Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс эхэллээ.
Хоёр өдрийн турш дэлхийн 43 орны 600 гаруй төлөөлөгч Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр чуулах бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага”-ын сайн туршлага, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн 3 сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж нийт 72 илтгэл хэлэлцэнэ.
Илтгэлүүдийг www.apcbid2019.mn веб сайтаар дамжуулан хүлээн авсан бөгөөд 109 илтгэл ирснээс 72-ыг нь сонгож авсан. Манай улсын иргэд идэвхтэй оролцсон.Монгол Улсаас нэгдсэн болон салбар хуралдаан бүрт илтгэл тавьж, туршлага сургамжаа хуваалцах юм.
Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан байх юм.
Өмнөх Конгрессуудын талаар ...
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1978 онд “2000 он гэхэд бүх нийтээрээ эрүүл байх” Алма-Атыгийн тунхаглалыг гарсан бөгөөд нарийн мэргэжлийн эмнэлгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хязгаарлагдмал байгааг харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг хамт олны санаачлагаар дамжуулан сайжруулахад чиглэсэн Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар танилцуулсан юм. Үүнээс хойш 30 гаруй жил дэлхийн 90 гаруй оронд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хэрэгжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам нь Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага гэдгийг НҮБ-аас цохон тэмдэглэсэн бөгөөд Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого, эрх зүйн орчноо сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх олон арга хэмжээг авч байгаа юм.
Ази, Номхон далайн бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг. Анхдугаар хурал 2008 онд “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлье” уриатайгаар Тайланд улсад болж 53 орны 650 гаруй төлөөлөл оролцсон бол хоёрдугаар хурлыг 2011 онд Филиппин улсад "Хүн бүрийг хамт олонтой болгоно" сэдвийн дор зохион байгуулахад 32 орны 550 гаруй хүн оролцжээ. Гуравдугаар хурал Японы Токио хотноо 2015 онд "Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд" сэдвийн дор болж 500 гаруй төлөөлөгч хуран чуулсан байна.
КОНГРЕССЫН БЭЛТГЭЛИЙГ БҮРЭН ХАНГААД БАЙНА
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2018 онд Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн тогтоол гаргасан. Энэ тогтоолыг үндэслэж Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахлуулсан Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах үндэсний хороог байгуулсан.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Конгрессын бэлтгэлийг хангах хүрээнд зургаан дэд ажлын хэсэг бүхий Техникийн ажлын хэсгийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулан нэг жилийн хугацаанд ажиллуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгохын төлөө чамгүй олон ажлыг хийж амжуулаад байгаа юм. Мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд оны эхнээс www.apcbid2019.mn сайтыг нээн ажиллуулж конгрессын талаарх бүхий л мэдээллийг хүргэж буйгаас гадна Конгресс зохион байгуулахтай уялдуулан “Чингис хаан”, “Блю Скай”, “Ибис Стайлс”, “Улаанбаатар”, “Шангри-Ла” зэрэг 10 гаруй зочид буудлын 170 гаруй ажилтанд хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт мэдлэг өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцах тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлж үйлчлэх талаар сургалт зохион байгуулж, конгрессын үеэр ажиллах цагдаа, онцгой, эрүүл мэнд, нисэхийн ажилтнуудыг сургалтад хамруулсан. Монголын скаутын холбоо, Улаан загалмай нийгэмлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх ТББ-уудтай хамтран нийт 370 гаруй сайн дурын ажилтнаас 100-г конгрессын үеэр ажиллуулахаар сонгоод байна.
Дэд бүтцийг сайжруулахад нийслэлээс анхаарч 136 гудамж, 11900 м2 хэвтээ замын тэмдэглэгээ хийсэн. Дуут гэрлэн дохиог гурван газар нэмж байрлуулан гаднаас ирж буй зочдыг хил, гаалиар хүндрэл, саадгүй нэвтрүүлэх, тэдгээр иргэдийн туслах хэрэгсэл, зайлшгүй биедээ авч явах шаардлага бүхий зүйлсийг зөв зохистой шалгах зэргийг анхааралдаа авч шаардлагатай сургалт, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах холбогдох байгууллагуудад зохион байгуулсан. Гадаад, дотоодын зочдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн яаралтай тусламжийн багийг бүрдүүлж“Чингис хаан” нисэх буудалд зочдыг угтах, зочид буудалд хүргэх зэрэг аюулгүй байдлыг хангах Шуурхай удирдлагын төвийг ажиллуулж байгаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ