ГХЯ: Нутаг буцах хүсэлтэй нийт 12461 иргэн байна

ГХЯ: Нутаг буцах хүсэлтэй нийт 12461 иргэн байна

Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Одоогийн байдлаар манай улс 53 орноос нийт 18392 иргэнээ татан аваад байгаа юм. Энэ талаар ГХЯ-ы Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Энэ сард төлөвлөсөн нислэгээр болон боомтуудаар 4500 иргэн эх орондоо ирлээ. Нутаг буцах хүсэлтэй нийт 12461 иргэн байна. АНУ-аас 2400 гаруй, Австрали улсаас мянга гаруй иргэн ирэх хүсэлтээ илэрхийлсэн.

Хүндрэлтэй нөхцөлд амьдарч буй иргэдийн тоо эрс буурсан учраас АНУ, Австрали болон БНСУ-д суугаа иргэдийг түлхүү татан авахаар төлөвлөж байна.

Эх орондоо ирсэн иргэд бусад улс руу сурах зорилгоор буцах хүсэлтээ гаргаж байна. БНХАУ руу холимог гэр бүл буюу 170 гаруй иргэн явах хүсэлтээ илэрхийлсэн. БНХАУ-д суралцдаг оюутнуудын асуудлыг ярилцаж байна. Тус улс хэзээ танхимын сургалт руу шилжих нь тодорхой болоогүй байна. Гадаад иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй хэвээр байгаа. ОХУ дөрвөн улсад л хэлээ нээсэн. Олон оронд цар тахлын эрсдэл хэвээр байна. Санхүүгийн хүндрэлд орсон иргэдийн асуудлыг шийдэх ямар гарц байгааг шийдэхээр Олон Улсын байгууллагатай хамтарч ажилласаар байна" гэлээ. 

Мөн Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг "ОХУ вакцин бүтээсэн ч ДЭМБ-аас хүлээн зөвшөөргүй байна. Хэрвээ цаашид тус вакциныг нийтээр хэрэглэхээр баталсан тохиолдолд манай улс мөн санал тавьж ажиллах боломжтой. УОК-ын тусгай шийдвэр гарсны дараа вакцин хэрэглэх тухай яригдана. Хугацаа орно байх" гэлээ. БНХАУ-тай хамтын ажиллагааны тухайд "Ногоон гарц" шугамаар нүүрс тээвэр хийж байна" гэв.

Цар тахлын нөлөө Монгол Улсад бүрэн мэдрэгдэж дуусаагүй, цаашид 2-3 жил үргэлжилнэ гэж таамагласан

Түүнчлэн коронавирусийн эсрэг халдварын вакцины талаар ГХЯ-ны олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа "Манай улс ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцин хэрэглэнэ. Одоогоор эмнэл зүйн туршилтын шатыг давж, үйлдвэрлэлд шилжсэн нэг ч вакцин гараагүй гэж мэдэгдсэн байна. Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас санаачлан НҮБ, болон түүний системийн байгууллага, бусад олон улсын байгууллагатай хамтран Ковид-19 Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар хор хөнөөл учруулж буй талаар томоохон судалгаа хийсэн. Судалгааны дүнгээс харвал Цар тахлын нөлөө Монгол Улсад маш хүчтэй нөлөөлж байна. Гэхдээ нөлөө нь одоогийн байдлаар бүрэн мэдрэгдэж дуусаагүй, цаашид 2-3 жил үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн.

Жишээ нь, ДНБ-ий 24 хувийг эзэлдэг уул уурхайн салбарын өсөлт 30 хувиар буурсан нь эдийн засгийг 10.7 хувиар буурахад нөлөөлсөн нь судалгаагаар гарсан.

КОВИД-19-ийн нөлөөнд өртөж байгаа хүмүүс

-Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх айлууд

-Залуу гэр бүлүүд

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

-Ахмад настан

-Цөөн тооны малтай малчин иргэн өртөх нь гэх судалгаа гарсан. Иймээс НҮБ Засгийн газартай хамтран ирэх хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Ингэхдээ эдийн засгийг сэргээж, ард иргэдэд тэгш боломж олгох, эрүүл мэнд боловсролын салбарыг хөгжүүлэх гэх зорилтын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тусгаж хэрэгжүүлж байна. Үүнд 50 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ба 50 хувийг нь НҮБ дангаараа гаргах боломжтой, үлдсэн 50 хувийг бусад олон улсын байгууллага, Засгийн газар хамтран босгох шаардлагатай байгаа" гэлээ.