Түүхэнд “Доголон Төмөр”, “Тимур” “Бурхны ташуур” зэрэг нэрээр мөнхөрсөн Төмөр хааны бунхныг 1941 онд ЗХУ-ын удирдагч Сталины зарлигаар Ташмухаммад Кори-Ниязийн удирдсан экспедицийн багийнхан нээсэн байдаг. Тэд эхлээд Доголон Төмөр хааны хүүгийн шарилыг, дараа нь Их хааны өөрийнх нь бунхныг нээжээ.
Гэтэл шарилын хавтан дээр эртний Перс хэлээр “Их хааны булшийг хэрхэвч хөндөж болохгүй, энэ зарлигыг зөрчих хэнийг ч аваас хамгийн хатуу цааз хүлээж байна” хэмээн тодоос тод бичсэн байжээ.
Тухайн үедээ бичгийг уншаад айдас түгшүүрт автаад байсан судалгааны багийнхантай нутгийн өвгөд уулзаж, “Булшийг хэрхэвч нээж болохгүй. Учир нь энэ номонд хэрэв булшийг нээх юм бол дайн эхэлнэ гэж бичсэн байдаг” хэмээн ярьж байжээ.
Төдөлгүй бунхныг нээсний ердөө маргааш нь буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд Германчууд ЗХУ руу довтолж, дайн эхэлсэн байдаг. Энэ нь Доголон Төмөр хааны шарилыг хөндсөний төлөөс хэмээх домог өнөөг хүртэл яригддаг юм.
Тэгвэл Узбекүүд 1941 онд Доголон Төмөр хааны бунхныг нээхдээ авч байсан гэрэл зургуудаа анх удаа олон нийтэд дэлгэжээ. Зурган дээр Их хааны гавлын яс харагдаж байна.
Чухам энэ цагаас тэдэнд төдийгүй улс оронд нь түмэн бэрхшээл учирч эхэлсэн тул Их хаан ба түүний үр ач нарын шарилыг 1942 оны 12-р сарын 20-нд Самарканд дахь бунханд нь эргүүлэн залжээ. Үүнээс хоёрхон хоногийн дараа ЗХУ-ын Улаан арми Станлинградад анхны ялалтаа байгуулж, Германы 60 гаруй мянган хүнтэй армийг бут ниргэсэн түүх бий.