Засгийн газраас Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өчигдөр /2026.05.14/ өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2026.05.15/ хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тосны бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулах, Ховд аймгийн Ховд гол дээр эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар тусгасан. Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой дээрх томоохон төслүүд санхүүжилттэй холбоотой зогсонги байдалд орсон. Иймд, гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн учир хуулийн төслийг боловсруулсан талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
Сануулахад, өмнө нь УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан ч гурван гишүүний саналаар дэмжигдээгүй юм. Улмаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийн ажлыг шуурхайлах нэн шаардлагатай гэж үзэн, Засгийн газраас хуулийн төслийг дахин өргөн барихаар болсон байдаг. Тэгвэл хуулийн төслөөс Сэлбэ дэд төвийн төслийг хасаж, Эрдэнэбүрэнгийн УЦС болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг багтаан яаралтай горимоор өргөн бариад буй.