ФОТО: Нисэх онгоц осолдож, зорчигчид таван цаг далайд хөвсний эцэст аврагджээ

ФОТО: Нисэх онгоц осолдож, зорчигчид таван цаг далайд хөвсний эцэст аврагджээ

Флорида мужийн эргийн ойролцоо өчигдөр /2026.05.14/ осолдсон жижиг онгоцны 11 зорчигчид таван цагийн турш Атлантын далайд аврах завин дээр хөвсний эцэст АНУ-ын цэргийн эрэн хайх, аврах багт олджээ.

Тэд ослын дараа холбоо барих ямар ч боломжгүй, хэн нэгэн ирж аврах эсэхээ ч мэдэхгүй байдалтай байсан бөгөөд аадар бороо ойртож эхлэхэд брезентэн доор шахцалдан хоргодсон байна. Аврах ажиллагаанд оролцсон АНУ-ын Агаарын цэргийн ахмад Рори Уиппл “Тэднийг хараад л бие болон сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд орсныг ойлгосон. Хэн нэгэн өөрсдийг нь олох эсэхийг ч мэдэхгүй олон цаг өнгөрүүлсэн нь асар их сэтгэл санааны дарамт байсан” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.

Албаныхны мэдээлснээр, Beechcraft 300 King Air загварын турбо хөдөлгүүртэй онгоц Багамын Их Абако арлын Марш Харбороос Гранд Багамын Фрипорт хот руу нисэж явах үед хөдөлгүүрийн гэмтэл гарсан байна.

Нисгэгч онгоцыг Флоридагийн Веро арлаас ойролцоогоор 80 километрийн зайд далайд ослын буулт хийж чадсан бөгөөд 10 зорчигчийн хамт шар өнгийн аврах завинд шилжин суусан байна. Аврах ажиллагаанд оролцсон Агаарын цэргийн нөөцийн хошууч Элизабет Пиовати "нисгэгчийг онцгой ур чадвартай ажилласныг онцолжээ."

“Тэр далайн давалгааг тооцоолж, мөргөлтийн хүчийг аль болох багасгахын тулд онгоцоо маш болгоомжтой удирдсан. Далайд ослын буулт хийгээд бүгд амьд үлдсэн ийм тохиолдлыг би өмнө нь сонсож байгаагүй” хэмээн ярьсан байна.

Онгоцны ослын автомат дохио АНУ-ын Эргийн хамгаалалтын албанд хүрсэн бөгөөд тухайн үед сургалтын нислэг үйлдэж байсан АНУ-ын Агаарын цэргийн хүчин аврах жигүүрийн багийг шуурхай эрлийн ажиллагаанд дайчилжээ. Аврагчид осолдсон хүмүүсийг олсны дараа нэмэлт аврах завь, хоол хүнс, ус зэргийг агаараас буулгасан байна. Үүний дараа HH-60W Jolly Green II нисдэг тэрэгний багийнхан 1-1.5 метр өндөр давалгаатай ширүүн тэнгисээс зорчигчдыг нэг нэгээр нь өргөж аварчээ.

Албаныхны мэдээлснээр, хамгийн сүүлчийн хүнийг аврах үед нисдэг тэрэг бараг түлшгүй болох шахсан байв. Аврагдсан 11 хүнийг бүгдийг нь Melbourne Orlando International Airport руу хүргэж, эмнэлгийн үзлэгт хамруулсан бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж. Харин осолдсон онгоцны үлдэгдлийг одоогоор олоогүй байна. Уг хэргийг АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа мөрдөн шалгах болно гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: AP News