн үг юм. Тиймээс МАН-аас шүүгчийг томилдог эрх мэдлийг нь Ерөнхийлөгчөөс холдуулахаар өөрсдийн боловсруулсан төсөлд тусгасан байдаг.
Мөн түүнээс гадна ял эдэлж буй хүмүүст өршөөл үзүүлэх асуудлаар тодорхой заалтуудыг уг хуульд оруулжээ. Уг асуудлаас үүдэн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хэдэн тийшээ харцгаасан гэх мэдээлэл ч байна.
Хэдийгээр Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн дагуу Өршөөл үзүүлэх нь УИХ-ын мэдлийн асуудал ч наана нь Ерөнхийлөгчтэй улс төрийн тохироогоо хийсэн байх ёстой. Үгүй бол Ерөнхийлөгчөөс ямар ч хариу үйлдэл ирж мэднэ. Энэ дагуу тохироогоо хийх гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс “АН, МАН” гэлтгүй бүгдийг нь суллана өөрөөр хэлбэл өөрөө энэ үйл явцад оролцоно гэсэн гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч уг асуудал хэрхэн шийдвэрлэгдэж, тэд яаж ойлголцох нь удахгүй тодорхой болох буй за.
МАН 100 жилийн ойдоо зориулсан өршөөлийн хуулиа цар тахалтай холбон тайлбарлаж өнгөлөн далдалж буй. Тодруулбал, энэ талаар анх ам алдсан УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтэд мэдэгдэхдээ “Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана” гэж хэлсэн юм.
-ЗУРГААН УДАА ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТАЛЖ БАЙЖЭЭ –
Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улс зургаан удаа буюу 4-6 жилийн давтамжтайгаар Өршөөлийн хууль баталжээ.
Тодруулбал,
- 1991 оны зургадугаар сарын 21. Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан БНМАУ- ын Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдав.
- 1996 оны наймдугаар сарын 22. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, 60 түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.
- 2000 оны долдугаар сарын 7. Энэ өдөр УИХ Өршөөлийн тухай хууль батлав.
- 2006 оны зургадугаар сарын 23. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн тухай хууль батлав.
- 2009 оны долдугаар сарын 9. Ардчилсан хувьсгалаас хойших тав дахь Өршөөлийн тухай хууль батлагдав.
- 2015 оны наймдугаар сарын 11. Засгийн газрын санаачилсан Өршөөлийн тухай хуулийг батлаж байв.
Өршөөлийн хууль батлагдсанаар энгийн иргэдийн нэрийн дор цагаан захтнууд буюу авлигал хээл хахуулийн хэргээр ял эдэлж буй олны танил хүмүүс СУЛЛАГДДАГ жишигтэй. Энэ дагуу 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө шүүхээр таслагдаж өдгөө шоронд хоригдож буй Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, С.Баяр, Б.Бямбасайхан, Д.Ганболд гээд МАН, АН-ын нийлсэн 20 орчим хүн цаашлаад улсыг их хэмжээгээр хохироосон Ш.Батхүү, Г.Алтан нарын хүмүүс ч уг хуулиар хамгаалагдах магадлалтай. Ерөнхийлөгчийн зүгээс хуульчдаараа дамжуулан “Хэрвээ өршөөх гэж буй бол МАН, АН гэлтгүй суллах ёстой” гэх байр, суурийг одооноос илэрхийлж эхэлсэн нь дээрх хүмүүст ч өршөөл үзүүл гэдэг утгыг УИХ-д дайж буй.