ЭХ НУТАГТАА БУЦАХ ХҮЛГҮҮД: Вьетнамын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэж буй монгол морьдын сурвалжлав

ЭХ НУТАГТАА БУЦАХ ХҮЛГҮҮД: Вьетнамын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэж буй монгол морьдын сурвалжлав

Алс хол халуун оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн монгол хүлгүүд удахгүй эх орондоо ирж, талынхаа салхинд эрх тааваараа давхина. Ийн өгүүлэхийн учир нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны хамтын ажиллагааны хүрээнд одоогоос зургаан жилийн өмнө буюу 2020 онд нэгдүгээр сард Монголоос 105 агтыг Вьетнамд үүрэг гүйцэтгүүлэхээр явуулж байсан бөгөөд тэдний заримыг нь тун удахгүй эх оронд нь авчирч, ижил сүрэгт нь нийлүүлэх гэж байна. Энэхүү түүхэн гэж хэлж болохуйц үйл явдлын талаарх "Эх орондоо буцах хүлгүүд" тусгай сурвалжилгыг isee.mn мэдээллийн сайт БНСВУ-аас бэлтгэлээ.

ВИДЕО: 

Бүгд найрамдах социалист Вьетнам улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэж буй монгол хүлгүүд хоёр орны найрсаг харилцаанд олон чухал үр дүн авчирч, монголчуудын төдийгүй вьетнамчуудын бахархал, омогшлыг төрүүлж байна. Монголоос Вьетнамд аваачсан монгол морьдыг түшиглэн тус улс Нийгмийн аюулгүй байдлын яамныхаа дэргэд Морьт цагдаагийн хороог үүсгэн байгуулж, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, хүндэт харуулын үүрэг гүйцэтгэж, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцуулах зэрэгт монгол морьдыг ашигладаг байгаа юм. 

-МОНГОЛ МОРЬДЫГ 2020 ОНД ХОЁР УДААГИЙН ШУУД НИСЛЭГЭЭР ВЬЕТНАМ УЛСАД ХҮРГЭЖ ӨГЧ БАЙЖЭЭ-

2019 оны долдугаар сард тухайн үеийн Вьетнамын коммунист намын улс төрийн товчооны гишүүн бөгөөд Нийгмийн аюулгүй байдлын сайд, тус улсын одоогийн Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад анх удаа айлчлах үеэрээ Морьт цагдаагийн хороог үүсгэн байгуулах саналаа тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт тавьж байжээ. Улмаар монгол адууг Вьетнамд авчирч, морьт цагдаагийн хороог үүсгэн байгуулж байсан түүхтэй аж.  

Вьетнам улсад үүрэг гүйцэтгүүлэх адууг ШШГЕГ-ын анги нэгжүүдээс цуглуулж, Улаанбаатар хотод тусгаарлан арчилгаа, маллагааг нь хийж, уналга эдэлгээнд сургаж, гаршуулж байгаад 2020 оны нэгдүгээр сард хоёр удаагийн шууд нислэгээр Вьетнам улсад хүргэж өгч байсан байна. Ингэхдээ тус газрын дөрвөн алба хаагч болон мал эмнэлгийн байгууллагын эмч гээд зургаан алба хаагч найман сарын хугацаанд Вьетнам улсад үүрэг гүйцэтгэн, тус улсын морьт цагдаагийн хорооны алба хаагчдад морьдын уналга эдэлгээнд хэрхэн ашиглах зэрэг заавар зөвлөгөөг өгч байжээ.

Тухайн үед монгол морьдыг Вьетнамд улсад хэрхэн аюулгүй тээвэрлэх үү гэдэг асуудалд албаныханд нэлээд анхаарал хандуулж, олон удаа санал солилцсоны эцэст адууг нойрсуулахгүйгээр, энгийн байдлаар нь тээвэрлэе гэсэн зоригтой шийдвэрийг гаргаж байсан байна. Энэ нь ч үр дүнд хүрч, Монгол адууг Вьетнам улсад эсэн мэнд, тоо толгой нь бүрэн бүтэн тээвэрлэж очсон байгаа юм.

Харин монгол морьд анх тус улсад очсон даруйдаа халуун оронд очсон гэдгээ мэдэрч, өвс тэжээлээ идэхгүй, усаа уухгүй зэрэг сэтгэл санааны хувьд нэлээд тогтворгүй байсан ч 7-10 хоногийн дараа тус улсад үүрэг гүйцэтгэхээр ирсэн гэдгээ мэдэрч байгаа мэт дасан зохицож байсан гэдгийг морьдыг анх Вьетнам улсад хүргэж өгч байсан ШШГЕГ-ын Сургалт, бэлтгэлийн төвийн жолооч, ахлах ахлагч Э.Сайнжаргал тодотгож байлаа. 

-"МОНГОЛ МОРЬД ВЬЕТНАМ УЛСАД НЭР ТӨРТЭЙГӨӨР ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА"-

Монгол морьд Вьетнам улсад очсон төдийлөн удаагүй байхдаа 2020 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Вьетнам улсын нийслэл Ханой хотын Бадины талбай дээр болсон Үндэсний ассамблейн чуулганы нээлтийн парадад жагсаж, анх удаа Вьетнамчуудын өмнө ил гарч байсан түүхтэй. Тэр үед ард иргэд нь монгол морьдыг харж, ихээр сонирхон, бахархан хүлээж авч байсан гэдэг. 

Монгол адууны ухаан, тэсвэр тэвчээр өдгөө Вьетнамчуудад гайхагдаж, тэдний омогшил, бахархал болж байна. Энэ талаар БНСВУ-ын Морьт цагдаагийн хорооны дарга, дэд хурандаа Нгуен Нгок Хынг "Монгол морьд маш ухаантай, маш хурдан ойлгодог учир морьдыг унаж, эдэлж байгаа алба хаагчтай маш хурдан зохицож ажиллаж чаддаг нь үнэхээр гайхалтай. Тийм болохоор монгол адуу Вьетнам улсын морьт цагдаагийн хороонд ирээд үүргээ нэр төртэй, төгс гүйцэтгэж байгаа" гэдгийг тодотгож байсан юм. 

Харин Монгол морьдын онцлогийн талаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Доан Тхи Хыөнг "Монгол адуу онцлог нь маш эр зориг нь маш эр зоригтой, тэсвэр тэвчээртэй, бас маш үнэнч гэдгээрээ онцлог. Жишээлбэл, анх авчраад сургаж байх явцад олон албан хаагчид мориноосоо унасан байдаг. Гэтэл морьд эзнээ унагаасан юм шиг, унагаасандаа гэмшиж байгаа юм шиг толгойгоо гудайлгаж эзэн дээр ирэх үйлдлүүд гаргадаг байсан. Өөрөө гэмшиж байгаа мэт үйлдлүүдийг харсан тэр цагаас эхлэн албан хаагч болон морьдын хооронд ямар нэгэн орон зай байхгүй болж, ямар нэгэн нандин хэлхээ холбоогоор холбогдож өөрсдийн маш итгэлтэй сайн андууд болж хувирсан" гэдгийг тодотгож байв.

Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамныхан үүрэг гүйцэтгэж байгаа монгол морьдод маш сайн анхаарал хандуулж ажилладаг байна. Тэнд нэг алба хаагч, нэг морьтой ажилладаг бөгөөд тэд хамгийн сайн чанарын өвс тэжээлээр морьдыг тэжээж, усанд оруулах зэргээр арчилгаа тордолгоог хийдэг байгаа юм. Энэ талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Ж.Сэрээжав "Морьт хорооны удирдлагууд бидэнд "Танай монгол морьд Вьетнам хүнээс илүү тансаг хоол иддэг гэдгийг хэлдэг. Харин яагаад гэдгийг лавлахад "Танай монгол морины иддэг овьёосыг ОХУ-аас, хэрэгцээт витамин, эрдэс бодисыг АНУ-аас, эмээл, тоноглолыг нь Англиас авчирдаг гээд монгол морьдыг маш сайн нөхцөлд байлгах бүх талын анхаарал халамжийг тавьж байгаа" гэдгийг хэлдэг. Мөн нөгөөтээгүүр хоёр орны найрсаг харилцааны хүрээнд үүрэг гүйцэтгэж байгаа монгол морьдод тусгайлан анхаарал тавьж байгаарай хэмээн БНСВУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга То лам бидэнд захиж хэлсэн" гэдгийг онцолсон.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ "ВЬЕТНАМД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА МОНГОЛ МОРЬДЫГ ЭХ ОРОНД НЬ БУЦААН АВЧ ИР" ГЭДЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд Вьетнам улсад төрийн айлчлал хийх үеэрээ монгол морьдын үзүүлэн тоглолтыг үзэж сонирхсон байна. Уг тоглолтын дараа Ерөнхийлөгч уг морьд руу очоод харьцаж эхлэхэд монгол морьд монгол хүнээ таньж байгаа мэт үүрсэж, янцгаах зэрэг үйлдэл гаргаж байсан байна. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Үүрэг гүйцэтгэсэн монгол цэрэг, монгол адуу хоёр адилхан юм байна. Монгол цэрэг энхийг сахиулах үүрэг гүйцэтгээд нутагтаа буцдаг бол Вьетнамд үүрэг гүйцэтгэж байгаа монгол адуу нутагтаа буцах ёстой юм байна" хэмээгээд  Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Ж.Сэрээжавт үүрэг өгчээ. 

Харин уг санаачилгыг Вьетнамын тал хүлээж аваагүй байна. Учир тэд монгол морьд Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны төрийн хамгаалалтад орсон. Мөн монгол морьдыг сургах гэж Вьетнам улс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн учир та нарт буцаагаад өгөхөд харамсалтай байна" хэмээж байжээ. Гэсэн ч хоёр орны найрамдалт харилцаа, найрсаг ард түмний итгэлцэл, иж бүрэн түншлэлийн харилцаа зэргээ бодоод 20 тооны адууг буцаахыг зөвшөөрсөн байна. Тиймээс ч монгол морьдыг энэ тавдугаар сард багтаан эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байгаа аж. Харин зардал мөнгөний асуудлыг Монголтой хамтран ажиллах хүсэл сонирхолтой Вьетнамын томоохон аж ахуйн нэгж, группээс тодорхой хэмжээний зардлыг гаргуулах, мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг сахиулах зэрэг ажлыг тус улсад суугаа Элчин сайдын яам цогцоор нь хийж байгаа юм байна. 

Харин манай улсын талд Вьетнам улсад төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгээд ирж байгаа монгол морьдоо баяр ёслолын хэмжээнд хүлээн авч, ирэх долдугаар сард болох Дэлхийн адууны өдрийн жагсаалд оролцуулахаар бэлтгэл ажлыг мөн хангаж байгаа аж. 

-МОНГОЛ ХҮЛГҮҮД МОНГОЛ ХҮНЭЭ ТАНЬЖ, ҮНЭРЛЭН ҮҮРСЭХ НЬ ЮУТАЙ БАХАРХАМ-

Вьетнам улсад үүрэг гүйцэтгэж буй монгол морьд монгол хүнээ таньж, үүрсэн янцгааж "эрхэлдэг" гэдгийг олонтой сонсож байв. "Эх орондоо буцах хүлгүүд" тусгай сурвалжилгаа бэлтгэхээр Вьетнамын цагдаагийн морьт хороонд очиход өмнө нь хэдэнтэй сонсож байсан дээрх яриаг биеэр мэдэрч, өрөвдөн өмөлзөх, бахархан бардамнах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун. Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яам Морьт цагдаагийн хороогоо өргөтгөн, шинээр барьж байхтай бид таарсан ч тус яамны зөвшөөрлөөр үүрэг гүйцэтгэж буй монгол морьдтойгоо нүүр тулан "уулзах" завшаан тохиосон юм. Биднийг тус морьт цагдаагийн хороонд очих өдрийн өглөө үүрээр монголоос 2020 онд ирсэн нэгэн гүү унагалсан баярт мэдээ биднийг угтсан нь ихэд бэлгэшээлтэй санагдаж байв. 

Монгол руу буцаах 20 тооны адууг тусгаарлан хашаалсан байх бөгөөд манай сурвалжлах багийнхан тэнд очиход монгол морьд өмнө нь сонсож байсанчлан биднийг "тосон" ирж, үнэрлэн үүрсэж, зарим нь монгол хүний дуу сонсогдов уу гэлтэй чихээ солбин соотойж, илбэх төдийд эрхлэн байгаа нь илтэд мэдрэгдэж байлаа. Монгол морьд үнэхээр ухаантай, бахархам хүлэг гэдгийг тэр үед туйлын ихээр мэдэрч, тэр л хүлгүүдээр бахархах, омогших сэтгэл төрж байсныг дахин өгүүлье.  

Монгол морьд тус улсад үүрэг гүйцэтгэж эхэлсэн цагаас хойш хоёр орны хооронд дипломат албан энгийн паспорт эзэмшдэг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр хэрэгжиж, хоёр орны ард иргэд визгүй харилцан зорчдог болсон байна. Мөн олон жил яригдсан Монгол Улсаас Вьетнам улсад экспортлох хонь, ямааны мал эмнэлгийн хорио цээрийн гэрчилгээг харилцан тохирч, Вьетнамын зах зээлд монгол малын мах экспортод гардаг болсон зэрэг хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд монгол морьд чухал үүрэг гүйцэтгэж байна гэдгийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Доан Тхи Хыөнг онцолж байлаа. 

-МОНГОЛ МОРЬД ХҮНИЙ ХЭЛ МЭДДЭГ БАЙСАН БОЛ ТЭНД ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭСЭНД ЧИНЬ БАЯРЛАЛАА ГЭЖ ШИВНЭХ БАЙСАН-

Зургаан жилийн хугацаанд монгол морьдтой үргэлж хамт байж, хамтдаа дасгал сургуулилт хийж, хамтдаа үүрэг гүйцэтгэж, чин үнэнч анд нөхдүүд болцгоосон учир алба хаагчид Монгол морьдыг эх оронд нь буцаах шийдвэрийг төдийлөн таатай хүлээж аваагүй гэдэг. Гэсэн ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа чухал арга хэмжээ учир хүндэтгэлтэйгээр хандаж, эх оронд нь буцаах гэж байгаа адууг сайн асран хамгаалж, эх оронд нь буцаахад нь илүү сайн тэнхрүүлэхэд нь анхаарал хандуулж маллаж байгаа гэдгийг тэд хэлж байлаа. 

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Доан Тхи Хыөнг "Адуунууд хүний хэл мэддэг байсан бол би тэдэнд хандаж, “Вьетнам улсад ирсэн чинь маш баярлалаа. Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны албан хаагчидтай үүргээ амжилттай гүйцэтгэсэнд чинь маш баярлалаа. Мөн чамаар уламжлаад Монголын ард түмэнд, тэр дундаа монгол малчдад, малын тал хээр нутагт чин сэтгэлийн талархал болон мэндчилгээг уламжилж өгөөрэй” гэж шивнэх байсан.

Мөн монгол найз нөхдөдөө, монголын ард түмэнд, Монгол Улсад хайртай шүү гэдгээ би энэхүү нэвтрүүлгээр уламжлан хэлэхийг хүсэж байна. Вьетнам оронд 2020 онд ирсэн 105 толгой монгол адуу өдгөө 180 орчим болтлоо өсөж үржсэн байна. Эдгээр адууны үр удам 350-400 кг амьдын жинтэй том адуу болж, морьт цагдаагийн хороонд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа гэдгийг монголын найз нөхдөдөө хэлэхийг хүсэж байна. Монгол адуу хоёр орны харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол адуу Вьетнам улсад маш сайн байгаа шүү, та бүхэн сэтгэл амар байгаарай гэж Монгол Улсын иргэд, монголын малчдад хандан хэлэхийг хүсэж байна" гэснээр бидний нэвтрүүлэг жаргалаа.