Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчид үе тэнгийн хүүхдээ дээрэлхэж буй бичлэг цахим орчинд тарж, олон нийтийн анхаарлыг татаад амжлаа.
Бичлэгт сурагчид нэгнээ зодож, доромжлон, бүдүүлэг үг хэллэг хэрэглэж байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг нэлээдгүй дагуулж байна.Гэвч энэ үзэгдлийг зөвхөн хүүхдүүдийн хүмүүжил, гэр бүл, сургуулийн орчинтой холбож тайлбарлах нь хангалтгүй биз.Өсвөр насныхны сонсдог дуу хөгжим, шүтдэг артистууд, цахим орчны контент ч тэдний хэл яриа, хандлагад нөлөөлдөг нь нууц биш. Ялангуяа сүүлийн үед гарч буй зарим уран бүтээлд хараалын үг, ёс бус утга, соёлын уламжлалт дууг гажуудуулсан хэллэг орж ирэх болсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Монголчууд эртнээс хүүхдийн хүмүүжилд дуу, шүлэг, ерөөл, үлгэр ашиглаж ирсэн ард түмэн. Хүүхдийг зэмлэхээс илүү аргадан ойлгуулах, эелдэг үгээр хүмүүжүүлэх соёл түгээмэл байв. Үүний нэг жишээ бол Маамуу нааш ир дуу. Энэ дууг үе үеийн монгол хүүхэд сонсож өссөн. Хүүхдийг айлгах бус, эелдгээр дуудаж, гэр бүл, халамж, энэрлийг мэдрүүлэх агуулгатай. Энгийн мэт боловч энэ дууны үгс хүүхдэд зөөлөн харилцаа, эелдэг хэл яриа суулгаж өгдөг. Харин артист Kidbars-ын хийсэн “Маамуу нааш ир” нэртэй дуу цахим орчинд ихээхэн хандалт авсан. Зарим нь үүнийг зүгээр л хошигнол, уран бүтээлийн шинэ хэлбэр гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь хүүхдийн хүмүүжлийн агуулгатай дууг утгыг нь өөрчилсөн, хэт насанд хүрэгчдийн шинжтэй байна хэмээн шүүмжилээд байгаа юм. Монгол ардын дуунд ч мөн адил хамтын соёл, хүндлэл, эв нэгдлийг илэрхийлсэн хэллэг давамгайлдаг.
Жишээлбэл Ёохор дуу бол хүмүүс тойрон бүжиглэж, хамтдаа дуулан баясахыг уриалж буй хэлбэр. Дууны утга нь хамт олны баяр, нөхөрлөл, хөгжилтэй уур амьсгалыг илэрхийлдэг. Гэтэл артист 113 “Зууны зугаа” дуундаа Ёохор дууны ая хэмнэлийг оруулж тэгэхдээ ёс бус утга агуулгыг илэрхийлсэн байдаг.Тэр ч бүү хэл томоохон тоглолт эвентүүд дээр ч дуулаад амжсан. Харин дараагаар нь Буриад зоны өв уламжлалыг гутаан доромжилсон хэмээн нэлээдгүй шүүмжлэл хүртсэн байдаг. Мэдээж урлагийн эрх чөлөө, уран бүтээлчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай гэж бий. Мөн реп урсгалын зарим дуунууд нийгмийн нөхцөл байдлыг шүүмжилж, ёжлон илэрхийлдэг сайлшаалтай тал байдгийг ч нуух аргагүй. Гэсэн ч нийгэмд нөлөөлж чадах хэн нэгэн гэдэг утгаараа бусдад үзүүлэх үлгэр дуурайлал, нийгэмд сурталчилах үг хэллэгээ бодож сонгох нь зүйтэй.
Сэтгэл зүйчдийн хэлдгээр өсвөр нас бол өөрийн дүр төрхийг хайж, үлгэр дуурайл эрэлхийлдэг үе гэж үзэг.
Тэд ихэвчлэн
- дуучин
- жүжигчин
- сошиал инфлюэнсер зэрэг олны танил хүмүүсээс үлгэр дуурайлал авдаг.
Хэрэв тухайн уран бүтээлчийн контентод бүдүүлэг үг, доромжлол, хараал давамгай байвал өсвөр насныхан түүнийг зоригтой, “cool” зан гэж ойлгох магадлал бий. Түүнчлэн цахим сүлжээний алгоритм өсвөр насныханд хамгийн их хандалттай контентыг шууд хүргэж байна. Ийм нөхцөлд нэг уран бүтээл хэдхэн хоногийн дотор маш ихээр хандалт авч олон мянган хүүхдийн хэл яриа, үзэл бодолд нөлөөлөх боломжтой. Тиймээс урлагийн эрх чөлөөтэй зэрэгцээд нийгмийн нөлөөллийн хариуцлага яригдах нь зайлшгүй биз ээ.