“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт энэ сарын 23-нд зохион байгуулагдах бөгөөд энэ жил 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.
Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Ингэснээр замын ачаалал, гүйгчдийн урсгалыг илүү зохион байгуулалттай байлгах, аюулгүй байдлыг хангах боломжтой гэж үзсэн байна.
- Бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас эхлэх бол 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт гараагаа авах юм.
- Харин 5 км-ийн эрүүл мэндийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас эхлэх бол 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт стартлана. Түүнчлэн тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэдийн 1.5 км-ийн төрөл 15:30 цагт эхлэхээр товложээ.
- Мөн Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны орчмоос, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын орчмоос тус тус гарах юм байна.
Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг гараанаас дор хаяж 30-60 минутын өмнө ирж, энгэрийн дугаар болон чипийн мэдээллээ урьдчилан шалгахыг зөвлөжээ. Жил ирэх тусам оролцогчдын хүрээ тэлж буй “Улаанбаатар марафон” нь эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын томоохон спортын арга хэмжээний нэг болоод байна.