Э.Түвшин: “Дээлтэй саналаа өглөө” улс төрийн харьяалалгүй гэдгийг дахин, дахин хэлье

Э.Түвшин: “Дээлтэй саналаа өглөө” улс төрийн харьяалалгүй гэдгийг дахин, дахин хэлье

Залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор санаачилсан ӨГЛӨӨ төслийн баг энэ жил дээлтэй сонгуулиа өгцгөөе хэмээн уриалж олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгээд байсан. Гэтэл энэ үйл ажиллагааг зарим намууд өөрсдийн сурталчилгаандаа зөвшөөрөлгүй ашигласан нь олон хүний дургүйцлийг хүргэж, зарим хүмүүс үүнийг анхнаасаа намын зохион байгуулсан ажил эсэхэд эргэлзсэн юм. Тус төслийн зүгээс энэ явдалд албан ёсны мэдэгдэл гаргасан бөгөөд бид энэ талаар “Улаанбаатар паспорт” компанийн гүйцэтгэх захирал Э.Түвшинтэй ярилцлаа.

-Өглөө кампанит ажлыг хаанаас санаачилж, хэдий хэр хугацаанд хэрэгжүүлж байгаа вэ?

-“Зориг сан”, “Улаанбаатар паспорт” байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа улс төрийн харьяалалгүй төсөл юм. Энэ жил тохиож буй УИХ-ын сонгуультай холбогдуулан гуравдугаар сараас эхлэн санаачилж төлөвлөөд зургадугаар сараас хэрэгжүүлж эхэллээ.

-Төслийнхөө талаар танилцуулаач. Гол зорилго нь юу вэ?

-Залуусын улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, сонгуульд идэвхтэй оролцуулах л ерөнхий зорилготой. Сонгуульдаа идэвхтэй оролцсоноор ямар ач холбогдолтой талаар болон улс төрийн талаар мэдэхгүй зүйлсийг нь сонирхолтой байдлаар танилцуулж мэдлэг олгохыг зорьсон.

-Төслийнхөө хүрээнд танайхаас ямар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ?

-Сошиал медиа хаягууд дээрээ нэр дэвшигчдийн нэрийг таниулахын тулд дүрс ашиглан бүтээсэн. Энэ жил мажоритар системээр сонгууль зохиогдоно. Маш олон хүн нэр дэвшиж байна. Залуус нэр дэвшигчдийн нэрийг мэдэхгүй, судалж чадахгүй байгаа учраас сэдэл өгөх үүднээс эможи ашигласан. Мөн “дээлтэй саналаа өгцгөөе” уриалгыг саналаа өгч, идэвхитэй байгаасай гэсэн зорилгоор санаачилсан.

-Төсөлд нийт хэдэн залуус хамрагдсан бэ?

-Ерөнхийдөө зохион байгуулалтын багт маань арав гаруй залуу бий. "Дээлтэй  саналаа өгцгөөе" санаачилгыг дэмжиж саналаараа 50 гаруй залуу дээлтэй зурагаа авахуулсан. Нээлттэй санаачилсан учраас орон нутгаас хүмүүс санаачилгад нэгдсэн байсан.

-Цаашдаа энэ төслөө хэр удаан үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна вэ. Сонгуулийн дараа үргэлжлэх үү?

-Цаашдаа залуусын оролцоог дэмжсэн үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа. Энэ удаад Сонгуулийн хуульд заасан хугацаанд кампанит ажлаа дуусгана.

-Олон нийтийн сүлжээнд дээлтэй сонгуулиа өгөх санаачилга залуусын дунд их хандалт өндөртэй харагдсан. Энэ нь тодорхой хэмжээгээр улс төрийн идэвхийг нь нэмэгдүүлж байгаа болов уу. Та бүхний ажиглалтаар тодорхой өөрчлөлт гарсан болов уу?

-Одоо бол маш олон хүмүүс ярьж байна. Гэхдээ мэдээж үр дүнг нь сонгуулийн дараах залуусын оролцоо 2020 онд хэр их байсан бэ гэдэг тоон үзүүлэлтээс харах байх. Одоохондоо хандалтаас өөр зүйл харагдахгүй байгаа.

-Саяхан намууд танайхтай төстэй зургийг авч тавьснаар зарим хүмүүс танайхыг улс төрийн намын харъя гэж ойлгогдохоор зүйл боллоо.Энэ явдалд танай байгууллагын зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Бидний зүгээс дээлтэй зураг авахуулсныг буруутгахгүй байгаа. Хамгийн гол нь манай төсөл анхнаасаа улс төрийн ямар нэг нам эвсэл, бие даан нэр дэвшигчдээс ангид бие даасан байхад зарим намууд үүнийг улс төрийн зорилгоор ашиглаж олонд ташаа ойлголт төрүүлж байгаад маш их харамсаж байна. Бие даасан байдлыг маань гуйвуулж намын кампанит ажил байсан мэтээр ойлгуулсанд бага зэрэг бухимдсан. Түүнээс биш дээлтэй зураг авахууллаа, манай санааг хулгайллаа гэж бухимдсан зүйл байхгүй. Манай санаачилгад нэгдээд дээлтэй зургаа авахуулсанд харин ч баярлах байлаа. Үүнээс болоод манайд зургаа авхуулсан хүмүүст намын сурталчилгаанд оруулчихсан юм уу гэх мэт үл ойлголцол үүслээ. Өдөржингөө тийм сэтгэгдэлд эмзэглэлээ.

-Хэд хэдэн олны танил хүмүүс бас оролцсон харагдсан. Оюуны өмчийг дээдлэх хэрэгтэй гэж ярьдаг жүжигчид ч оролцсон байсан шүү дээ. Энэ тал дээр үзэл бодлоо хуваалцаач?

-“Дээлтэй саналаа өгье” санааг өмчлөхийг хүсэхгүй байна. Энэ өөрөө их нээлттэй төсөл. Олны танил хүмүүс дээлтэй зургаа авахуулсанд шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл байхгүй.

-“Улаанбаатар паспорт” байгууллага өмнө нь хэд хэдэн шинэлэг төслүүд хэрэгжүүлж байсан. Санаагаа алдах тохиолдол хэр их гардаг вэ. Алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Санаагаа алдах тохиолдол их гардаг. Энэ тал дээр хамгаалах хууль эрхзүйн орчин хангалтгүй ч гэлээ азаар манай хэрэглэгч, үзэгчид биднийг дэмждэг залуус маш ухаалаг аливаад шүүлтүүртэй хандаж чаддаг. Аль нь хуулбарласан, хэний санаа гэдгийг өөрсдөө дүгнэчихдэг болсон учраас бид араас нь хөөцөлдөж явсан тохиолдол байхгүй. Энэ удаагийн явдалд ч бас биднийг дэмжсэн хүмүүс их байгаад баяртай байна.

Эцэст нь гэж хэлэхэд ӨГЛӨӨ төслийн багийн хамт олон ямар нэгэн байдлаар аль ч улс төрийн нам, бие даагчийн харьяалалгүй бие даасан залуусын хөтөлбөр бөгөөд энэ жил залуучууддаа сонголтоо хариуцлагатай хийж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.