Олон нийтэд хөгжилтэй дүрүүдээрээ танил болсон жүжигчин Өөскө сүүлийн хэдэн жил спорт өмсгөлтэй мэргэжлийн тамирчны дүрээр нэр алдраа цуурайтуулж яваа билээ. Энэ удаагийн “Move On” булангийнхаа зочноор “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалыг урьж, ярилцлаа.
-ЭМИЙН САН РУУ ГҮЙЖ БАЙХЫН ОРОНД ГЭР БҮЛДЭЭ ӨДӨРТ ХОЁР ЦАГ ЗАРЦУУЛААД СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ ХЭРЭГТЭЙ-
-Таныг хүмүүс жүжигчин Өөскө гэдэг нэр алдраар чинь андахгүй хүндэлдэг, мэддэг ч сүүлийн үед жюү жицүгийн спортоор нэрээ цуурайтуулах болсон. Энэ спортод анх хэрхэн татагдан орж, сонирхон хичээллэх болсон вэ. Хичнээн жил болж байна вэ?
-Миний хувьд жүжигчин мэргэжилтэй ч одоогоос дөрвөн жилийн өмнө анх Жюү жицү гэх энэхүү спорттой танилцаж байлаа. Түүнээс хойш тасралтгүй хичээллэж бэлтгэл хийж байна даа. Тухайн үед урлагийнхаа хажуугаар ямар нэгэн спорт сонгон хичээллэх хэрэгтэй гэдэг бодол төрсөн. Тэгээд найзуудтайгаа ярилцсан. Баруунд сургууль соёл төгсөөд ирсэн нэг найз минь “Жюү жицү гээд спортын нэг төрөл бий. Баруунд урлагийнхан голдуу энэхүү спортоор хичээллэдэг. Дэлхийн дахинд маш хурдацтайгаар дэлгэрч байгаа спорт юм. Тиймээс Жюү жицү гэх спортоор хичээллээд үз” гэж зөвлөж байсан юм. Анх “Юу гэнэ ээ. Ямар сонин нэртэй, юу гэдэг спорт вэ” гээд эхэлсэн л дээ. /инээв.сурв/ Тэгээд судлаад үзтэл хэвтээ байрлалтай, ямар ч гэмтэл бэртэл авдаггүй, аюулгүй спорт байсан. Ямар хүмүүс хичээллэдэг вэ гээд сонирхоод үзтэл Пол Волкер хичээллэдэг юм билээ. Мөн Кенни Римс жюү жицүгийн техник ашиглаж тулаантай киноны гол дүрийг бүтээсэн байдаг. Тэгээд Монголд энэ спорт дэлгэрсэн эсэхийг нь сонирхож үзсэн. Гэтэл “Гаруда” клуб дөнгөж байгуулагдаж байсан юм билээ. Анх дөрвөн жилийн өмнө ингэж танилцаж, энэ спорт руу орж байлаа. Суудлын өвчтэй буюу нуруу нь өвддөг хүмүүс энэхүү спортоор хичээллэх хамгийн тохиромжтой. Миний нуруу ч өвддөг байлаа. Нуруугаа анагаана гэхээс илүү спорт гэдэг талаас нь харж орсон болохоор улам их сонирхох болсон.
-Энэ спортод таны нэр цуурайтаад эхлэхэд “ямар сонин нэртэй, юу гэдэг спорт вэ” гээд гайхах, сонирхох хүмүүс олон байсан нь анзаарагддаг. Сүүлийн үед л Монголд эрчимтэй хөгжиж эхэлж байгаа гэж хэлэх нь зөв үү?
-Тийм ээ. Монголд төдийгүй дэлхийд эрчимтэй хөгжиж эхэлж байна. Үүгээр хичээллээд амжилтад хүрэх боломжтой спорт. Ялангуяа бага болон өсвөр насныхан олноороо хичээллэж байгаа. Эцэг эхчүүд нь ч хүүхдүүдээ дагаад хичээллэж эхэлж байна. Гэр бүлийн спорт гэж хэлж болно. Эмийн сан руу гүйж байхын оронд гэр бүлдээ өдөрт хоёрхон цаг зарцуулаад энэхүү спортоор хичээллэх хэрэгтэй шүү. Ер нь UFC шиг хэвтээ байрлалтайгаар хүнийг цохихгүйгээр аргагүй байдалд оруулж, буулгаж авдгаараа онцлогтой. Эрүүл мэндэд тустайгаас гадна биеэ хамгаалах зорилгоор хичээллэж болно. Ямар нэгэн халдлагад өртлөө гэхэд аврах хүн иртэл тухайн хүнд гэмтэл учруулахгүйгээр аргагүй байдалд оруулж чадах юм л даа.
-Урлагаасаа хөндийрчихсөн үү. Урлагийн завсраар спортоор хичээллэж байна уу, спортын завсраар урлагаа амжуулж байна уу?
-Аль алиныг нь амжуулж байна. Жюү жицүгийн спортоор өдөрт хоёрхон цаг хичээллэдэг. Бусад үед нь урлагийнхаа ажилд цагаа зориулдаг. Миний хүсэн тэмүүлж хүрсэн мэргэжил “жүжигчин” учраас энэ мэргэжлээ хэзээ ч орхихгүй. Бусдад үзүүлье, харуулъя гэж бодсон зүйл ч их байна. Харин эрүүл мэнддээ анхаарах үүднээс спортоор хичээллэж байгаа гэх үү дээ. Хүнд хамгийн хэрэгтэй зүйл эрүүл мэнд. Өнөөдөр бид ямар агаартай, ямар орчинд амьдарч байгаа билээ. Эрүүл мэндийг мөнгөөр худалдаж авах биш өөрийнхөө хүч чармайлтаар бий болгох хэрэгтэй гэж боддог юм. Биеэ эрүүл байлгах зүйл рүү хүмүүсийг тэмүүлээсэй гэж хүсдэг. Бидний аав ээжийн үеийнхэн үндэсний спортоос өөр олон төрлийн спортуудыг Монголд нэвтрүүлэн хичээллэж, дэлхийд нэрээ дуурсгасан. Тэгвэл яг энэ цаг үед бид ямар спортоор хичээллэж дэлхийтэй хөл нийлүүлэн алхах вэ гэж асуувал би жюү жицүгийн спортыг нэрлэнэ.
-Спортоор хичээллэж тэмцээн уралдаанд оролцдог хүн сэтгэл зүйгээ өндөр түвшинд бэлддэг. Нөгөө талаар урлагийн хүн сэтгэл хөдлөл өндөртэй гэгддэг. Таны хувьд ялангуяа тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?
-Жүжигчин хүн, тамирчин хүн хоёр эрс тэс ялгаатай гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй. Түмний нүдэн дээр өөрийнхөө ур чадварыг үзүүлдгээрээ яг адилхан. Спорт гэдэг нь төгс эзэмшсэн мэхээ урлаг үзүүлж байгаа юм шиг гайхалтайгаар харуулахад л оршдог юм шүү дээ. Үүнтэй адилхан жүжигчин хүн зүгээр зогсож байгаад алиалан хошинтож хүнийг инээлгэдэг юм биш. Тийм болохоор тамирчинтай яг адилхан сэтгэл зүйгээ төвлөрүүлэх, өөрийнхөө хийх зүйлийг цэгцтэй бодохоос эхэлдэг. Тиймээс тамирчин хүн, жүжигчин хүн бараг нэг сэтгэл зүйтэй байж болохоор надада харагддаг. Улсын аваргын дэвжээн дээр анх гарахад тайзан дээр анх гарч байсан шиг л мэдрэмж төрж байсан шүү.
-"СПОРТ ГЭХ САЙХАН ЗҮЙЛИЙН ХАЖУУГААР БАГАДАА ЯАГААД ЗҮГЭЭР ӨНГӨРСӨН ЮМ БОЛ" ГЭХ БАГА ЗЭРГИЙН ХАРУУСАЛ ТЭЭСЭН-
-Ямар тэмцээний дэвжээ танд хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлж, догдлуулж байв. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Абу Дабид зохион байгуулагдсан дэлхийн аваргын тэмцээний дараа та “Спорт бол залуу насандаа хийдэг зүйл биш” гэж хэлсэн удаатай. Магадгүй энэ таны мэдрэмжийн илэрхийлэл байв уу?
-Намайг хүүхэд байх үед Галаа таеквондогоор, Цоомоо чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа. Тэд тамирчин хүнд төрдөг сайхан мэдрэмжийг багадаа авсан байх. Гэтэл би нас тогтож, аав болчхоод спортоор хичээллэж эхэлчхээд “Би багадаа яагаад спортоор хичээллээгүй юм бэ. Энэ сайхан зүйлийн хажуугаар яагаад зүгээр өнгөрсөн юм бол” гэж бага зэрэг харууссан. Тэр утгаараа хүүгээ энэ спортод уруу татаж оруулсан юм. Өөрийнхөө мэдэрсэн аж жаргал, кайфыг мэдрүүлэхийг л хичээж байна. Тууштай хичээнгүй хүнд л амжилт ирдэг. Нөгөө талаар “Би амьд байгаа юм чинь одоо ч гэсэн яагаад хичээллэж болохгүй гэж” бодсон. Улсын аваргын дэвжээн дээр гарч байх үеийн догдлол, дэлхийн аваргын дэвжээн дээр гарсан мэдрэмж төсөөлшгүй сайхан.
Энэхүү спорт өөд өөдөөсөө хараад хүч бяраа үзэхээсээ илүү ухаанаа зардаг онцлогтой. Бие хөгжихөөс гадна ухаан, тархи хөгждөг юм билээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард дэлхийн аваргын дэвжээн дээр олон орны тамирчидтай эн зэрэгцэн зогсохдоо тив дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж өндөрт өргөж яваа үе үеийн тамирчдаар бахархах сэтгэл төрсөн шүү. Мөн өөрөө эх орныхоо нэрээр дуудуулсандаа омогшиж зогссон. Урлагийнхан ч ялгаагүй. Өнөөдөр дуурийнхан төдийгүй ардын урлагийн “The Hu” хамтлаг дэлхийд цахиур хагалж гарч ирж байна.
-Та жюү жицүг бэртэл авдаггүй спорт гэж ярилаа. Бэртэл авч байв уу?
-Жюү жицүг бэртэлгүй спорт гэдэг. Их сонирхолтой. Би дөрвөн жил хичээллэхдээ нэг ч удаа бэртэл аваагүй. Харин хамгийн анх хичээллэж эхлэхэд бүх үе мөч янгинасан. Тэгэхэд л хөдөлгөөний дутагдал орсноо мэдэрсэн л дээ. Энэхүү спортын гол дүрмээр боож өчих нь цэвэр ялалт болдог. Мэдээж боолгосон хүн амиа аврахын тулд бууж өгнө. Хөл гараа өчүүлсэн хүн хугартал гүрийнэ гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Тиймээс бэртээд байдаггүй. Харин ид ширүүн тулаан дунд гар хөл нь мултрах тохиолдол цөөнгүй гарч харагддаг.
-Хэдээс хэдэн насныхан энэхүү спортоор хичээллэхэд тохиромжтой байдаг вэ?
-Гадаадад төдийгүй Монголд дөрвөн настай хүүхдүүд хичээллэж байна. Сая 72 настай өвгөн хар бүс авсан. Тэр хүн 20-30 жил хичээллээд өнөөдөр л про болж байна шүү дээ. Тэгэхээр насны хязгаар байхгүй юм даа. Энэхүү спортоор хичээллэснээр бие биенийгээ хүндэтгэх хүндлэл, дэг жаяг, хувь хүний төлөвшилд асар эерэг нөлөөтэй.
-Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Хамгийн сүүлд хамтлагаараа “Гэрлэн дохио” олон ангит кино хийсэн. Түүнээс хойш том уран бүтээл барьж авч суусангүй. Ирэх намар хамтлагаараа тайзны уран бүтээл, кино уран бүтээл рүү орох төлөвлөгөө бий. Одоо тодорхой барьж авч эхлүүлсэн ажилгүй байгаа учир ирэх сард Монголд зохион байгуулагдах жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтад оролцон ажиллаж байна.
-Долдугаар сард Монголд зохион байгуулагдах жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд одоогоор 30 гаруй орны 400 орчим тамирчин бүртгүүлээд байна. Том хэмжээний тэмцээн болно. Ази тивийн аваргын тэмцээн дэлхийн хэмжээний тэмцээнийг бодвол бүсний ангилалгүй. Бүсний ангилалгүй гэдэг нь нэг жинд улс бүрээс хоёр хүн оролцох юм. Тэгэхээр улс өөрийнхөө нэр хүндийг бодоод цагаан цэнхэр бүстэнүүдээ явуулчихгүй байх. Энэ утгаараа чансаа өндөртэй тэмцээн болно. Монголын үзэгчид жюү жицү гэдэг энэхүү спортын супер тамирчдыг харах, эл спорттой танилцах бүрэн боломжтой. Мөн Ази тивийн аваргын тэмцээн олимп дэлхийн аваргын дараа эрэмбэлэгддэг. Ийм хэмжээний тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, дэлхийд эх орноо сурталчлах том боломж юм. Иймэрхүү томоохон тэмцээнүүдийг дагаад жуулчлалын тоо ч өсдөг. Магадгүй 400 тамирчны 300 нь Монголд ирж байгаагүй байх. Долдугаар сарын 17-20-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм. Зарим нь наадам сонирхох гээд манай эх оронд түрүүлээд буух төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Энэхүү тэмцээнийг БШСУСЯ, “Монголын жюү жицүгийн холбоо”-той хамтран зохион байгуулж байна. Иймд наадмын дараа Монгол бөхийн өргөөнд жюү жицү спортыг сонирхоорой гэж хэлмээр байна.
-ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙН СОНГОСОНДОО НЭГ Ч УДАА ХАРАМСАЖ БАЙГААГҮЙ ЮМ БАЙНА-
-Тайзны урлаг гэснээс одоогоос хэдэн жилийн өмнө хошин урлаг хүчээ авч байсан бол одоо “Стэнд ап комеди” төрөл дэлгэрч байна. Танай хамтлаг магадгүй энэ төрөл рүү орох уу?
-Мэдээж шинэ зүйлийг эрэлхийлж өөрсдийгөө сорихыг хичээнэ. Ялангуяа “Стэнд ап комеди” төрлийг залуучууд хийж хөгжүүлж байна. Энэ бол бидний хүсэж мөрөөдөж байсан төрлийн нэг. Тиймээс сонирхож үзнэ. Өнгөрсөн хугацаанд “Тв коктейл” хамтлаг дэлгэцийн уран бүтээлээр дагналаа. Тиймээс одоо аль болох шинэ зүйлийг сэдэж, хийхийг хичээхэд чадахгүй гэх газаргүй байх гэж бодож байгаа шүү.
-Таны хувьд жүжигчин мэргэжлээр ажиллаж, урлагийн тогоонд орж ирээд хичнээн жил болов. Түүн доторх өөрийгөө одоо нэг тольдоод харвал юу хэлэх вэ?
-Би 1998 онд СУИС-д орж байлаа. Түүнээс өмнө 1996 онд “Хүүхдийн ордон”-ы кино драмын ангид Саранхүү багшид шавилж, жүжигчний зам руу орж байсан. Одоо хорь гаруй жил өнгөрчхөж. Эргээд бодоход жүжигчин мэргэжлийг сонгосондоо нэг ч удаа харамсаж байгаагүй. Зөв замаар явж байна. Аав, ээж минь намайг дэмжиж өдий хүргэсэнд баярладаг юм. Суралцаж, өөрийгөө боловсруулж л явна. Ахиад ч маш ихийг хийж бүтээх хүсэл мөрөөдөл бий. Цаашид бид инээдмийн жанр барьж кино хийе гэсэн бодол ч байгаа.
-Урлагийн хүмүүсийн яриаг уншиж байхад ардаа ямар нэгэн том зүйл орхиж, зольж байж гарч ирсэн түүхтэй хүмүүс байдаг нь анзаарагддаг. Таны хувьд тийм зүйл тохиолдож байв уу?
-Ер нь тууштай, нэг чиг шугамаар явж, зорилгынхоо төлөө зүтгэсэн хүн юу золиослох ёстой юм бол. Энэ биеэ л золиослох байх. Тийм болохоор жүжигчин гэдэг нэр алдарт хүрэхийн тулд энэ биеэ үхэн үхтлээ золиосолно. Сайн зүйлстэй нийлж ажиллана, муу зүйлээс зугтаад л холддог хүн дээ. /инээв.сурв/ Урлагийн хүмүүс гэдэг чинь огт оргүй хоосноос нэг юмыг барьж авч, бүтээдэг хүмүүс юм. Гадаадад уран бүтээлч хүн тархиа л ажиллуулахад бусдыг нь хүмүүс хийчхэж байна. Гэтэл Монголд одоо л продюсер гэдэг зүйл хөгжиж, үндсэн нэг чиг шугам руу орж эхэлж байна. Бид анх хамтлаг байгуулаад тэг цэгээс эхэлж байлаа. Өнөөдөр ард түмэн бүгдийг нь таньдаг болсон байна. Үүнд хүрэхийн тулд бидний баттай ар тал болсон аав ээж, ар гэрийнхний үүрэг маш том орон зайг эзэлсэн. Уран бүтээлийн араас явж байгаа хүнд цаг нар байдаггүй. Бид чинь тогтсон цагаар ажиллаад гэртээ очдог хүмүүс биш шүү дээ. Буудалд хоноод явж байгаа юм шиг ч үеүд байдаг. Тэр бүхний ард миний үр удмыг тээж төрүүлээд гэртээ сууж байгаа эхнэр байсан. Энэ утгаараа ар гэрийнхэн минь золиослогдож байгаа юм болов уу. Амжилт бүхний ард ар гэрийнхэн байдаг.
-Таны хүү “Би нар” кинонд дүр бүтээсэн. Жүжигчин болох мөрөөдөлтэй юу. Хүүгийнхээ
-Хамгийн түрүүнд өөрийнх нь сонголт, хүсэл мөрөөдлийг нь сонсоно. “Хүсвэл аавынхаа мэргэжлийг сонгоод яв” гэж хэлэх байх. Миний хүү аавыгаа дагаад жюү жицү спортоор хичээллээд нэг жил болж байна. Хүүдээ үлгэрлэх хэрэгтэй, харин өөрөөр нь сонголтыг хийлгэх хэрэгтэй. Юу таалагдаж, юунд зорьж байгааг эх эцэг нь ойлгодог болохоор зөв чиг шугамаар чиглүүлэх л хэрэгтэй.
-МОНГОЛД АМЬДАРДАГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУДЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ГЭР БҮЛЭЭРЭЭ ХИЧЭЭЛЛЭДЭГ-
-Та түрүүн жюү жицү бол гэр бүлийн спорт гэж ярилаа. Хүүгээсээ бусад гэр бүлийнхээ гишүүдийг энэ спортод уруу татаж чадав уу?
-Манай охидууд “Би очиж хичээллэе” л гэдэг юм. Харин эхнэрийн ажил нь амжихгүй байгаад байна. Ер нь гэр бүлээ уруу татаад оруулчих санаа байгаа шүү. /инээв.сурв/ Монголд гэр бүлээрээ хичээллэдэг маш олон хүмүүс бий. Ялангуяа Монголд амьдарч байгаа элчин сайдын яамдын мэргэжилтнүүд төдийгүй олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс гэр бүлээрээ ирж хичээллэдэг юм.
-Урлаг, спортын хажуугаар гэр бүлдээ хэрхэн цаг зав гаргаж байна.
-Завгүй, завгүй гэж байгаад нэг мэдэхэд бүгдийг нь зохицуулаад сурчихдаг юм байна. Яаж ийгээд бэлтгэлээ хийнэ, яаж ийгээд өөрийнхөө ажлыг амжуулна, яаж ийгээд ар гэртээ цаг зав гаргана. Бүтэн өдөржингөө цуг байдаггүй ч байгаа хэдэн хугацаандаа гэрийн эзэн шиг, эр нөхөр шиг, эцэг хүн шиг байхыг хичээдэг. Болохгүй гээд байвал болохгүй, болно гэвэл бүх зүйл болно.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ГАРЬД