СУРВАЛЖИЛГА: Монгол эрдэмтэд малын дотор махаар уургийн агууламж өндөртэй, органик БЭЛЭН ХООЛ бүтээжээ

СУРВАЛЖИЛГА: Монгол эрдэмтэд малын дотор махаар уургийн агууламж өндөртэй, органик БЭЛЭН ХООЛ бүтээжээ

Монголчууд эрт үеэс малаас гарах бүхий л зүйлсийг ашиглаж ирсэн ч сүүлийн үед мах бэлтгэлийн газруудад малын дотор гэдэс ихэнх тохиолдолд хаягддаг болов. Чухам тал газарт тааваараа бэлчиж, шим тэжээлтэй өвс, ургамлаар хооллож буй таван хошуу малын дотор маханд хамгийн их эрдэс бодис, уураг агуулагдаж байдаг аж. Тэгвэл монгол эрдэмтэд малын дотор махаар хоёрхон минутын дотор бэлэн болох боломжтой хоолыг бүтээжээ. Бид эрдэмтдийн шинэ инновацийн сургаар Шинжлэх Ухааны Академийн Хими, Химийн технологийн хүрээлэнг зорив. Очсон газарт зорьсон хүн маань ч таарч, дотор махан бэлэн хоолон бүтээгдэхүүний судалгааны ажлын удирдагч,  химийн технологич Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

СОНСОХ:

-ХЯТАДАД НИЙЛҮҮЛЭГДДЭГ ЭНЭ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС УУРГИЙН АГУУЛАМЖ ХАРЬЦАНГУЙ ӨНДӨР БАЙСАН-

-Малын дотор махаар хийсэн бэлэн хоол гэхээр уншигчдад их сонирхолтой санагдаж байгаа байх. Та юуны өмнө энэхүү инновацийнхаа талаар бидэнд тайлбарлаж өгөөч. Анх ийм бүтээгдэхүүн гаргах санаа хэрхэн төрж байв?

-Монголчууд эрт дээр үеэс мал аж ахуйгаа эрхэлж ашиг шимийг нь хүртсээр ирсэн. Монгол малын сүүн болон махан бүтээгдэхүүн амт чанар, шим тэжээлээрээ аль хэдийн дэлхийд танигдчихсан, тэжээллэг чанар өндөр учраас олон улсын эрдэмтэд их судалдаг. Манайд сүү болон мах бэлтгэлийн үйлдвэрүүд байгаа хэдий ч дайвар бүтээгдэхүүний ашиглалт муу, ихэнх тохиолдолд хаягддаг. Эмээлт орчим гэхэд л малын дотор гэдсийг ашиглахгүйгээр их хэмжээгээр хаячихсан байдаг шүү дээ. Тиймээс ихэнх тохиолдолд хаягдал болдог бүтээгдэхүүнийг хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, хэрэглэхэд хурдан хүнс бий болговол хүмүүст ч үр өгөөжтэй, эдийн засагт ч ашигтай юм болов уу гэсэн үүднээс анх энэхүү санааг олж, төслийн уралдаанд оролцсон. Нөгөөтээгүүр хүмүүс бэлэн, хурдан хугацаанд болдог хэрнээ органик, дотооддоо үйлдвэрлэсэн элдэв химийн найрлагагүй бүтээгдэхүүн хэрэглэхийг эрэлхийлдэг болчихсон. Харин малын дотор гэдэс өөрөө шим тэжээлийн агууламж асар өндөртэй хүнс учраас хүмүүсийн эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэж бодсон юм.

-Гаднын орнуудад энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, худалдан авалт хэр байдаг вэ?

-Урд хөрш Хятадад гэхэд л энэ төрлийн бүтээгдэхүүнийг маш их сонирхдог. Бид “Грант” төслөөс санхүүжилт авсны дараа Хятадад нийлүүлэгддэг энэ төрлийн бүтээгдэхүүнийг судалж үзсэн юм. Тэгтэл Хятадад өндөр үнээр зарагддаг бөгөөд манай загвар бүтээгдэхүүнтэй харьцуулахад уургийн агууламж харьцангуй бага байсан. Тэгэхээр зөвхөн дотооддоо гаргахаас гадна гаднын орнуудад экспортлох боломжтой гэж бид дүгнэж байгаа. Ялангуяа Өвөрмонголд энэ төрлийн бүтээгдэхүүн их хийгддэг юм байна лээ. Ялгааны хувьд олон төрлийн сонголттой байдаг. Тухайлбал, халуун ногоотой, амтлагчтай гэх мэт. Бас дотор махууд нь бүгд холилдсон цэлцэгнүүр шиг байсан. Гэхдээ нойтон, чийг ихтэй байх тусмаа нөөшлөгч,  хадгалалтын хугацааг уртасгах зорилготой нэмэлт бодисууд орц найрлагад нь орсон гэсэн үг. Харин манай бүтээгдэхүүний орц найрлагад ямар ч нөөшлөгч бодис ороогүй. 100 хувь цэвэр байгалийн гаралтай нэмэлт бодисуудаар бүтсэн гэдгээрээ онцлог байгаа юм.

-Хэдэн төрлийн малын махаар бэлэн хоол хийх боломжтой вэ. Мөн ямар ямар түүхий эд орц найрлагад нь орсон бэ?

-Төслийн сэдэв нь “Бэлчээрийн бог малын дотор махаар бэлэн хоол үйлдвэрлэх технологи боловсруулах” байсан. Бог мал гэдэгт хонь, ямаа хоёр орно шүү дээ. Бидний хувьд уушги, дэлүү, элэг, зүрх, бөөр, мөн шим тэжээлийн чанар өндөртэйд тооцогддог гүзээг нэмэлтээр оруулж ирсэн. Ерөнхийдөө үндсэн зургаан төрлийн түүхий эдийг ижил төрлийн хэмжээтэй оруулсан. Малын элэг гэхэд л гүзээ, бөөрнөөсөө өөр хэмжээтэй байдаг. Тиймээс бүтээгдэхүүндээ түүхий эд бүрээс ойролцоо хэмжээтэйгээр оруулж, савласан байгаа. Бүтээгдэхүүн маань хуурайшуулсан шөл, малын дотор мах, амтлагч буюу гүнждийн тосноос бүрдсэн.

-Үйлдвэрлэлийн талаар яръя. Ямар технологиор бүтээгдэхүүнээ боловсруулсан бэ?

-Монголчууд таван цулын шөл уувал ядаргаа амархан тайлагддаг гэж ярьдаг. Чухам таван цулын шөл хэлбэрээ яаж удаан хадгалж, хүмүүс хүссэн үедээ гэртээ ууж болох бүтээгдэхүүн бий болгох вэ гэж бодсон. Улмаар бид өөрсдөдөө байгаа нөөц боломжоо ашиглан малын түүхий эдийг тоосруулан хатаах төхөөрөмж ашиглан шөлөө хуурайшуулж гаргаж авсан. Өөрөөр хэлбэл хуурай нунтаг хэлбэрээр шөлөө гаргаж авсан гэсэн үг. Усанд шөлөө хийж, нэмэлт бүтээгдэхүүн болох бусад дотор махтайгаа хольж маш богино хугацаанд, шим тэжээлтэй шөл хэрэглэх боломжтой гэсэн үг юм.

-Хуурайшуулах явцад түүхий эдийн шим тэжээлийг багасахгүй гэж үү?

-Бид үүнийг мөн лаборитароор шинжилж үзсэн. Энгийн  үед дотор махны уургийн хэмжээ 12 хувьтай байдаг. Гэтэл манай тоосруулан хатаах технологиор гаргаж авсан шөлнийх 48,3 хувьтай байсан. Онолын үүднээс тайлбарлавал бүтээгдэхүүнийг дулааны боловсруулалтад оруулахад уургийн хэмжээ 4-5 дахин нэмэгддэг. Үүнтэй адил бид өндөр температурт, дулааны боловсруулалт хийж бүтээгдэхүүнийг гаргаж авч байгаа тул уургийн хэмжээ нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн кальци, магни гэх мэт эрдэс бодисууд дулааны боловсруулалтад ороход өөрчлөгддөггүй. Тиймээс энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй гэж хэлж болно.

-СУДАЛГААНЫ АЖЛУУД БҮРЭН ДУУССАНЫ ДАРАА ДОТООДОД БОЛОН ГАДААДАД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ХАРЖ БАЙНА-

-Бүтээгдэхүүний хэрэглэх заавар, хадгалалтын талаар яривал?

-Бид төслөө аваад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд туршилтын ажлуудаа хийж ирсэн. Эцсийн байдлаар бүтээгдэхүүнийг хараахан бэлэн болгоогүй байна. Гэхдээ бид урьдчилсан байдлаар хадгалалтын эцсийн хугацааг  зургаан сар байна гэж тооцоолж байгаа.

-Дотор мах амархан муудаж, үнэр ордог талтай. Зургаан сар энэ төрлийн бүтээгдэхүүний хадгалалтын хувьд урт хугацаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр хадгалалтыг уртасгах ямар нэгэн бодис шаардагдахгүй гэж үү?

-Тийм. Шөл нь нунтаг хэлбэрт шилжсэн байгаа тул удаан хугацаанд хадгалах боломж үүсэж байгаа юм. Харин нэмэлт дотор махны хувьд чийгийн агууламжийг бууруулж, бага зэрэг хатааж, вакуумжуулсан байгаа. Тиймээс өргөгчид зургаан сар хадгалах бүрэн боломжтой.

-Судалгааны багийн ахлагчийн хувьд бүтээгдэхүүнийг цаашид хэр хөгжих боломжтой гэж бодож байна?

-Бүтээгдэхүүн туршилтын шатанд явж байгаа. Хүний идэх хүнсийг хийж байгаа тул бүтээгдэхүүний нарийн судалгааг хийж байж нийлүүлэх нь зүйтэй. Бид эхний ээлжид бүтээгдэхүүний загварыг гаргачихлаа. Одоо дараагийн шатны судалгаа нь бүтээгдэхүүнийг  хэрэглэхэд ямар нэгэн өөрчлөлт гарч байгаа эсэх, товчхоноор бол эрүүл мэндэд нөлөөлөх талаас нь судлах юм. Судалгааны ажлуудаа бүрэн дуусгасны дараа бэлэн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Зах зээлд нийлүүлэх тал дээр эрдэм шинжилгээний байгууллагууд бизнес гэхээсээ илүү судалгаанд тулгуурлаж, бүтээгдэхүүн боловсруулдаг. Гэхдээ Инновацийн хуульд “Эрдэм шинжилгээний байгууллагууд судалгааны ажлаа зах зээлд нэвтрүүлэхэд холбож өгөх гарааны компанитай байна” гэж заасан байдаг. Үүний дагуу манай Химийн хүрээлэнгийн дэргэдэх технологийн инкубатор төв гарааны компанитай болсон. Тэгэхээр бүтээгдэхүүний судалгааны ажлууд нь бүрэн дуусаж, бүх зүйл жигдэрсний дараа магадгүй гарааны компаниараа дамжуулж, гадаадын болон дотоодын зах зээлд нэвтрүүлэх боломж нээгдэх байх.

-Судалгааны явцад малын дотор махыг хаанаас авч байв?

-Монголчууд таван цулын мах хэрэглэхдээ дэлүүг шууд хаячихдаг. Гэтэл дэлүү бусад дотор махаасаа төмрийн агууламж хамгийн өндөртэй, цус багадалтад маш сайн түүхий эд. Зах худалдааны төвүүдэд зарагддаг цэвэрлэсэн малын дотор гэдсэнд дэлүү байдаггүй. Тиймээс бид мах бэлтгэлийн газраас очиж түүхий эдүүдээ авсан. Үнийн хувьд ч зах худалдааны төвүүдээс боломжийн байдаг.

-Сүүлийн үед малчид малдаа янз бүрийн химийн гаралтай тариа тариулж байна гэж дуулдах болсон. Магадгүй үүнээс сэрэмжлэн иргэд малын дотор махыг хэрэглэх нь багассан байх талтай юм. Танай бүтээгдэхүүний хувьд үүнийг яаж шийдсэн бэ?

-Дотор мах, мах махан бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээж авах, Хүнсний үйлдвэрлэлд дотор махыг хэрхэн ашиглах талаар улсаас баталгаажуулсан стандарт гэж байдаг. Бид тэрхүү стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хүлээж авч загвар бүтээгдэхүүндээ ашигласан.  Гэхдээ монголын хувьд химийн тарианаас болж малын дотор эрхтэнд өөрчлөлт орох нь харьцангуй бага гэж бодож байна. Учир нь таван хошуу мал нь хамгийн шим тэжээлтэй өвсийг хэрэглэж, талд ургаж буй эмийг ургамлуудаар хооллодог шүү дээ. Тиймээс энэ тал дэр нэг их санаа зовох зүйл байхгүй гэж харж байгаа.

-АХМАД, ЗАЛУУ СУДЛААЧДЫН ИННОВАЦИ ЗӨВХӨН ЦААС ТӨДИЙ ҮЛДЭХ БУС, БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОХ БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА-

-Туршилтын явцад ямар хүндрэлтэй асуудлууд тулгарч байв?

-Үйлдвэрийн түвшинд малын дотор махыг автоматаар цэвэрлэх, гар ажиллагааг багасгасан технологиудыг ашигладаг. Харин манайх албан ёсны үйлдвэрлэлийн байгууллага биш шүү дээ. Тиймээс малын гэдэс дотрыг цэвэрлэхэд бага зэрэг хүндрэлтэй байсан. Гэхдээ бэлэн хоолонд орж буй түүхий эдүүд харьцангуй цэвэрлэгээ бага шаардагддаг учраас тийм том бэрхшээл бол биш байсан.

-Бүтээгдэхүүн худалдаанд гарвал үнэ өртөг нь ямар байх вэ. Та бүхэн судалгаа хийхэд Хятадад энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өртөг ямар байсан бэ?

-Бид үнийн судалгаа хийж үзэхэд Хятадад зарагдаж буй энэ төрлийн бүтээгдэхүүний доод үнэ нь 10 мянган төгрөг, дээд үнэ нь 80 мянга байсан. Харин бид өөрсдийн 250 гр-ийн савлагаатай бүтээгдэхүүнийг 1600-1800 төгрөгийн хооронд байвал тохиромжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүний бас нэг давуу тал нь энд үүсэж байгаа юм. Хямд үнэтэй, тэгсэн атлаа шим тэжээл өндөртэй органик хүнс.

-Хоёулаа яриагаа арай өөр тийш нь хандуулъя. Сүүлийн үед танай химийн салбарт шинээр ямар ямар инновациуд бүтээгдэж, туршилтын шатанд явж байна?

-Манай Шинжлэх ухааны байгууллагууд сүүлийн үед шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Хүрээлэнгийн салбар нэгж болох манайд олон төрлийн бүтээгдэхүүний туршилт, технологийн зүгшрэлт хийгддэг. Манай улсын хувьд хөрсний бохирдол хамгийн ихээр тулгамдаж буй асуудлын нэг болоод байна. Гэр хорооллын нүхэн жорлонгууд гүний худагтай маш ойрхон байрладаг. Энэ нь эргээд хөрсөөр дамжиж бохирдол үүсгэн, хүний биед асар муугаар нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс бид хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын нүхэн жорлонгийн үнэр, бохирын лагийг задлах, хөрс эрүүлжүүлэх, ариутгах, халдваргүйжүүлэх био бэлдмэл дээр сүүлийн үед ажиллаж байна. Цаашдаа био бэлдмэлийг хүнд металл бууруулах, хөрсийг эрүүлжүүлэх чиглэлд ашиглахаар судалж байгаа. Мөн  бүтээгдэхүүний талаар хүмүүс их сонирхож, төр захиргааны байгууллагууд ч хамтарч ажиллах талаар судалж эхэлсэн.

-Шинжлэх ухааны академийн эрдэмтэд, судлаачдын гаргасан инноваци бүтээгдэхүүн болон гарах боломж хэр байна вэ?

-Инновацийн тухай хууль батлагдсанаар эрдэмтэд зөвхөн судлаад байж байдаг биш, бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх боломж нээгдэж эхэлсэн. Оюуны өмч, патентын тал дээр ч хуулийн зохицуулалтууд бий боллоо. Ахмад болон залуу судлаачдын инноваци зөвхөн цаас, судалгаа төдий бус цааш бүтээгдэхүүн болох боломж нээгдэж эхэлж байгаад баяртай байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.