“Цэрэг гэдэг нэрээр төмөр зам тавиулж хөдөлмөрийн мөлжлөг хийж байна”

“Цэрэг гэдэг нэрээр төмөр зам тавиулж хөдөлмөрийн мөлжлөг хийж байна”

Ерөнхийлөгч Х.Баттулгын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 400 гаруй киллометр төмөр замын ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулж буй. Мөн өвөлжит хүндэрсэн зургаан аймгийн малчдаас малыг нь худалдан авч, цэргийн алба хаагчдаар хээр нядлуулж, бой хийлгэх гэж байж болзошгүй гэх мэдээлэл ч байгаа юм.

Харин зарим иргэд цэргийн алба хаагчдаар ийнхүү хөдөлмөр эрхлүүлэх нь зөв гэж байгаа бол зарим иргэд буруу гэсэн байр суурьтай байгаа юм. Тухайлбал, энэ талаар Доктор Ц.Лувсандорж гуай өөрийн facebook хуудастаа “Цэрэг гэдэг нэрээр төмөр зам тавихад зүтгэсэн цэрэг гэгчид үнэндээ хөдөлмөрийн мөлжлөг дор нэг жил болсон байна” гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ.

ТЭРЭЭР:

-Цэрэг боол биш-

Манайхан одоо “Цэрэг дансандаа 8-11 сая төгрөгтэй халагдаж байна. Гайхамшиг” гэж ид хөөрч хийрхэж байна. Гэвч би “Цэрэг боол биш” хэлж байна. Цэрэг гэдэг нэрээр төмөр зам тавихад зүтгэсэн цэрэг гэгчид үнэндээ хөдөлмөрийн мөлжлөг дор нэг жил болсон байна.

Тооцоод үзье. Тоо худлаа хэлдэггүй юм. Нэг жилд 12 сар, нэг сард 30 хоног, өдөр дор хаяж 8 цаг ажилладаг, хөлслөгддөг гэвэл цэрэг гэгч тэр төмөр замчин нэг жилийн хугацаанд дор хаяж 2880 цаг ажилласан байна. Цэрэг төмөр замчин халагдахтай дундажаар 8-11 сая төгрөгийг дансандаа авсан гэвэл тэрээр цагт дундаж 0,99-1,36 доллароор хөлслөгддөг байх нээ. Энэ мөлжлөг биш үү! Бод доо!

Цэрэг нэрээр, “мэдлээ, гүйцэтгэе” гэсэн хандлагаар хүний нэг цагийн хөдөлмөрийг ийнхүү хөлсөлж байгааг соёлт дэлхийд дуулгаад энэ нь хөдөлмөрийн мөлжлөг мөн эсэхийг лавлаад асуучих улс төржөөгүй байгууллага энэ улсад одоо байна уу?

Хүний хөдөлмөрийг л бодитой цэнэлүүлэхийн төлөө байдаг Үнэнч ҮЭ-үүд энэ нийгэм одоо байна уу? Хүний эрх гэж 30 жил хөөрцөглөсөн нөгөө айхтар хүний эрхээр овоглосон байгууллагад энэ улсад амьд уу? Цэрэг гэдэг ажилчин биш, төмөр замчин бүүрч биш гэдгийг хэлээд “цэрэг боол биш” гэдгийг сургаж “цэрэг эх орноо цахим зуунд хэрхэн хамгаалах, түүнд тэрээр алба хааж байхдаа хэрхэн суралцах ёстой” талаар номноод өгөх генералиуд, цэрэг судлаачид энэ улсад мөн байна уу?

Угтаа бол цэрэг мэргэжлийн байх ёстой болжээ. Тэр цахилах ёстой болж байна. Дрон хийхэд нэг хэсэг нь суралцмаар бол нөгөө хэсэг цахим тулалдаанд бэлдмээр юм шиг. Гуравдах хэсэг вирусын тулалдааныг сөрмөөр байх шиг. Махан цэрэг буу бариад бие биеэ шүршиж байдаг он цаг түүх болж үлдэж байна. Энэ нь дурын нэг дундаж, дурын нэг малчинг цэрэг болгох огт хэрэггүй гэсэн үг шүү дээ. Цэрэг боол биш. Цэрэг цахим зуунд боолоос их том юм” гэжээ.