Хүүхдийн эрүүл мэндийг 100 мянган төгрөгөөр үнэлдэг хууль үйлчилсээр байх уу

Хүүхдийн эрүүл мэндийг 100 мянган төгрөгөөр үнэлдэг хууль үйлчилсээр байх уу

“Ач хүү маань нохойд хөөлгөлөө гээд уйлаад ороод ирлээ. Хамаг хувцас нь шороо тоос болоод гар нь шалбарчхаж, унасан бололтой. Нохойны эзэнд нохойгоо уяж, хашааныхаа хаалгаа түгжиж байхыг анхааруулахад, танд ямар хамаатай юм. Хүүхдээ өөрөө сайн харж бай гээд л явчихсан” хэмээн  нас ахимаг нэгэн эмэгтэй ярив...

Өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдөр хоёрхон настай бяцхан охинг гурван нохой урж, есөн оёдол тавиулахад хүргэсэн аймшигт хэрэг гарсан. Цахим сүлжээгээр энэ тухай хэдхэн хоногийн өмнөөс л ярих болж, эзэнтэй, эзэнгүй нохойн тухай асуудал хөндөгдөж эхлэв. Гэвч жил болгон хэдэн зуун хүүхэд нохойд хазуулж, хүнд, хөнгөнөөр гэмтдэг гэдгийг та мэдэх үү.

Тухайн өдөр болсон явдлын талаар  охины авга эгч Г.Батсайхан “11 дүгээр ангийн эгч нь хөршийнхөө гэрт хичээлээ хийж байгаад жорлон явах гээд гэрээс гартал хоёр настай дүү нь дагаж гараад нохойд хазуулчихсан. Түүнийг гэрээс нь гартал хоёр, гурван нохой нэгэн зэрэг дайрч, цус нөжтэй нь хольтол урж, зуусан байсан. Хамгийн гол нь дүү рүү маань дайрсан нохой манай хажуугийн айлынх биш, урд гудамжны айлын нохой тэдний хашаанд орж ирээд дүүг маань хазсан байна лээ. Тэжээвэр амьтнаа сул явуулж, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан гээд бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэвч хуулийн дагуу нохойн эзнийг 100 мянган төгрөгөөр торгоод л энэ хэрэг хаагдах гэж байна" хэмээн ярьсан.

-ХОЁРХОН НАСТАЙ ХҮҮХЭД НОХОЙНД УРУУЛЖ ЕСӨН ОЁДОЛ ТАВИУЛАХ НЬ ХӨНГӨН ГЭМТЭЛ ГЭЖ ҮҮ-

Охины ар гэрийнхэн цагдаад гомдол гаргахад “Эмнэлгийн магадалгаагаар хөнгөн гэмтэл гэж үзсэн учраас Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгох л арга хэмжээ авна. Тиймээс тухайн хүний торгуулийн 100 мянган төгрөгийг улсад өгч байхаар танайх авсан нь дээр" гэжээ. Гэтэл хоёрхон настай бяцхан хүүхэд бүхэл бүтэн гурван нохойд уруулж, есөн оёдол тавиулан хамаг бие нь хөндүүрлэн, хөх няц болж, биедээ шүдний оромтой үлдсэн байхад “хөнгөн” гэмтэл гэж дүгнэж буй нь харамсалтай. Хуульд зааснаар,

Зөрчлийн тухайн хуулийн 5.19-д "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.

Харин Эрүүгийн хуулийн 20.15-д: -Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ. Хамгийн гол нь Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины биед хөнгөн гэмтэл гарсан хэмээн үзсэн учраас цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцохоос өөр аргагүй аж.

-2020 ОН ГАРСААР 799 ХҮҮХЭД НОХОЙД ХАЗУУЛЖЭЭ-

Харамсалтай нь энэ удаа хоёр настай хүүхэд нохойд уруулж, есөн оёдол тавиулсан нь Монголд болдог цөөхөн хэдэн тохиолдлын нэг биш аж. 2020 оны эхний долоон сарын байдлаар нийт 1810 хүн нохойд хазуулснаас 799 нь хүүхэд байжээ. Нохойд хазуулсан хүмүүс Гэмтэл согог судлалын үндэсний төв ханддаг. Тус эмнэлэгт 2018 оны эхний хагаст 1,255 хүн нохойд хазуулсан гэх оноштойгоор иржээ. Үүнээс 479 нь 0-15 насны хүүхэд байсан аж.

Харин 2019 он гарсаар 1341 хүн нохойд хазуулснаас 562 нь бага насны хүүхэд байсан гэх тоон мэдээллийг Гэмтэл согог судлалын статистик тандалт судалгааны албанаас гаргажээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт зарим өдөр нохойд хазуулсан, шархтай 6-10 хүн ирдэг гэдгийг хүлээн авах тасгийн эмч хэлж байлаа. Хүн рүү дайрсан нохдын 80 орчим хувь нь эзэнтэй байдаг гэв. 2016 онд хүүхдийн баяраар хоёр хүүхэд нохойд хазуулж, хүнд гэмтсэн хэрэг хүртэл гарч байлаа. 

Бид хүүхдийн эрхийг хамгаалах талаар байнга ярьдаг ч бодит байдал ийм л байна. Хуулийн зохицуулалт сул учраас нохойд хазуулсан хүний тоо жилээс жилд нэмэгдсээр, бяцхан үрс хохирсоор байна. Хүүхдийн эрүүл мэндийг 100 мянган төгрөгөөр үнэлдэг хууль үйлчилсээр байх уу.