АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёр хоногийн өмнө БНХАУ-д хийх айлчлалд мордохынхоо өмнө Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа "Ирантай холбоотой асуудалд Хятадын тусламж шаардлагагүй" гэж мэдэгдэж байсан.
Гэвч Ираны дэглэмийг өөрчлөх, цөмийн чадавхийг нь устгах, мөн Ормузын хоолойг дахин нээх зэрэг Вашингтоны зорилтууд одоогоор бүрэн хэрэгжээгүй байгаа нь АНУ-д Бээжингийн дэмжлэг хэрэгтэй хэвээр гэх хандлагыг улам тодруулжээ. Д.Трампын хэлснээр, Хятад улс Иранд зэвсэг нийлүүлэхгүй байх байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ши Жиньпин мөргөлдөөнийг намжаахын тулд боломжтой бүх дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
Хятад улс Ираны газрын тосны экспортын 80 орчим хувийг худалдан авдаг бөгөөд Тегераны олон жилийн стратегийн түншийн нэг хэвээр байгаа юм. Тиймээс Д.Трампын засаг захиргаа Бээжинг Ираны эрх баригчдыг хэлэлцээний ширээний ард суулгах чухал нөлөөлөгч хүчин гэж харж байгаа ажээ.
Ажиглагчдын үзэж буйгаар, дотооддоо төдийлөн дэмжлэг аваагүй Ираны асуудлаас гарах гарц Д.Трампад шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Хятадын оролцоог ашиглахыг эрмэлзэж байгаа гэжээ. Гэсэн хэдий ч Бээжин өмнөхөөсөө өөр шинэ амлалт өгсөн эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Д.Трампын мэдэгдлүүдээс харахад Хятадын байр суурь нь шинэ алхам санал болгосноос илүүтэй өмнөх бодлогоо дахин бататгасан шинжтэй байгаа аж. Мөн хэлэлцээрийн нарийн нөхцөл, тохиролцооны талаар Хятадын талаас албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Харин худалдааны асуудал дээр Д.Трамп илүү өөдрөг байр суурь илэрхийлжээ. Тэрээр энэ удаагийн айлчлал 2017 онд байгуулсан 36 худалдааны гэрээнээс ч илүү том хэлэлцээрүүдэд хүрч магадгүй гэж онцолсон байна. Мөн Хятад улс Америкийн газрын тос худалдан авахаар Техас руу хөлөг онгоц илгээх боломжтой талаар дурдсан нь хоёр улсын худалдааны хамтын ажиллагаа өргөжиж болзошгүй гэсэн дохио гэж ажиглагчид үзэж байна. Гэвч эдгээрийн хариуд Хятад яг юу хүсэж байгаа талаар асуухад Д.Трамп тодорхой хариулт өгөхөөс зайлсхийжээ. Тэрээр “хэлэлцэх асуудал дэндүү олон байна” хэмээн товчхон мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC